Р.Эмүжин: АН-ын сүүлчийн лидер...


Уг нь чоно үүрэндээ өлзийтэй гэж үг бий. Орчин цагт чоно үүрэндээ ерөөлгүй, үндэстэндээ өлзийгүй гэж орчуулдаг болсон бололтой. Манай Ерөнхийлөгчийн өндөр сэнтийг засах гэж АН-ын олон ч улстөрч олон ч жилийн турш золиос боллоо. Хамгийн шог нь хүүхэн, хүчин, хужаа, тагнуул гэсэн хэргүүдэд л бөөн бөөнөөрөө холбогддог гэж байгаа. Эргээд бодоход энэ нам тарж унаж, салж ойчих нь ч аргагүй гэмээр дүр зураг харагддаг.

АН-ын залуу үеийн зангарагтай төлөөлөл гэгдэж байсан Х.Тэмүүжин хүүхний хэрэгт ойчиж, босохгүй болтлоо балбуулсан. Түүний араас Лу.Гантөмөр мүүнчин гэдэг хоч зүүгээд ховонд хорлуулсан. Үндэсний аюулгүй байдлын тунхагийг боловсруулсан М.Батчимэг гэж холын зайд хурдлах хэмжээний улстөрч эмэгтэй байв. Хятадын тагнуул гэдэг алдар гуншин олгож байгаад хэмх нүдэж, бялба балбасан. За нөгөө Гансүхийг нүүрсчин болгож, үүндээ Н.Алтанхуягийг хамруулан хайран болтол нь хянаж шалгасан, хорьсон. Ингээд тоочоод байвал энэ ард түмний зүрх, тархи болсон боломжийн улстөрчид бүгд бүдэрсэн байх юм. Ил тод харагдаж байгаа нь л энэ. Айлгаж сүрдүүлээд, шантаажилж шахсаар байгаад замаасаа зайлуулсан олон хүний нэр сонсогддог юм билээ. Тэгэхдээ тэд сүүлчийн хоёр Ерөнхийлөгчийн уур хилэн, угж соосогны золиос болж нэрэндээ сорвитой, нүүрэндээ сэвтэй үлдэж дээ. За Элбэгээ ч яахав, өөдөө шидсэн чулуундаа оногдоод яваа хүн. АН хэмээх улс төрийн хүчирхэг хүчнээс лидер ч үлдсэнгүй, лойдор нь ч төрж шальсангүй. Р.Гончигдорж, М.Энхсайхан, Р.Амаржаргал гурав л гох дэгээнээс алсхан, гомдол хорслоос холхон өдий хүрлээ. С.Эрдэнэ зөндөө зүтгээд, С.Одонтуяа өчнөөн гүйгээд ч лидерийн босгоор алхаж чадахгүй алжааж байна. Тэгсэн бараг л сүүлчийн лидер болж тунаад байгаа М.Энхсайханыг хийгээгүй гэрээнийх нь төлөө АТГ барьж хорьсон биш нэр хүнд нь харин ч өсчихдөг байгаа. Үлдсэн ганц хоёр гайгүй улстөрчийг нь үүрэндээ өлзийгүй чононууд бас өдөж сөдөх л байх даа. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл АН-аас лидер төрөх ёсгүй гэсэн хөөрхөн тоглолт хөл ороож байгаа нь энэ дээ. Улс төр арай ч ийм бохир, харгис байгаагүй. Ард түмнээ бахархалгүй болтол, улс орноо итгэлгүй болтол, монгол төрийг сөрөг хүчингүй болтол ингэтлээ доошоо орж буй нь хүн хүний хэмжээ өөр байдгийнх биз. Манай Ерөнхийлөгчийн хэмжүүрээр хэмжинэ гэвэл олон хүн толгойгоо нугдайлгаж байж нуруугаар чацах буй за. Энхсайхан гэдэг хүндээ ч учир нь биш, улс төрийн тоглолт ийм л дүрмээр өрнөдөг болчихжээ гэдгийг хэлэв. Өө тэгээд хужаа төрхтэй, явдалтай, хацартай, хамартай гээд анхны Ерөнхийлөгчөөсөө эхлээд алаг үрсээ ч хардаад хэвтчихдэг болсон хорвоо шүү дээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна