Д.Амарбаясгалан НАМЗХ-ны VI Их хурлыг хуралдуулах чиглэл өгчээ


Өнгөрөгч зургадугаар сарын 27-ны өдөр Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны төлөөлөгчид /НАМЗХ/ МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд шаардлага хүргүүлж, НАМЗХ-ны Их хурлыг долдугаар сарын 9-ний өдрөөс өмнө хуралдуулахыг шаардсан билээ.

Тэгвэл МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэдний шаардлагыг хүлээн авч НАМЗХ-ны Ерөнхийлөгч Г.Тэмүүлэн, Удирдах зөвлөлийн гишүүдэд Их хурлыг хуралдуулах чиглэл өгсөн байна.

“2020 оны шат, шатны сонгуулийн бэлтгэлийг хангахад намын 220 мянга гаруй гишүүдийн 30 хувийг хамарч байгаа залуучуудын оролцоог идэвхжүүлэн ажиллах зайлшгүй шаардлага байна. НАМЗХ-ны дүрмийн дагуу дөрвөн жилд нэг удаа Их хурлаа хуралдуулах заалт өнөөдрийн байдлаар зөрчигдсөн буюу 2015 оны зургадугаар сарын 20-ны өдөр ээлжит V Их хурлаа хуралдуулсан нь 2019 оны зургадугаар сарын 20-ны өдрөөр дууссан тухай, мөн хугацаа  алдалгүй  VI Их хурлыг хуралдуулах тухай шаардах бичгийг 21 аймаг, 9 дүүргийн НАМЗХ-ны төлөөлөл Намын Удирдах Зөвлөлд ирүүллээ. Иймд НАМЗХ-ны Бага хурлыг 2019 оны долдугаар сарын 1-ны өдөр хуралдуулан ээлжит зохион байгуулах ажлын хэсгийг байгуулан Намын дүрэм, НАМЗХ-ны дүрмийг баримтлан 2019 оны долдугаар сарын 8-ны өдөр НАМЗХ-ны VI Их хурлыг хуралдуулахыг чиглэл болгож байна” гэж энэхүү чиглэлдээ дурджээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна