Швейцарийн прокурор С.Баярцогтын 10 сая долларын авлигын хэргийг илчиллээ

Сангийн сайд асан С.Баярцогтыг авлига, хээл хахууль авсан, олон улсын төвшинд мөнгө угаасан гэх хэргээр Швейцарь улсын прокуророос шалгаж буйгаа мэдэгдлээ. Тодруулбал,Швейцарийн хэд хэдэн банкинд байрлаж буй  1.85 сая ам.долларын хадгаламж бүхий дансуудыг нь царцаажээ. Швейцарийн прокуророос тус данснууд Монгол Улсын Сангийн сайд асан С.Баярцогттой холбоотой хэмээн шалгаж байгаа бөгөөд царцаасан дансны мэдээлэл дунд "Рио Тинто" компаниас 2008 онд С.Баярцогтод 10 сая ам.доллар шилжүүлж байсан нь ил болжээ.

Швейцарийн талаас түүнийг Сангийн сайд байх үед буюу 2009 онд  Оюутолгой зэс, алтны уурхайн хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсын Засгийн газар "Рио Тинто" компанитай байгуулсан. Энэ үеэр С.Баярцогт гэрээнд хувийн ашиг сонирхлын  дагуу хөндлөнгөөс нөлөөлж, Монгол Улсад ашиггүй гэрээ байгуулсан байж болзошгүй гэдгийг дурдсан байна. 

Швейцарийн ерөнхий прокурорын газраас С.Баярцогттой холбогдох хэргийг 2016 оноос шалгаж эхэлсэн бөгөөд дансанд мөнгө шилжсэн үе буюу 2008 оны есдүгээр сар нь түүний Сангийн сайдаар томилогдсон үетэй давхцаж байгааг онцлон тэмдэглэжээ.

Швейцарийн ерөнхий прокурорын газраас гаргасан мэдэгдэлд, “Гадаад орны засгийн газрын сайдын албан тушаалд дөнгөж томилогдсон хүн ийм их хэмжээний мөнгө хүлээн авсан нь маш их сэжигтэй байна. Сангийн сайд байхдаа Баярцогтын гарын үсэг зурсан гэрээ Монголын талд хохиролтой байх шинж тэмдгүүд ажиглагдаж байна” хэмээн онцолжээ.

Х.Онон
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.