С.Баярцогт: Намайг Монгол улсад шалгаж байгаа биш. Швейцарьт яг адилхан хэрэг үүсгэчихээд зэрэг шалгаж байгаа

 

УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан  С.Баярцогт Оюу толгойн гэрээтэй холбоотой ном хэвлүүлснээ зарлаж, мэдээлэл хийв. Тэрээр хэвлэлийн бага хурлын үеэр “Одоогоос 30 хоногийн өмнө Оюу толгойн гэрээ зурагдсны 10 жилийн ой болсон. Энэ ойг төр засгийн зүгээс дуугүй өнгөрөөсөн, Оюу толгойн зүгээс ч дуугүй өнгөрөөсөн.

2009.10.06-нд Монгол Улс тусгаар тогтносноосоо хойш анх удаа биеэ даасан хамгийн том хөрөнгө оруулалтын гэрээг хийсэн. Энэ хөрөнгө оруулалтын хэмжээ бол хоёр хөршийн хөрөнгө оруулалтаас давсан хэмжээний том хөрөнгө оруулалт байсан. 10 жилийн ойг тохиолдуулаад Оюу толгойн гэрээн дээр ажилласан нийт төрийн албан хаагчид, 2008-2012 оны УИХ-ын бүрэлдэхүүн, С.Баярын болон С.Батболдын Засгийн газрын гишүүдэд баяр хүргэх нь зүйтэй гэж бодож байна. Өнөөдөр та бүхэнтэй уулзаж байгаа зорилго бол би ном гаргасан. “Оюу толгой төслийн 2009 оны гэрээ, холбогдох бичиг баримтууд” гэсэн 500 гаруй хуудастай ном хэвлүүллээ” гэсэн юм.  

Мөн тэрээр “2018 онд авилгалтай тэмцэх газраас надад оюутолгойн гэрээтэй холбоотойгоор Эрүүгийн хэрэг үүсгэж тэр дороо 73 хоног хорьсон. Тухайн үед намайг яллагдагчаар татсан байсан үндэслэл нь Оюутолгойн гэрээний Монголд ашигтай нэг заалт болон тухайн гэрээг ашигтай болгоход 434 төгрөгөөр нэмэгдүүлсэн арга хэмжээ хоёрыг буруутгаж хэлмэгдүүлсэн. Энэ үед надад зарим хууль хүчний байгууллага энэ гэрээний тухай сайн мэдэхгүй байгаа юм байна гэсэн бодол төрж байсан. Дараа нь энэ хэрэгтэй холбогдуулан 4 бүлэг шинжээч томилсон.

Үүний 3 хэсэг нь гэрээний талаар сөрөг дүгнэлт гаргаагүй ч гэрээг хэрэгжүүлэх ёстой Татварын ерөнхий газрын таван байцаагчаас бүрдсэн шинжээчид олон хууль үөрчиж хохирол учруулсан гэх дүгнэлтийг гаргасан. Энэ гэрээг хэрэгжүүлэх ёстой төрийн албан хаагчид маань энэ гэрээний талаар мэдлэггүй байна гэсэн бодол төрсөн. Үүнээс шийдвэр гаргагчид ч буруу мэдээллийг аваад буруу дүгнэлт гаргаж шийдвэр гаргах эрсдэлтэй байна гэж ойлгосон. Татварын ерөнхий газраас гарсан таван шинжээчийн дүгнэлт нь 41 зүйлийг хөндсөнөөс 97 хувь нь алдаатай бөгөөд үлдсэн хувь нь хэрэгжилттэй холбоотой байсан. Энэ дүгнэлтүүдийг үндэслээд шийдвэр гаргавал Оюутолгой компаниас авах олон татварыг дутуу авах эрсдэл бий болж байна.

Тиймээс сэрэмжлүүлэх шаардлага зайлшгүй үүсэж байна. Зарим улс төрчид Оюутолгой төсөлтэй холбоотой гэрээнүүд 10 жилийн турш нууц байсан гэх худал мэдээлэл гаргаад иргэдийг төөрөгдүүлсэн сурталчилгаа хийж байгаа харамсалтай. Тиймээс Соён гэгээрүүлэх мэдээлэл түгээр, шийдвэр гаргагчдыг бодитой мэдээллээр хангах хэрэгтэй юм байна гэж үзсэн. Энэ тохимол номд хүчин төгөлдөр үйлчилж байгаа хөрөнгө оруулалт, хувь нийлүүлэгчийн гэрээнүүдийг Англи, Монгол хэл дээр багтаасан. Нээлттэй байж болох бүх баримтууд энэ тохимолд орсон. Энэ тохимол Монголчуудад хэрэгтэй болсон гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Түүнчлэн өөрт холбогдох хэргийн талаар “Би маш удаан хугацаанд бүх зүйл шийдэгдэх байх гэж хүлээсэн. Энэ асуудлаар хууль хяналтын байгууллагууд өөрсдөө мэдээллээ өгнө. Одоо намайг ганцхан Монгол улсад шалгаж байгаа биш. Швейцарт яг адилхан хэрэг үүсгэчихээд зэрэг шалгаж байгаа. Энэ шалгалтын ажиллагаа 2016 оноос хойш явж байгаа" гэдгийг нэмж хэлэв.

Т.Дашмаа

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.