“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг завшсан гэх хэргийг прокурор хянаж эхэллээ


“Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”-ийн 49 хувийн хувьцааг “Монголын зэс корпорац” (Монголиан коппер корперэйшн) ХХК  2016 онд худалдаж авсан нь төрийн өмчийг луйвардсан байж болзошгүй үйлдэл гэж үзэн АТГ болон ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн хамтарсан ажлын хэсэг байгуулан шалгасан билээ. Улмаар уг хэрэгт Худалдаа хөгжлийн болон Улаанбаатар хотын банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг тэргүүтэй хүмүүсийг яллагдагчаар тооцсоноос гадна тухайн үед Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Аж үйлдвэрийн сайдын алба хашиж байсан Д.Эрдэнэбат, Сангийн сайд байсан Б.Болор, Зам тээврийн сайдаар ажиллаж асан Д.Ганбат, Монголбанкны ерөнхийлөгчийг албыг хашиж байсан Н.Золжаргал зэрэг хүмүүсийг шалгасан юм. Тэгвэл дээрх хэргийг хамтарсан ажлын хэсгийнхэн дээрх нэр дурдсан хүмүүсээс гадна Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголын зэс корпорац”-ын гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин зэрэг 10 гаруй хүнийг гэм буруутай байж болзошгүй гэж үзээд яллах дүгнэлт үйлдүүлж, шүүхээр шийдвэрлүүлэх санал гарган, Үндэсний их баяр наадмын өмнөхөн НПГ-т шилжүүлсэн аж. Албаны эх сурвалжууд ч үүнийг батлаад “Наадмын өмнөх долоо хоногт шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын хяналтад шилжүүлсэн. Олон хавтас хэрэг учраас гүйцэд танилцахад хугацаа орох байх. Хавтаст хэрэгтэй танилцаж дуусаад шүүхэд шилжүүлэх, эсэхийг шийдвэрлэнэ” гэсэн юм. Хуульд зааснаар прокурор хавтаст хэрэгтэй 14 хоногийн дотор танилцаж, шаардлагатай бол хугацааг нь хэдэн ч удаа сунгах эрхтэй. Тиймээс олны анхааралд байгаа энэ хэргийг намар шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүлэх байх гэсэн таамаг буй.

Эргэн сануулахад, Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар хотын банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”-ийн 49 хувийн хувьцааг төрийн мөнгөөр худалдан авах ажиллагааг зохион байгуулж, үүндээ улс төрийн өндөр албан тушаалтнууд, садан төрөл, найз нөхдийг татан оролцуулж гэмт бүлэглэл байгуулсан гэх үндэслэлээр хоёр ч удаа ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон билээ.


 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна