Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх сайн дурын баг ажиллана

Өчигдөр 11 цаг 33 минут

Улаанбаатар хотноо тав хоногийн дараа  болох Ази, Номхон далайн бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд түшиглэн хөгжүүлэх IV конгрессыг зохион байгуулах Үндэсний хороо өчигдөр хуралдлаа. Үндэсний хорооны энэ удаагийн хуралдаанаар Ази, Номхон далайн бүсээс гадна Европ, Африкийн нийт 43 орны 600 гаруй төлөөлөгч чуулах олон улсын энэхүү томоохон арга хэмжээний бэлтгэл ажлын талаар хэлэлцсэн бөгөөд хуралдааныг С.Чинзориг сайд даргалсан.  Хуралдааны эхэнд Засгийн газар Конгресст онцгой анхаарал хандуулж байгаагийн илэрхийлэл нь хурлыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж байна. Конгресст гадаадын 200, дотоодын 400 орчим төлөөлөгч оролцох нь тодорхой болсон эхний зочид хоёр өдрийн дараа ирнэ зэрэг тодорхой мэдээллүүдийг өглөө.

Энэ удаагийн конгрессоор Тогтвортой хөгжлийн зорилт болон НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийг хэрэгжүүлэх хүрээнд тэднийг  эдийн засгийн хувьд эрх мэдэлжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагаа, Хөгжлийн бэрхшээлтэй хүн бүрт хүртээмжтэй нийгмийг хөгжүүлэх хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй “Хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх хандлага”-ын сайн туршлага, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог хангах чиглэлээр бүс нутгийн болон олон улсын хамтын ажиллагаа, ололт амжилт болон тулгарч буй бэрхшээлийн талаар хэлэлцэх юм. Конгресст оролцох төлөөлөгчдийн 40 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байх тул зочдыг угтаж авах, байрлуулах, хуралдаан болох болон чөлөөт цагаараа очих олон нийтийн газруудад тэднийг аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх нь зохион байгуулагчдын хүлээсэн томоохон үүрэг бөгөөд Конгрессын бэлтгэл ажлыг хангах техникийн ажлын хэсэг Бичиг баримтын боловсруулалт, орчуулгын, Гадаад харилцаа, ёслолын, Нийтлэг үйлчилгээ, аж ахуйн, Мэдээлэл, сурталчилгааны, Дэд бүтэц, мэдээллийн хүртээмжийн, Сайн дурын багийг бэлтгэх, сургалт зохион байгуулах асуудал хариуцсан зургаан дэд хэсэгт хуваагдан бэлтгэлийг ханган ажиллажээ. Тухайлбал,  370 гаруй сайн дурын ажилтнаас 100 хүнийг сонгон Сайн дурын багийг  байгуулсан, түүнчлэн долоон зочид буудлын 120 гаруй ажилтанд хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй хэрхэн харилцах, тэдэнд дэмжлэг үзүүлж үйлчлэх талаар сургалт явуулжээ. Хуралдааны үеэр  С.Чинзориг сайд “Энэ удаагийн конгресс бидэнд олон зүйлээр хөгжлийн бэрхшээлтэй болоод нийт иргэдэд хүртээмжгүй, ээлгүй орчинд ажиллаж амьдарч байгааг ухааруулж, цочроо өгч байна. Эрүүл мэнд, цагдаа, онцгой зэрэг яаралтай тусламжийн багийн хуваариа эргэн харж төлөвлөгөөг нягтлан, гадаад дотоодын зочдын аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулж ажиллаарай. Хил гаалиар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хүндрэл, саадгүй нэвтрүүлэх, тэдгээр иргэдийн туслах хэрэгсэл, зайлшгүй биедээ авч явах шаардлага бүхий зүйлсийг  зөв зохистой шалгах зэргийг анхааралдаа авч шаардлагатай сургалт, мэдээлэл солилцох ажлыг зохион байгуулах  холбогдох байгууллагуудад зохион байгуулсан гэж ойлгож байна” гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна