Төмөр зам доогуур гурван нүхэн гарц барихаар төлөвлөжээ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан эхэллээ. Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явц, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг батлах тухай асуудлыг хуралдааны эхэнд хэлэлцэв. Танилцуулга, мэдээллийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан хийлээ.

Нийслэлийн удирдлага 2016-2020 онд “Аз жаргалтай хот” зорилт дэвшүүлэн, хөтөлбөр боловсруулан ажиллаж буй. Энэ хүрээндээ Засгийн газрын үйл ажиллагаатай холбогдуулан 2019 оныг  “Иргэдийн оролцоотой хөгжлийн жил” зарласан юм. Улмаар төрийн үйлчилгээний чанарыг сайжруулж, төрийн байгууллага, албан хаагчийн чадавх, сахилга бат, хариуцлагыг дээшлүүлж, Улаанбаатар хотод өрнүүлж буй бүтээн байгуулалт, нийгмийн салбарын хөгжил дэх иргэдийн оролцоог нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард нийслэлийн ИТХ-аас эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг дээрх зорилттой уялдуулан 453 ажил, арга хэмжээ тусгасан байдаг.

Энэ оны III улирлын байдлаар хэрэгжилтийн явц 80.2 хувьтай байна. Тодруулбал, 38 арга хэмжээ 40, 187 арга хэмжээ 70, 186 арга хэмжээ 100 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм.  

Тэгвэл нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд таван бүлэг, 26 зорилтын хүрээнд 477 арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгажээ. Тодруулбал,

  • “Эдийн засгийн өсөлт өрх бүрд” бүлгийн зургаан зорилтын хүрээнд 61,
  • “Хот байгуулалт, дэд бүтэц” бүлгийн таван зорилтын хүрээнд 114,
  • “Байгаль орчин, ногоон хөгжил” бүлгийн гурван зорилтын хүрээнд 71,
  • “Нийгмийн хөгжил” бүлгийн найман зорилтын хүрээнд 157,
  • “Засаглал” бүлгийн дөрвөн зорилтын хүрээнд 74 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан үндсэн чиглэлийн төслийг өргөн барихдаа таван зүйлд онцгойлон анхаарсан талаар хэлэв. Тодруулбал, олон нийтийн аюулгүй байдлдыг хангах, ингэхдээ гудамж, зам талбайн гэрэлтүүлэг, камержуулалтыг сайжруулж, нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, шинэ технологи нэвтрүүлэх, мөн эрүүл мэнд, боловсролын байгууллагын үйл ажиллагаа, орчны тохижилтыг сайжруулахаар төлөвлөжээ.

Эдгээр ажлуудыг хийхдээ төсвийн ачааллыг бууруулж, төр-хувийн хэвшлийн түншлэлийг шинэ түвшинд гаргаж, Улаанбаатарын эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна. Үүний зэрэгцээ хотын эрх зүйн чадамжийг сайжруулах чиглэлд анхаарч, 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах, эдийн засгийн чадавхийг сайжруулахдаа нийслэлийн өмчийн үр ашгийг дээшлүүлж, газар зохион байгуулалтыг сайжруулахаар төлөвлөсөн талаар мөн танилцуулав.

Зарим ажлаас сийрүүлбэл, Улаанбаатар хотын оршин суугчдын хурдацтай өсөлт, түүнээс улбаатай агаар орчны бохирдол, сургууль, цэцэрлэгийн хүртээмжгүй байдал, авто замын ачаалал зэрэг Улаанбаатар хотод тулгамдаад байгаа бүхий л асуудлыг шийдэж, дэд бүтцийн хангамжийг сайжруулан, нийтийн тээвэрт тусгай замын автобус нэвтрүүлэх зэрэг арга хэмжээ зохион байгуулах юм. Тухайлбал, гэр хорооллын бүсийг дахин төлөвлөн барилга төслүүдийн дэд бүтэц, инженерийн шугам сүлжээний ажлуудыг үргэлжлүүлэн 2020 онд 3663 айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Мөн цахилгааны “Их тойруу 110” сүлжээг ашиглалтад оруулж, Нисэх, Яармаг орчмыг дахин төлөвлөж, барилгажуулах нөхцөлийг бүрдүүлэх аж. Авто замын дэд бүтцийг сайжруулах хүрээнд энэ онд барилгын ажлыг нь эхлүүлсэн зам гүүрийн бүтээн байгуулалтыг дуусгаж, төмөр зам доогуур гурван нүхэн гарц барихаар төлөвлөжээ.

Нийтийн тээврийн салбарын стратегийн үндсэн баримт бичгийг боловсруулж, байгальд ээлтэй технологид шилжүүлэх ажлыг үе шаттай хийхээр үндсэн чиглэлд тусгасан аж. Нийгмийн хөгжлийн чиглэлээр 2020 онд нийтдээ 48 сургууль, 37 цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлж, жишиг ариун цэврийн байгууламж барьж, сурагчдыг тээвэрлэх автобусны тоог олшруулахаар төсөлд тусгасан байна. Эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээг сайжруулах хүрээнд ӨЭМТ-үүдэд 50 автомашин олгохоор тусгаж, нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэхээр өргөн барилаа. Дээрх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд нэг их наяд, 443.8 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэсэн тооцоолол гаргасан талаар холбогдох албанаас мэдээлэв.

Танилцуулга, мэдээлэлтэй холбогдуулан Тэргүүлэгчид зарим ажил, арга хэмжээний талаар тодруулга мэдээлэл авлаа. Тоймлон хүргэе.

Тэргүүлэгч Л.Нарантуяа: -Дүүргүүдэд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн зураг төсөл бэлэн бий. Үүнийг Үндсэн чиглэлд тусгах боломжтой юу. Хөрсний усны нэвчилтийг хэрхэн шийдвэрлэхээр ажиллаж байна вэ. Төмөр замын хязгаарлалтын бүсэд орон сууц барих нь сүүлийн жилүүдэд ихэслээ. Ямар төлөвлөлтөөр барилга барих зөвшөөрөл өгдөг юм бэ. Тухайн хэсгүүдэд одоо үүсээд байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

Нийслэлийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр: -Баянгол, Хан-Уулаас бусад дүүрэгт жижиг, дунд үйлвэрлэлийг дэмжих төв ажиллаж байгаа. Зураг төсөл нь бэлэн тул ирэх жилд тус дүүргүүдийн төвийн барилгын ажлыг эхлүүлнэ.

Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Б.Ууганбаяр: Хөрсний усны нэвчилттэй байршлуудад барилга барих зөвшөөрөл өгөхгүй байгаа.

Тэргүүлэгч Б.Мөнхбат: -Төсөлд тусгасан зорилтыг хэрэгжүүлснээр 2020 онд Улаанбаатар хэдэн иргэн ажлын байртай болж, гэр хорооллын хэдэн өрх орон сууцанд орж, хэдэн хүүхэд цэцэрлэгтэй болох юм бэ. Ерөнхий бус, нарийвчилсан тооцоолол хийсэн үү?

Нийслэлийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр: -Гэр хороололд амьдарч байгаа 201 000 өрхийг тав тухтай орчинд амьдруулахаар зорилт тавьсан. Сургуулийн суудлын тоог 24 000-гаар нэмэгдүүлж, цэцэрлэгийн орыг 7200-гаар нэмэгдүүлж, 15 000 иргэнийг ажилд зуучилна.

Тэргүүлэгч Б.Бямбадорж: -Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлээр хэдэн асуулт байна. Сургуулийн автобусны тоог нэмэх, гэр хороолол авто зам тавих ажил хэр хэрэгжсэн бэ. Баянхошуу дэд төв орчмын хөрсний усыг доошлуулах ажилд 200 сая төгрөг төсөвлөсөн. Тус ажлыг хэрэгжүүлсэн үү. 2020 оны үндсэн чиглэлд “Амгалан” ДЦС-ын хүчин чадлыг нэмэгдүүлнэ гэсэн байна. Гэр хорооллын гэрэлтүүлгийг Австрийн Засгийн газрын санхүүжилтээр сайжруулна, усан халаагуур нэвтрүүлнэ зэргээр жил бүр үндсэн чиглэлд байгальд ээлтэй технологи нэвтрүүлнэ гэдэг. Гэвч хэрэгждэггүй. Өнөө жил дахиад төсөлд тусгасан байна. Үүнийг тодруулж өгнө үү?

Нийслэлийн Боловсролын газар Ж.Гантулга: -Жил бүр хөрөнгө төсөвлөж, алслагдсан хороодын сургуулиудад гурван автобус авч өгдөг. Өнөө жил тендерт шалгарсан компаниас автобус нийлүүлэх хугацааг арванхоёрдугаар сар хойшлуулах хүсэлт өгсөн.

Нийслэлийн Засаг даргын Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх: -Үндсэн чиглэлд суусан  хоёр, гурван төсөл зураг төсөлгүй зэрэг шалтгаанаар хэрэгжээгүй асуудал бий. Тиймээс үндсэн чиглэлд тусгах ажлаа судалж байх нь зүйтэй гэдэгтэй санал нэг байна.

Нийслэлийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр: -Гадаад эх үүсвэр нь орж ирээгүй шалтгаанаар хэрэгжээгүй. Энэ жил санхүүжилт нь шийдэгдэнэ гээд үндсэн чиглэлийн төсөлд тусгасан.

Тэргүүлэгч Т.Цэрэнноров: -Нийслэлийн хүн амын гуравны нэг нь Баянзүрх дүүрэгт оршин суудаг. Бид дүүрэг хуваах ажлыг сүүлийн хоёр жил ярьсан. Гэтэл энэ ажил үндсэн чиглэлд суугаагүй байна. Ямар шалтгаантай вэ. Хөрсний усны асуудлыг мөн л хоёр жил ярьсан. Хөрөнгө ч төсөвлөсөн. Гэтэл одоог хүртэл хэрэгжээгүй байна. Яагаад хэрэгжихгүй байна вэ?

Нийслэлийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд: -2019 оны эдийн засаг, нийгмийн зорилтод Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийг хуваах тухай тусгасан. Холбогдох хуулиудаар үүнийг хуульчилсан байдаг. Гэвч хоёр дүүргийн ИТХ-ынхан эсрэг байр суурьтай байсан учраас шийдэж чадаагүй.

Нийслэлийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр: -2019 онд 1.5 зургаан дүүргийн хөрсний ус дээшилдэг байршлуудад арга хэмжээ авахаар зураг төсөл боловсруулсан. Гэвч тухайн ажилд оролцох хүсэлтэй байгууллага байхгүйг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас мэдэгдсэн. Үерийн далангийн зураг төсөл байдаггүй учир мастер төлөвлөгөө гаргах шаардлагатай. Энэ чиглэлээр ЖАЙКА олон улсын байгууллагад санал явуулсан.

Тэргүүлэгч Ё.Цацралтуяа: -Гурван ээлжээр хичээллэдэг сургуулиудыг хоёр ээлжинд шилжүүлнэ гэж 2019 онд төлөвлөж байсан. Гэтэл сургуулийн хүүхдүүдийг зөөж, хоёр ээлжинд шилжүүллээ гэдэг. Үүнд хэдий хэмжээний зардал орсон бэ. Хоёр ээлжинд шилжүүлээд буцаагаад гурван ээлжинд шилжүүлсэн сургууль хэд байна вэ?

Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга: -Өнөө жил 10 орчим сургууль гурван ээлжээр хичээллэх урьдчилсан тооцоолол гарсан. Тиймээс ойрхон байр түрээсэлж, 1.7 орчим тэрбумын төгрөгийн түрээсийн зардлыг шийдэж найман сургуулийг гурван ээлжээс гаргасан. Өнөөдрийн байдлаар хоёр сургууль гурван ээлжээр хичээллэж байна. “Буянт-Ухаа цогцолбор” болон 133 дугаар сургуулийн асуудлыг энэ сард багтаан шийднэ.

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид холбогдох албанаас тодруулга авч, хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан саналаа хэлэв. Онор нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийж буй ажлыг түргэвчлүүлэхэд анхаарч, хөрөнгө оруулалтын ажлыг эрт эхлүүлэх талаарх саналыг Тэргүүлэгчид хэлж байв. Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан “Хэлэлцэж буй асуудлыг бид цаашид олон удаагийн хурлаар хэлэлцэнэ. Албан хаагчид тодруулга мэдээлэлд оновчтой хариулж, мэдээлэл өгөх хэрэгтэй.

Нийслэлийн иргэдийн хязгааргүй хэрэгцээг хязгаарлагдмал төсвөөр хангахаар бид зорилт тавин ажиллаж байгаа. 2020 оны үндсэн чиглэлд тусгасан  ажлыг санхүүжүүлэх эх үүсвэр хаана байгаа юм бэ. Тиймээс хийх ажлууд тодорхой байх ёстой. Зорилгоо зөв тодорхойлсон байх шаардлагатай” гэсэн юм.

Ингээд нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэхийг дэмжлээ.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Сэтгэгдэл (1)
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2019.10.15 150.129.142.121
а

жижиг нүхээр амьтад гарч чаддаггүй зөн совинтой хүн шиг сэтгэж чаддаггүй