Цэцэрлэгийн барилга нураагүй


Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн XIV хороо буюу Өлзийт хорооллын нутаг дэвсгэрт 240 хүүхдийн 165-р цэцэрлэгийн барилга угсралтын ажил явагдаж байгаа. Тэгвэл энэ барилга ашиглалтад орохоосоо өмнө нурсан хэмээн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр  мэдээлсэн.

Цэцэрлэгийн барилга угсралтын ажил дээр  Барилгын хөгжлийн төв хяналт тавьж ажиллаж байгаа бөгөөд бетон цутгалтын ажлын үед технологийн алдаа гарган хоёрдугаар давхрын багананд  нягтруулалт муу хийсний улмаас ажлын зааг гаргаж цутгасан байна.
 

Үүнийг хөндлөнгийн байгууллагаар тусгай багаж тавьж шалгуулах зориулалтаар вакум орчин үүсгэн нимгэн гялгар хальсаар битүүмжилжээ. Вакум битүүмжлэлийг багажаар шалгах зорилгоор тавьсан бөгөөд үүнийг гялгар уутаар тогтоосон мэтээр мэдээллэв.

 Мөн I давхрын ханын материалыг зураг төслөөс өөрчлөн нимгэн блокоор өрсөн нь шаардлага хангахгүй хэмээн үзэж ханын өрлөгийг буулгах шаардлагыг гүйцэтгэгч компанид удаа дараа тавьсан байдаг. Барилгын хөгжлийн төвөөс мэдээлэл хүргүүлж байсан бөгөөд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас барилга угсралтын ажлыг зогсоосон учраас барилгын ханыг буулгах ажил өдийг хүртэл хийгдээгүй байсан аж. Харин НМХГ-аас 2019 оны зургаадугаар сарын 24-ний өдөр барилгын ажил үргэлжлүүлэх зөвшөөрөл гарсны дагуу барилга угсралтын ажил эхэлж, зураг төсөл өөрчилж барьсан дотор хананы өрлөгийг буулгах ажил эхэлснийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр цэцэрлэгийн барилга ашиглалтад ороогүй байхдаа нурсан мэтээр ташаа мэдээлэл гарсан юм.  

Барилгын хөгжлийн төв нь ерөнхий захиалагч БСШУСЯ-ыг байнгын мэдээллээр хангахаас гадна хөндлөнгийн байгууллагын дүгнэлт дээр үндэслэн зураг төсөл зохиогчтой зөвшилцөж хүчитгэлийн зураг гаргаж баганыг хүчитгэн барилга угсралтын ажлыг цааш үргэлжлүүлэх боломжтой гэж үзсэн байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна