Сансрын бөмбөлөг гэж юу вэ?

1783 онд хийсэн анхны туршилтыг үзэх гэж 300 мянган хүн цуглаж байжээ

Нийслэлийн 380 жилийн ойг тохиолдуулж өнөөдөр Сүхбаатарын талбай дээрээс сансрын бөмбөлөг хөөргөх гэж байгаа билээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Марса” Монголын сансар судлалын хөгжүүлэлтийн төвтэй хамтран, ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн 12-15 насны сурагчдын дунд “Бидний бүтээл сансарт” уралдаан зарласан бөгөөд шалгарсан бүтээлийг сансрын бөмбөлөгт хийж 38 мянган метрийн өндөрт хөөргөх юм. Тусгай зориулалтын сансрын бөмбөлөг дотор Улаанбаатар хотын бэлгэ тэмдэг болох Хангарди, мөн гэнэтийн байдлаар сонгогдсон нийслэлийн 380 иргэний нэрс байх аж.

Сансрын уг бөмбөлөг нь нийслэлийн агаарын чанарын талаарх мэдээллийг цуглуулж, шинжлэх ухааны томоохон даалгаврыг биелүүлэх зорилготой юм. Ингэснээр Улаанбаатар хот төв талбайгаасаа сансрын бөмбөлөг хөөргөсөн дэлхийн хоёр дахь нийслэл болж байна. Сансрын бөмбөлгийг 2016 оноос хойш тасралтгүй амжилттай ажиллаж байгаа Монгол, Коосэн технологийн коллеж, Япон улсын ЧИБА-гийн технологийн их сургуулийн хамтарсан баг хөөргөнө.

Бөмбөлгүүд тодорхой хугацаанд үүргээ гүйцэтгээд хагардаг

САНСРЫН БӨМБӨЛӨГ ГЭЖ ЮУ ВЭ?

Сансрын бөмбөлгүүдийг олон улсад хэт өндрийн бөмбөлгүүд гэж нэрлэдэг. Уг бөмбөлгүүдийг ихэвчлэн гели, устөрөгчөөр хөөргөдөг бол зарим тохиолдолд метанаар дүүргэдэг юм байна.

Хэт өндрийн бөмбөлгүүдийг цаг агаарыг шинжлэх зорилгоор хөөргөдөг бөгөөд агаар мандлын дээд хэсэгт туршилт хийх зорилгоор ашигладаг. Харин сүүлийн үед ийм бөмбөлгүүдийг радио дамжуулагч, камер, хиймэл дагуулын навигацийн систем зэрэгт өргөн ашиглах болжээ.

Анх 1783 онд устөрөгчөөр дүүргэсэн бөмбөлгүүдийг агаар мандалд хөөргөх туршилтыг Францын физикч Жак Чарльз, Роберт нар хийж байсан түүхтэй юм байна. Анхны туршилтыг үзэх гэж тухайн үед 300 мянган хүн цуглаж байжээ. Бөмбөлөг амжилттай хөөрч, үүлнээс дээш гарч чадсан ч 45 минутын дараа Парисаас 20 км-ийн зайтай газарт буусан аж. 1930-1960 оны хооронд хэт өндрийн бөмбөлгийг физикчид идэвхитэй судалж, олон удаагийн туршилж хийжээ. Тэр дундаа том гүрнүүд армидаа хэт өндрийн бөмбөлгийг ашиглах оролдлогыг идэвхитэй хийж байжээ.

1960 онд 31300 метрийн өндөрт хэт өндрийн бөмбөлгийг хүргэсэн нь дээд амжилт болж байсан бол түүнээс хойш 2012 онд “Red Bull Stratos” 38969 метр, 2014 онд 41419 метрт тус тус хүрсэн нь одоогийн дээд амжилт болоод байна.

Сансрын бөмбөлөг хүрэх ёстой цэгтээ очсон хойно түүнээс зүүсэн камер, бусад төхөөрөмжүүд нь үүргээ гүйцэтгэж эхэлнэ. Ойрын зайн өгөгдөл дамжуулах, зураг, бичлэг хийх зэргээр ажиллана. Мөн зарим тохиолдолд одон орончид ч сансрын бөмбөлгөөр дамжуулж судалгаа хийдэг юм байна.

Үүргээ гүйцэтгэж буй хэт өндрийн агаарын бөмбөлөг

Хэт өндрийн бөмбөлгийг харилцаа холбоонд ийнхүү ашиглахаас гадна сансрын аялал жуулчлалд ч ашиглаж эхэлж байна. “Zero2infinity”, “World View Enterprises” зэрэг хувийн компаниуд эрдэм шинжилгээ, судалгаанаас гадна арилжааны зорилгоор ашиглах, сансрын аялал жуулчлалд зориулсан хүнгүй, нисгэгчгүй бөмбөлгүүдийг үйлдвэрлэхээр судалж байгаа аж.

Энэ чиглэлээр сурч байгаа оюутнууд, сонирхогчдын хувьд 30000 метрийн өндөрт хөөрдөг бөмбөлгүүдийг түгээмэл ашигладаг бөгөөд зарим нэр хүндтэй их сургуулиудын хичээлийн хөтөлбөрт ийм төрлийн хичээл албан ёсоор багтдаг юм байна. 1964 онд Герман, 1967 онд Финланд улсад сансрын бөмбөлгөөр бичлэг хийсэн нь дэлхийн анхны тохиолдлууд гэж түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.

Сансрын бөмбөлгийг хөөргөхөөс өмнө заавал туршилтад оруулсан байх ёстой. Хүйтэн агаарт тэсэх, чийг усанд норохгүй байх, чичиргээ доргилт зэргээр давах мөн бөмбөлөг гэмтэл аваад хаа нэгтээ уналаа гэхэд зүүсэн төхөөрөмжүүд нь үргэлжлүүлэн ажиллаж байх ёстой зэрэг сорилтыг давах ёстой байдаг юм байна.

Д.Гансаруул

Эх сурвалж: Өдрийн сонин

Сэтгэгдэл (1)
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2019.11.07
192.82.77.143
Batzandan

Delhiin gazriin zurgiig anh ingej