НАМЭХ-ны ерөнхийлөгчид Д.Сарангэрэл сонгогдлоо 

НАМЭХ-ны ерөнхийлөгчид УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Сангийн дэд сайд Х.Булгантуяа нар нэр дэвшин өрсөлдсөнөөс 75.4 хувийн саналаар Д.Сарангэрэл сонгогджээ. 

МАН-ын дэргэдэх НАМЭХ-ны ээлжит VII  чуулган өнөөдөр /2019.10.17/ 09.00 цагт Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна.

Энэ удаагийн хуралд нийт 317 төлөөлөгчөөс 296 нь хуралд оролцож байгаа аж.

МАН-ын 28 дугаар Их хурал болсноос хойш болж буй бодлого шийдвэр хэрэгжүүлэх үндсэн зорилготой ач холбогдол бүхий хурал хэмээн намын зүгээс үзэж буй. 

Өчигдөр МАН-ын Удирдах зөвлөлөөс УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг  НАМЭХ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшихийг дэмжсэн.  Мөн Сангийн дэд сайд Х.Булгантуяа өрсөлдөнө гэдгээ мэдэгдсэн бол УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ц.Гарамжав  болон Сөүл группийн  дэд Ерөнхийлөгч Д.Өнөрболор, АШУИХС-ийн захирал Ж.Цолмон нарын нэр мөн дуулдаж байсан билээ.

Тус холбооны өнөөдрийн их хурал дээр Д.Сарангэрэлийг намын Удирдах зөвлөлөөс дэмжсэний дагуу нэр дэвшүүлсэн бол Х.Булгантуяа заалнаас өөрийгөө дэвшүүлснээр энэ хоёр хүн НАМЭХ-ны Ерөнхийлөгчийн төлөө өрсөлдөж  75.4 хувийн саналаар Д.Сарангэрэл сонгогджээ.

Тус холбооны ерөнхийлөгчөөр 2011 оноос УИХ-ын гишүүн Д.Оюунхорол сонгогдон ажилласан. Харин 2014 оны 10 дугаар сард болсон ээлжит 6 дугаар чуулганаар УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа Ерөнхийлөгчөөр сонгогдож, өнөөдрийг хүртэл ажилласан юм.

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.