Т.Аюурсайхан: Хар тамхи зөөсөн дипломат ажилтнуудын асуудал нэг, хоёр удаагийнх биш


 

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор хар тамхитай холбоотой асуудлыг  хаалттай хэлэлцсэнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан хаалттай мэдээллийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Дипломат төлөөлөгчийн газрын албан хаагчид хэрэг зөрчилд оролцох асуудал байсаар ирсэн. Олон нийтийн дунд болон бидэнд ирдэг мэдээллээр тамхины наймаанд оролцох асуудал байдаг. Нэг эргэлтээрээ 20-30 мянган еврогийн хэмжээтэй тамхи зөөдөг байсан бол одоо хар тамхи зөөдөг наймаанд оролцдог болжээ. Нэг удаагийн эргэлт нь гурван сая еврогийн хэмжээтэй байх жишээний. 

Тиймээс төрөөс шийдэмгий арга хэмжээ авах шаардлагатай байна. Энэ бол Монголын нэр хүндийн асуудал болоод байна. Асуудал эгзэгтэй, ноцтой нөхцөл байдалтай байна. ЗЭнэ бол нэг, хоёр удаагийнх биш байна.

Хуулийн байгууллагуудын хийж хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд нууцлалтай байдаг учраас мэдээллийг хаалттай хийсэн. Мөн зарим хүмүүстэй холбоотой мэдээллүүд нууцын журмаар ирсэн учраас хуулийн дагуу хаалттай хийсэн. 

Бид хуралдаанаар томилгооны асуудлыг нухацтай ярилцлаа. Томилгоо оновчгүй учраас тэдгээр хүмүүс асуудалд ороод байна. Үүнд хэн хяналт тавьж, хэн хариуцах вэ, яаж таслан зогсоох вэ гэдгийг ярилцлаа. Ингээд зөвхөн ярилцаад зогсохгүй байнгын хорооноос тогтоол батлах нь зүйтэй гэж үзсэн. 

Мөн ГХЯ болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хамтраад дипломат төлөөлөгчийн газруудад хар тамхитай холбоотой хяналт, шалгалт хийх асуудлыг тусгасан. Ийм агуулгатай тогтоолын төслийг гишүүд дэмжсэн" гэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна