Оросын ард иргэдийн амьдрал хүндэрч байгааг Владимир Путин хүлээн зөвшөөрчээ


Оросын ард иргэдийн амьдрал хүндэрч байгааг Ерөнхийлөгч Владимир Путин хүлээн зөвшөөрлөө. Тэрбээр жил бүр олон нийтийн асуултад телевизээр хариулдаг шууд хурлаа өчигдөр хийж, Оросын ард иргэдийн амьдрал хүндэрч байгааг хүлээн зөвшөөрчөө. Ингэхдээ хэдэн жилийн өмнөөс Оросын дотоодын зах зээлийн нөхцөл байдлыг доройтуулж, нийгмийн салбарт сөргөөр нөлөөлсөн гадаадын улсуудын хориг шахалттай холбоотой гэнэтийн зүйлс тохиолдсон гэж тайлбарласан байна.

Гэхдээ өндөр инфляци болоогүй, Олон улсын валютын сан, цалин хөлснөөс хамаарсан өр зээл нэмэгдээгүй гэх мэтээр Оросын эдийн засаг 1990-ээд оны нөхцөл байдлаас эрс өөрчлөгдсөн гэж Владимир Путин ярьсан байна. Тухайн үед Оросын мөнгөний ханшийн уналт 30 хувь байсныг тэрбээр сануулж, Оросын алт болон гадаад валютын нөөц 500 тэрбум долларт хүрч өсөн нэмэгдсээр байгаа гэсэн байна.

1990-ээд онд цалин хөлсийг хагас жилээр нь төлөөгүй өр үүсдэг, тэтгэвэр тэтгэмж л орлогын ганц эх үүсвэр байсан бол одоо тийм зүйл байхгүй гэсэн байна.

Гэвч энэ талаар "Тасс" агентлагийн мэдээлж байгаагаар 2018 оны сүүлч гэхэд Оросын эдийн засаг 2.3 хувиар өссөн. Эдийн засгийн хөгжлийн яамных нь урьдчилсан таамгаар энэ онд дотоодын нийт бүтээгдэхүүн 1.3 хувийн өсөлттөй байна гэсэн байна.

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин пүрэв гарагт хийсэн шууд хурлаараа мөн Вашингтон, Москва хоёр хэн хэндээ байр сууриа хүчээр тулгаж чадахгүй учраас яриа хэлэлцээ хийх хэрэгтэй гэсэн байна. Ингэхдээ ОХУ, АНУ-тай хэлэлцэхэд бэлэн гэдгээ дахин илэрхийлсэн байна.

Малайзын MH-17 онгоцны сүйрэлтэй холбоотой маргаан сүүлийн өдрүүдэд дахин ярианы сэдэв болоод байгаа. Хамгийн сүүлд Нидерландын талаас ахалсан хамтарсан мөрдлөгийн баг Оросын гурав, Украины нэг иргэнийг энэ хэргээр ял тулгаад байгаа юм. Үүнийг Оросын Ерөнхийлөгч няцаасан байна.

Үүнээс гадна Оросын тал хэт их гүрэн байх гэж хичээдэггүй. Бид орчин цагийн шинэ зэвсгээр тэргүүлэгч улс байхын төлөө үргэлжлүүлэн ажиллана гэж Владимир Путин энэ жилийн шууд хурлын үеэр ярьсан байна. Тэр ч байтугай Путин үлдсэн амьдралаа эгэл жирийн өнгөрөөхийг хүсч байгаа ч, боломжгүй зүйл гэдгийг бүрэн ухамсарлаж байна гэжээ.

Пүрэв гарагт иргэдийн асуултад шууд хариулсан телевизийн шууд хуралд нийт 2.2 сая орчим асуулт утсаар болон мэссэжээр ирсэн байна. Дөрвөн цаг үргэлжилсэн энэ хурлын үеэр цахим халдлага болсныг ч "Россия-24" теле суваг мэдээлжээ.

2001 оноос эхэлсэн энэ хурал уламжлал болон тогтоод байгаа юм. Анхны хурлын үеэр 400 мянган асуулт ирж байсан бол 2015 онд хамгийн олон буюу 3 сая 250 мянган асуулт ирж байжээ.

Эх сурвалж: MNB.mn



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна