Хар тамхийг оршуулгын үйлд ашигладаг байжээ


Шинжань Уйгарын Өөртөө засах орны Памир уулнаас нийтийн тооллын өмнөх 500 онд хамаарах оршуулгын газар олдсон байна. Эдгээр булшнаас каннабинол гэх марихуаны идэвхтэй бодисын исэлдлийг илрүүлжээ. 

“Эртний уулын оршин суугчид хар тамхийг оршуулгын зан үйлдээ ашигладаг байсан ба сэтгэцэд нөлөөлөх байдлаар нь ашигласан анхны нотолгоо” гэж малтлагыг удирдсан Хятадын археологич Ян Иминь мэдэгдсэн юм. Жирзанкалын гэх энэхүү оршуулгын газраас 10 тахилын ширээ, хар тамхи татахдаа ашигладаг модон эдлэл олдсон байна. Мөн каннабис ургамлыг шатааж байсан нүүрсэн чулуунууд олджээ.

Энэ бүхнээс улбаалан азиуд хар тамхийг 2500 жилийн өмнөөс хэрэглэдэг байсан гэх дүгнэлт гарчээ. “Каннабис бол Зүүн Азийн хамгийн эртний таримал ургамлуудын нэг бөгөөд тос гаргаж авдаг байсан. Тиймээс сэтгэцэд нөлөөлөх чадлыг азиуд анхлан мэдэж эртнээс хэрэглэж байжээ” гэж Хавайн их сургуулийн профессор Марк Мерлин хэлжээ. Хятадын Шинжлэх ухааны академийн археологич Ян Иминий хэлснээр эртний тахилчид каннабисын утааг оршуулгын зан үйлд ашиглаж, сүнсийг нь тайтгаруулдаг байжээ. Түүний судалснаар Евразийн өмнөд хэсгийн оршин суугчдад ийм итгэл үнэмшил нийтлэг байв. ОХУ-ын Алтайн нурууны мөнх цэвдгээс олдсон 2500 жилийн өмнөх булшнаас маалинга шатаасан ул мөр олдсон байдаг. Мөн эртний Грекийн түүхч Геродот “Түүх” бүтээлдээ скифүүд оршуулгын зан үйлдээ каннабисын утаа ашигладаг талаар бичжээ. Эртний нүүдэлчин скифүүд каннабисыг Торгоны замын худалдаанаас авдаг байв. Зарим судлаач Төв Азийн өндөрлөгийн оршин суугчид энэ бодисыг эмийн зориулалтаар ашигладаг байсан гэж үздэг. Одоо марихуаныг дэлхийн ихэнх оронд хуулиар хориглосон байдаг.

 Эх сурвалж: "Монголын үнэн" сонин


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна