Б.Тулга: МАХН бол зуун жилээр хэмжигдэх түүхтэй нам


МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн  дарга Б.Тулгатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
 
-2011 оны зургадугаар сарын 24-ний өдөр МАХН Улсын дээд шүүхээс нэрээ авч байлаа. Түүнээс хойш найман жилийн хугацаа өнгөрсөн байна.  Ер нь яагаад нэрээ сэргээлгэх болсон юм бэ?
 
-МАХН нэрээ сэргээж авсан, үзэл баримтлалаа хадгалж үлдсэний  найман жилийн ой тохиож байна. 2011 оны яг энэ үед нэр сэргээхтэй холбоотой сонирхолтой үйл явдлууд болж байлаа.  Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр Монголын хамгийн өндөр оргил болох Алтай таван богдод авиралт хийж байсан.  Яг тэр үед  Дээд шүүх дээр шийдвэр гаргасан байдаг шүү.  МАХН бол зуун жилээр хэмжигдэх түүхтэй нам. Зүүн төвийн социал демократ үзэл баримтлалтай байсан.  Харамсалтай нь тухайн үед буюу 2010 оны МАХН-ын удирдлагууд Тэрэлжийн тунхаг гэдэг албан бичгээр үзэл баримтлалаа нэрээ өөрчилсөн.  Намын зарим гишүүд Тэрэлжид очиж хуралдаад л ийм шийдвэр гаргаж байлаа. Гишүүд дэмжигчдийнхээ дунд санал асуулга явуулсан нэр зүүж, намынхаа үнэт зүйл, үзэл баримтлалаа өөрчилсөн байдаг.
 
-Үзэл баримтлал, нэрээ өөрчлөх шалтгаан юу байв?
 
-МАХН бол социал демократ үзэл баримтлалтай биш Үндэсний ардчилсан үзэлтэй гэж өөрсдийгөө тунхаглаж зарласан. Энэ нь байгалийн баялаг ард түмний өмч байх уу эсвэл цөөн хэдэн олигархиудын гарт байх юм уу гэдэг ийм л сонголтод тулгуурлаж байлаа. Социал демократ үзэл баримтлалтай нам бол баялагаа хэн нэгэн, цөөн хэдэн олигархиудын мэдэлд байлгаж болохгүй шүү дээ.  Гэтэл өөрсдөө баялагт эзэн суухын тулд намынхаа үзэл баримтлалыг либериал руу шилжүүлсэн дээ.   Энэхүү өөрчлөлтийн дараагаар Монголын стратегийн ордууд, баялаг тодорхой бүлэглэлийн нэр дээр шилжсэн. Үзэл баримтлалаасаа ухрах хамгийн чухал шалгаан нь энэ байсан юм.
 
-Тухайн үеийн МАХН-ын гишүүдийн нэг хэсэг нь шүүмжлэлтэй хүлээж авсан. Ер нь намын хуваагдлын гол шалтгаан нь энэ байсан болов уу?
 
-Монголчууд байгалийн баялагаа бүгд тэгш эрхтэй хүртэх ёстой. Энэ баялгаас тодорхой хэмжээгээр олборлох, ашиглах, хүртэх энэ үйл явцад оролцох нь социал демократ үзлийн суурь юм. Нийгэм тэр чигээрээ чинээлэг, дундаж байх ёстой. Энэ л үзлийг  авч үлдэхийн тулд тухайн үед Н.Энхбаяр,  Н.Удвал тэргүүтэй олон хүн эсэргүүцэж байсан.  Тэр үзэл баримтлалдаа үнэнч, одоо намынхаа буурийг сахиж  байна. Энэ үзлийн суурь нь залуучуудаа төрөөс тэтгэдэг, тэднийхээ боловсролд 100 хувь анхаардаг ийм нийгмийг байгуулах юм. Монголчуудынхаа эрүүл мэндээр бизнес хийдэг биш, эрүүл байх бүх бололцоог хангадаг ийм төр засагтай байна.  Мөн иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хамгаалж үлдэнэ. Мөн бид хүмүүсийн бүтээгээгүй, бидний өвөг дээдэс цусаараа хамгаалж ирсэн байгалийн баялагийг ард түмэн дундаа өмчлөх ёстой.
 
Энэ үзэл баримтлал дээр хатуу зогсч, МАХН нэрийг нь хадгалж үлдсэн. Өнгөрсөн  найман жилийн хугацаанд бидний зам шулуун дардан байсангүй.  Амаргүй байлаа.  Зорилгоо биелүүлэх  үйл явц одоо л эхэлж байна.
 
-Зарим хүн ярьдаг л даа.   Хувьсгалт гэдэг үгийг авч хаяснаараа юугаараа ялгаатай юм гэх  юм?
 
– Хувьсгал гэдэг үг орсон байгаа нь  ичмээр байна гэсэн тайлбарыг тухайн үеийн МАХН-ын удирдлагууд ярьж байсан.  Нэрнээс ичих нь асуудал биш. Гол нь үзэл баримтлал, мөн чанараа тэд хадгалж чадаж байна уу.  Үүнээс л  ичих ёстой.  Нэгэнт уламжлагдаад ирсэн нэрнээс ичнэ гэдэг шалтаг, тайлбар л төдий байлаа. Асар их баялагтай, гуравхан сая монголчууд одоо яаж амьдарч байгаа билээ.  Дээр нь дэлхийн хамгийн том зах зээл өмнө, хойно нь байдаг. Хуучин бол хоёр том гүрний дунд хавчуулагдсан жижигхэн эдийн засагтай гэж ярьж байсан.  Харин  одоо хоёр том эдийн засгийн дунд байгаа асар их баялагтай улс гэж яригдаж байна.  Ийм улсын иргэн ядуу амьдрах ёсгүй. Япон, Солонгос, Америк руу цагаачлах  ёсгүй. Монголдоо сайхан амьдрах бүрэн боломж бий. Түүнийг  бүрдүүлэхийн тулд л бидний үзэл баримтлал оршиж байгаа юм.
 
-Гэвч энэ боломжийг бүрдүүлэх эсэх нь тодорхойгүй төр засагтай байна л даа?
 
-Тийм ээ.  Одоо бид сайн сайхан Монгол гэхээсээ илүү 10 жилийн дараа монголчуудын амьдрал ямар болох юм.  Өнөөдөр арван настай хүүхэд хорин настай болох үед түүний сурах орчин ямар байх юм.  Энэ бүхнийг шийдчихсэн тодорхой нийгэм рүү алхмаар байна. 
 
Монголд нүүрлээд байгаа хямрал, талцал, хуваагдал гэдэг зүйлийг бүгдээрээ мартах хэрэгтэй.  Монгол Улс арван жилийн дараа ямар төвшинд очих гээд байгааг тодорхойлмоор байна. Энэ зорилгод хүрэхийн тулд хэмжиж болдог зорилтыг тавъя л даа.
 
-Хэмжиж болдог зорилт гэдэг нь юуг хэлээд байна вэ?
 
-МАХН-ын өнгөрсөн жилд баталсан мөрийн хөтөлбөрүүдийг харъя л даа. Хөгжлийн төвшингөөрөө ядаж БНСУ-ын төвшинд очъё. Яагаад гэвэл залуучууд бүгдээрээ тэнд очиж хар ажил хийж байна. Арван жилийн багш нар маань зуны амралтаараа очиж орлогын эх үүсвэр бий болгож байна. Ийм байж болохгүй. Боловсролын систем, эрүүл мэндийн салбарт онцгой анхаарч  ажиллах хэрэгтэй. Багш нарт таван сая төгрөгийн цалин өгч болж байна. Насаараа хөдөлмөр эрхэлсэн, тэтгэвэрт гарсан буурлууд маань ядаж хоёр сая төгрөгийн тэтгэвэр авдаг болъё.  Өнөөдрийн Солонгос Улсын төвшин нь  ийм юм. Ингэж хэмжиж болдог хэмжүүрүүдээр зарим зорилтоо тодорхойлъё, тэр зорилтдоо арван жилийн  хугацаанд хүрэхийн төлөө ажиллая.  Түүнчлэн, Оюутолгойн гэрээг авч үзье л дээ. Гучин жилийн дараа ашиг нь гардаг тийм гэрээ байж болох уу. Ийм гэрээтэй, ийм улсаас хүн дайжихаас өөр аргагүй юм.
 
-Үндсэн хуулийг өөрчлөх төслийг хэлэлцэж эхэлсэн.  Байгалийн баялаг төрийн өмч гэсэн заалт нэлээд дэлгэрэнгүй болж орж ирсэн байна лээ.  Тэгэхээр бүх зүйл өөрчлөгдөхгүй л  гэсэн үг юм шиг?
 
-1924 онд МАХН мөрийн хөтөлбөрөө баталж байлаа.  Яг тэр үед  анхны Үндсэн хуулийг баталсан. Иргэдийн бараг 90 гаруй хувь нь бичиг үсэггүй байсан.  Тухайн үеийн Үндсэн хуульд бүх иргэдийг бичиг үсэгтэй болгоё гэсэн зорилтыг тавьсан байдаг. Үүндээ ч удалгүй хүрсэн гэдгийг харж байна.  Харин одоо МАХН бүх иргэдээ орон сууцанд оруулъя, үүгээр дамжаад байгалийн баялагаа иргэдэдээ хүртээе гэдэг зорилтыг тавьж байгаа. Байгалийн баялаг бол  дундын өмч байх ёстой. Иргэн бүр тэгш хүртэх ёстой. Өнөөдрийн яриад байгаа Үндсэн хуулийн өөрчлөлтийг эрх баригчид зөвхөн өөрсдийнхөө эрх ашгийг дархлах гэж, өрсөлдөгчөө хуулиар дарах гэж хийж байна.  Үндсэн хуулийн өөрчлөлтийг ингэж хийж болохгүй.  Манай намын хувьд энэ процессыг эсэргүүцэж байгаа.   Байгалийн баялаг ямар ч  тохиолдолд дундын өмч байх ёстой.
 
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна