Төрсөн охиноо хүчиндсэн этгээдэд бүх насаар нь хорих ял оноожээ

10 цаг 29 минутын өмнө

Хуулийн байгууллага бага насны хүүхэд хүчиндсэн гурван хэргийг хэлэлцэж, шийдвэрлэсэн байна. Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Б.Э-д холбогдох хэргийг тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцжээ.

Шүүхээс Б.Э-г 10 настай бага насны хүүхэд хүчиндсэн гэм буруутайд тооцож, 18 жил 7 хоногийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын Прокурорын газраас “Э гэгч нь 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Завхан аймгийн Асгат сумын нутаг дэвсгэрт айлын гэрт, 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Завхан аймгийн Баянтэс сумын нутаг дэвсгэрт хонины бэлчээрт бага насны хүүхэд болох Э гэгчийг хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, удаа дараа бэлгийн харьцаад орж, хүчиндсэн гэх” хэрэг,

Мөн “М гэгч нь 2018 оны 8 дугаар сараас 2019 оны 2 дугаар сарын 6-ны өдөр хүртэлх хугацаанд бага насны хүүхэд буюу өөрийн төрсөн охин 12 настай Д-г хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж удаа дараа бэлгийн харьцаанд орсон” гэх хэргүүдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.
Тус хэргүүдийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүх 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр хянан хэлэлцжээ.

Э нь бага насны хүүхдийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж, хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон 13 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр болсон байна.

Харин М нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай бага насны хүүхдийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж, хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон бүх насаар нь хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт хүчингийн гэмт хэрэг үйлдсэн хүнийг 12 жилээс 20 жил хүртэл хугацаагаар эсхүл бүх насаар нь хорих ялаар шийтгэнэ гэж заасан байдаг.
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна