Монгол дахь Турк сургуулиуд террорист бүлэглэлийн хөрөнгөөр санхүүждэг байжээ


Монгол-Турк улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан тус улсын Элчин сайдын яамнаас мэдээлэл хийлээ. Турк улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахмет Язел хоёр орны улс төр, соёл, боловсролын хамтын ажиллагаа сүүлийн үед эрчимтэй хөгжиж байгааг мэдээллийн эхэнд онцолсон юм. Тухайлбал, түүнийг Монголд ажилласан 2.5 жилийн хугацаанд Туркийн Ерөнхий сайд, Шадар сайд болон гадаад харилцаа, соёл, зам тээврийн салбарын сайд нар манай улсад айлчилсан бол Монголын талаас УИХ-ын дарга, Батлан хамгаалахын сайд нар Турк улсад албан ёсоор айлчилжээ. Тун удахгүй Туркийн Үндэсний Их Хурлын дарга нь манай улсад морилон саатах юм. Соёл, боловсролын хувьд хоёр улсын их, дээд сургуулиуд хамтран ажиллах гэрээ байгуулсан төдийгүй МУИС-д Түрэг судлалын тэнхимийг байгуулж, тэнд элсэн суралцаж буй оюутнуудыг Туркт үнэ төлбөргүй суралцуулахаар төлөвлөжээ. Энэ үеэр ноён Элчин сайд Монголд үйл ажиллагаа явуулж буй Эмпати сургуулийн удирдлага болон бусад турк багшийн талаар ноцтой мэдээлэл өгсөн юм.
 
Тус улсаас манайд сургалт хүмүүжлийн ажил явуулж буй Ерөнхий Боловсролын хувийн дөрвөн сургууль, олон улсын гэх нэг сургууль нь Турк улсад 2016 оны долоодугаар сарын 15-ны өдөр төрийн эргэлт хийх оролдлогыг зохион байгуулсан ФЕТО гэх террорист байгууллагын санхүүжилттэй байсан аж.
 
Тус байгууллага нь өөрийгөө хүмүүнлэг, боловсролын салбарын хөрөнгө оруулагч мэтээр халхавчилж, нэгжийн зохион байгуулалттай ажилладаг бөгөөд гишүүд нь удирдагчаа дуугүй дагаж, хоорондоо нууц кодоор харилцдаг байна. Тэд өрсөлдөгчөө айдаст автуулах, гүтгэх болон амь насыг нь хөнөөх замаар нухчин дардаг аж. ФЕТО нь Фетхуллах Гүлэн гэгчийн удирдлага дор нэгдэж, дэлхийн олон улс оронд ажиллуулдаг өөрийн сургуульдаа суралцаж буй хүүхдүүдийн “тархийг угаах” аргаар гишүүд дэмжигчдийнхээ хүрээг тэлдэг байна. Тухайн улс орондоо нэр нөлөө бүхий эрх мэдэл, хөрөнгө мөнгөтэй эрхмүүдийн хүүхдийг хөнгөлөлттэй, зарим тохиолдолд үнэ төлбөргүй сургах замаар байр сууриа бэхжүүлдэг аж. Улмаар гишүүдээрээ дамжуулан урт хугацаанд тэвчээртэйгээр төрийн бүтцэд шургалж, цаашлаад бүхэлд нь эзлэх тактикаар ажилладаг байна. Тодруулбал, Туркийн төрийн албаны шалгалтын тестийг хулгайлж, Гадаад харилцааны яаманд өөрийн талын 300-350 хүнийг байршуулсан байсан тухай ноён Элчин сайд хэлж байлаа.
Тус Элчин сайдын яамнаас тараасан албан мэдээнд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байсан Улаанбаатар “Эмпати” сургуулийн захирал асан Вейсел Акчай нь одоогоор манай улс дахь ФЕТО байгууллагын хамгийн өндөр албан тушаалтан төдийгүй Туркийн цагдаагийн байгууллага террорист бүлгийн гишүүнийх нь хувьд эрэн сурвалжилж байгааг өгүүлсэн байна.
 
Энэ талаар эргэн сануулахад, Туркийн тусгай албаныхан Вейсел Акчайг баривчилж саатуулахаар ирсэн ч хоёр улсын хоорондын асуудал болгож, манай талаас хориг арга хэмжээ авсан билээ. Турк улсад гурван жилийн өмнө төрийн эргэлт хийх оролдлого хийснээр ганцхан шөнийн дотор 251 иргэн амь насаа алдаж, гэмгүй олон мянган хүн шархдаж бэртсэн тухай баримтат киног хэвлэлийнхэнд үзүүлэв. Энэ гэмт халдлагыг Вейсел Акчайн багтдаг ФЕТО террорист байгууллага үйлдсэн бөгөөд Монгол дахь бүлэглэлийн толгойлогч болон “Эмпати” сургуульд багшилж байсан найман багшийг мөн Турк улсын хараат бус шүүхийн өмнө гаргах хүсэлтээ манай эрх бүхий байгууллагуудад тавьсан тухай ноён Ахмет Язел онцлон дурдаж байлаа. ФЕТО байгууллага нь зөвхөн Турк улсад заналхийлээд зогсохгүй дэлхий нийтийг хяналтдаа авч, ноёрхлоо тогтоох зорилготойг ноён Элчин сайд сануулаад 160 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулдаг тус байгууллага Монгол Улсын аюулгүй байдалд ч ноцтой эрсдэл бий болгож байгааг анхааруулсан юм. Манай хоёр орны соёлын болон зарим салбарын хамтын ажиллагаа өргөжсөөр байна
Тухайлбал, Туркийн олон улсын ТИКА байгууллага манайд 50 сая ам.долларын өртөг бүхий 640 орчим төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаагийн дотор энэ онд 60 гаруйг нь эхлүүлэх юм. Тэдгээрийн нэг нь нийслэлийн Налайх дүүрэгт байгуулах “мэргэн” Тонюкукийн музей байх бөгөөд үүнийг 2-3 сая ам.доллараар санхүүжүүлнэ. Эрүүл мэндийн салбарт Монголын томоохон эмнэлгүүдтэй хамтран ажиллаж, энд эмчлэх боломжгүй өвчтөнийг Турк улсад аваачихад тодорхой хэмжээний тусламж үзүүлж байгаа гэлээ. Батлан хамгаалах салбарт ч багагүй хөрөнгө оруулалт хийж, манай зэвсэгт хүчний мэргэжилтнийг бэлтгэн сургаж байна. Мөн Туркийн дайчид олон улсын “Хааны эрэлд” цэргийн нэгдсэн сургуулилтад байнга оролцохын зэрэгцээ ЭСЯ-ны дэргэд цэргийн атташе ажиллуулдаг болсон байна. Харин эдийн засгийн харилцаа төдий л сайнгүй байгааг ноён Ахмет Язел онцолсон. Учир нь, өнгөрсөн онд хоёр орны хооронд 43-44 сая ам.долларын худалдаа хийсний дийлэнх нь Туркийн импорт байжээ. Хоёр талын хамтын ажиллагаа дутагдаж байгаа нөгөө нэг салбар нь аялал жуулчлал бөгөөд өнгөрсөн жил Туркээс 3000 гаруй жуулчин хүлээж авсан нь чамлалттай тоо гэж үзсэн юм. Туркийн иргэд Монгол Улс, Монголчуудыг сайн мэддэг бөгөөд тус улсад ирэх хүсэлтэй хэдэн зуун мянган жуулчин бий гэдэгт огт эргэлзэхгүй байгаагаа ноён Элчин сайд илэрхийлж байлаа. “Үүнд агаарын тээврийн хүрэлцээгүй байдал сөргөөр нөлөөлж байна.
Хэрвээ агаарын тээврийн талаар бодитой алхам хийж, “Туркиш эйрлайнс” компанийн нислэгийн тоог нэмэгдүүлж, “МИАТ” шууд нислэг хийдэг болбол 100-150 сая ам.долларын орлого олох боломж байна. Манай улсын Ерөнхий сайд Монголд айлчлахдаа худалдааны эргэлтийг 300 сая ам.долларт хүргэх зорилттой байгаагаа хэлсэн.
 
Үүнд ч томоохон хувь нэмэр болох юм” гэж Элчин сайд онцоллоо.
 
 

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна