Жагсаалд оролцогчдын дийлэнх нь 40-өөс дээш насныхан байна

Яг одоо Сүхбаатарын талбайд “Монголын Үндэсний фронт" гэх хөдөлгөөний “Эх орон дуудаж байна" нэртэй жагсаал болж байна. Уг жагсаал нь хоёр дахь өдрөө төв талбайд болж байгаа юм. Хөдөлгөөнийг удирдаж генерал Б.Баярмагнай, 2013 онд Төрийн ордны гадна галт зэвсэгтэй баригдсан иргэн Ц.Мөнхбаяр, зураач Л.Өнөрчимэг, Төрийн соёрхолт Н.Нацагням, Тоймч Ш.Гантулга, Босоо хөх Монгол, Даяар Монгол ТББ-ынхан, Ж.Эрдэнэбаяр, Б.Жагар тэргүүтэй "Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн" зэрэг байгууллагууд оролцож байна.

Тэд юуны төлөө жагсаж байгаа вэ гэдгээ Монгол Эх орондоо хайртай, өөрчлөлтийг хүсэж байгаа, Монгол Эх орноо хүчирхэг болгохыг хүссэн, амьдралаа сайжруулахыг хүсч буй, хайртай хүмүүс, үр хүүхдүүдээ эрдэм боловсролтой болгохын төлөө хэмээн тодорхойлж, үүнийг хүссэн хүн болгон фронт гээчид нэгдэж болно хэмээн уриалж байв. 

Жагсаалд оролцогчдын дийлэнх нь 40-өөс дээш насныхан болон ахмад настнууд оролцож байгаа харагдав. Мөн хөдөө, орон нутгийн залуус нэлээдгүй иржээ.

Жагсаалд оролцож буй иргэдийн үзэл бодлыг сонслоо. 

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЗАМЫН-ҮҮД СУМЫН “ДАЛД ХҮН” ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ТЭРГҮҮН Б.УУГАНБАЯР: ЗАЛУУЧУУДЫН ОРОЛЦОО ХЭРЭГТЭЙ БАЙНА

Би Дорноговь аймгийн Замын-Үүдээс жагсаалд оролцох гэж ирсэн. Энэ жагсаалд залуучуудын оролцоо хэрэгтэй байна. Эх орноо цэвэрлэхэд бид оролцох хэрэгтэй. Тийм учраас зорьж ирлээ. Бид эх орон газар шороогүй болох эрсдэлд байна.

Уул уурхай энд тэндгүй эмх замбараагүй байдалд хүрлээ. Монголд гадны иргэд тэр дундаа хятадууд газрыг их хэмжээгээр нь авч байна. Үүнд хариуцсан эзэн алга. Хэн хариуцлага хүлээх ёстой юм бэ. Ард түмэн, тэр дундаа залуучууд бидний оролцоотойгоор төрийг цэвэрлэх хэрэгтэй байна. Залуучууд бид нэгдэж байна. Хараад сууж чадахгүй байна. Тэвчих арга алга. Сэтгэл зүрхээрээ нэгдэж байна. Жагсаал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Эцсийг нь хүртэл хамтдаа байна.

ДОРНОД АЙМГИЙН ИРГЭН ХУВИАРАА ХӨДӨЛМӨР ЭРХЛЭГЧ Б.БАЯРСАЙХАН: АРД ТҮМЭН ЯАЖ Ч ХӨДӨЛМӨРЛӨӨД САЙХАН АМЬДАРЧ ЧАДАХГҮЙ БАЙНА 

Манай улс төрчид дэндүү арчаагүй байна. Боолын нийгмийг бий болгосон. Энэ нийгмийг өөрчлөх хүсэлтэй байгаа учраас өнөөдрийн жагсаалд оролцож байна. Өнөөдрийн жагсаалд аймаг бүрээс оролцож байгаа харагдаж байна. Анх зар тавихад нь шууд жагсаалд оролцохоор шийдсэн. Өнөөдрийн нийгэм цааш явах ямар ч боломжгүй болчихсон гэж харж байна. Ард түмэн ажил хийгээд ядуу хэвээр л байна. Яаж ч хөдөлмөрлөөд сайхан амьдарч чадахгүй байна. Сарын 600, 700 мянган төгрөгийн цалингаар ямар хүн өрөө дараад, хэдэн жил амьдрах юм бэ.

Өр, торгууль, татвар гэхчилэн иргэдээс авах авлага их байна. Тэтгэвэрийг 50 мянган төгрөгөөр нэмэх шийдвэр гаргалаа. Буцаагаад иргэдийн нийгмийн даатгалаас нэг хувийн шимтгэл авна гэж байна. Ард иргэдийн нуруунд маш их ачаалал өгч, шулж байна. Хамгийн гол нь хойшид үлдэх үр хүүхэд, ач зээ нарынхаа ирээдүйн амьдралд санаа зовох юм. Хэдэн жилийн дараа усгүй болно. Газар нутгаа гадныханд их өгч байна. Ямар нийгэм хүлээж байгааг нь мэдэх юм алга. Бид чадлынхаа хэрээр хэдэн төгрөгөө цуглуулж үр хүүхдээ боловсролтой иргэн болгох гэж хичээж байна. Гэвч дээш гарах ямар ч боломж алга. Ардын хүүхэд одоо цагт төрийн өндөр албан тушаалд очиж чадхааргүй болсон. Дээр байгаа нөхдүүдийн үр хүүхэд л байна. Энэ нийгмийг өөрчлөх гээд байгаа юм. 

ХУВИАРАА ХӨДӨЛМӨР ЭРХЛЭГЧ, МУЖААН СХД-ИЙН ИРГЭН Б.ЧИНБОЛД: ХОЁР ЖИЛ ЖДҮ ЗЭЭЛ ХӨӨЦӨЛДӨӨД АВЧ ЧАДААГҮЙ

Бидний сайхан амьдрах боломжийг дээр гарсан УИХ-ын 76 гишүүн булааж байна. Үүнтэй тэмцэхийн тулд өнөөдрийн жагсаалд оролцлоо. Ард түмэн өнөөдрөөс илүү сайхан амьдрах боломж байгаа. Үүнд бүрэн итгэлтэй байна. Ганцхан одоогийн төр барьж байгаа эрхмүүд ард түмний боломжийг үнэхээр хулгайлж байна. Жишээлбэл, Жижиг дунд үйлдвэрлэлийн зээл. Би өөрөө хувиараа хөдөлмөр эрхлэгч, модоор мужаан хийдэг юм.

Хоёр жилийн хугацаанд ЖДҮ зээл авах гэж хөөцөлдөж үзсэн. Ердөө олдоогүй. ЖДҮ зээл авахад тодорхой шаардлага тавьдаг юм билээ. Шаардлагынх нь дагуу суух ёстой бүх сургалт гэхчилэн өөрөөс шалтгаалах бүхнийг хийсэн ч хамрагдаж чадаагүй. Ганцхан шалтгаан хэлдэг “Санхүүжилт байхгүй, санхүүжилт хүрэлцэхгүй байна” гэдэг.

ХУВИАРАА ХӨДӨЛМӨР ЭРХЛЭГ, ГРУППТ БАЙДАГ ИРГЭН С.ДАРХАНБАЯР: ГАЗАР НУТГИЙН МААНЬ 70 ХУВЬ НЬ ЛИЦЕНЗ НЭРЭЭР ХАРИЙНХНЫ ШИРЭЭНД ОЧЧИХЛОО 

Монголчууд бид эцэг дээдсээсээ өвлүүлэн хүлээж авсан энэ газар шорооны эзэн. Энэ сайхан хөх тэнгэрийн дор үеийн үед үүрд мөнх үргэлжлэн амьдрах бидний хөх толботон үрсийн ирээдүйн төлөө сэтгэл зүрх минь өвдөж байгаа учраас энэ жагсаалд оролцох болсон. Бидний ирээдүй нийгэм маань ямар байгааг ард түмэн хэлүүлэлтгүй мэдэж байгаа.

Өнөөдөр иргэдийн амьдрал ямар түвшинд байгаа билээ. Үүнээс гарах гарц байна гэдгийг эрүүл саруул ухаанаар бодож харсан, мэдсэн. Тийм учраас үр хойчдоо  ирээдүйн сайн сайхан нийгмийн эх суурийг нь тавилцах гэж энд ирсэн юм. Монголын ард түмэн саруул ухаантай. Өвөг дээдсээ уламжлан авсан түүх соёл, шастир, ахуйн зан уламжлалтай. Дуунд гардаг тэр сайхан газар нутаг өнөөдөр биднийх биш болчихоод байна. Газар нутгийн маань 70 хувь нь лиценз нэрээр харийнхны ширээнд оччихлоо.

52 хувь нь харийнхан болон дотоодын олигархын банкнуудын барьцаанд яг бодитойгоор байна. Миний хүүхэд өнөөдөр эко систем нь алдагдчихсан хужаагийн химийн бордоотой ногооны зэрлэгийг зулгаах тийм хувь тавилан хүлээж байна. Хаяанд ирчихэж. 3-4 сонгууль өнгөрлөө. Нам дагасан намын нэр барьсан ард түмний амьдралыг уландаа гишгэсэн төрийн хуулийг өөрийн хүссэнээр засаж байгаа тэр нөхдүүдийг авч хаях үйлсэд нэгдэж байна. Ард түмэнд байгаа хамгийн том зэвсэг бол “Үндсэн хууль”.

Үндсэн хуулийн 3-р зүйлийн нэгдүгээр заалт. “Монгол улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаар уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэсэн заалт бий. Өнөөдрийн жагсаалд ихэвчлэн 40-өөс дээш насныхан эмээ, өвөө нар л ирсэн байна. 

Т.ДАШМАА

Эх сурвалж: Zuv.mn

 

 

Сэтгэгдэл (1)
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2019.11.10
202.179.24.254
40 s deesh nastan

Ter ueiig zaluuchuud uneheer medehgui yum .40 deesh nasniihan bid itgeed tedniig orgoson aldaagaa zash ch tednii uchriig bid l olno