Молдир Мекенбаева: Миний өрсөлдөгч ямар байх нь надад хамаагүй учир нь би үргэлж бэлтгэлтэй байдаг


Азийн аварга шалгаруулах жью жицүгийн тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн Казахстан улсын тамирчин Молдир Мекенбаеватай ярилцлаа.


-Азийн аварга шалгаруулах жью жицүгийн тэмцээнээс мөнгөн медаль хүртсэнд баяр хүргэе. Та улаанбаатар хоттой танилцаж амжсан уу?

-Сайн байна уу. Монголд тавтай ирсэн. Би өчигдөрхөн (өнгөрсөн баасан гариг) Монголд ирсэн болохоор хараахан Улаанбаатар хоттой танилцаж амжаагүй л байна.

-Монголд ирсэн анхны сэтгэгдэл ямар байна?

-Би Монголд анх удаа ирж байна. Би хэдий Улаанбаатар хотыг үзэж амжаагүй байгаа ч гэсэн хүн болгон надтай хамт зураг авахуулж, найрсаг, эелдэг хандаж байгаа нь үнэхээр таалагдаж байна.

-Монгол улсын талаар өмнө нь ямар нэгэн төсөөлөл байсан уу?

-Тийм ээ. Монгол Улс нь Казакстан улсын хөрш улс учраас бага зэрэг мэднэ. Монгол Улс надад таалагддаг.

-Гэр бүлийнхнээ танилцуулахгүй юу?

-Манайх ам бүл тавуулаа. Би хоёр эгчтэй. Том эгч маань бразил нөхөртэй. Түүний нөхөр миний дасгалжуулагч. Тэрээр Казахстан улсад анх жью жицүгийн спортыг оруулж ирсэн. Хоёр дахь эгч маань жью жицүгээр хичээллэдэг. Бид хоёр жью жицүгийн тэмцээнд хамт явдаг. Тэр намайг бодвол их туршлагатай л даа. Манай гэр бүл намайг тэмцээнд орох бүрт дагаж явдаг юм. Харин энэ удаад хараахан ирж амжсангүй.

-Барилдааны үед ямар мэхийг голчлон хийдэг вэ?

-Тийм ийм гэсэн онцлог мэх хийдэггүй. Барилдаанаа мэдэрч барилдахыг л хичээдэг. Бэлтгэлээ сайн болон тогтмол хийх нь чухал. Тухайн цаг мөчид ухаан зарж барилддаг. Манай дасгалжуулагч “Өөрийгөө хүчилж бэлтгэл хийхгүйгээр ухаалгаар бэлтгэлээ хангаж бай” гэдэг. Барилдааны үед өрсөлдөгчийн дээр болон доор хаана ч байж болно. Харин тухайн мөчид ямар мэх хийхээ мэддэг учраас ухаан зарж барилддаг.

-Азийн аваргын төлөөх тэмцээний бэлтгэлээ хэр сайн хангасан бэ?

-Би бэлтгэлээ тогтмол хийдэг. Бид зөвхөн тэмцээнд зориулж бэлтгэл хийдэггүй. Үргэлж л бие болон сэтгэл санааны бэлтгэлтэй байхыг хичээдэг. Манай дасгалжуулагч шөнө дунд байхад ч хамаагүй одоо гарч бэлтгэлээ хийе, тэмцээнд оръё гэхэд шууд л бэлэн байдаг. Ер нь бол бид байгаа бүх чадвараа гаргахыг хичээдэг.

-Тэмцээнийхээ өмнө анхаарлаа хэрхэн төвлөрүүлдэг вэ?

-Өдөр бүр бэлтгэл хийхдээ сэтгэл санаа, бие махбодын хувьд бэлэн байхаар сэтгэл зүйгээ бэлддэг. Жишээ нь, энэ тэмцээнд орох эсэхээ долоо хоногийн өмнө л гэхэд мэдээгүй байсан. Казахстаны жью жицүгийн холбооноос саяхан гэнэт шийдвэр гаргасан л даа. Тэгээд л мэдэгдсэн. Сүүлийн онгоцны тасалбараар өчигдөрхөн би энд ирсэн. Хэдий гэнэт шийдвэр гаргаад ирсэн ч гэсэн бэлтгэлтэй, бэлэн байсан болохоор өнөөдөр мөнгөн медалиар энгэрээ мялааж байна. Гэнэт шийдвэр гараад ирсэн болохоор багахан ядарсан л даа.

-Олон ангит кинонд дүр бүтээж байсан. Бөх барилдах болон кинонд тоглох хоёрыг хэрхэн хослуулж байна бэ?

-Би их сургуулийн математикийн ангийн оюутан. Би жүжигчин гэсэн мэргэжлээр сураагүй. Олон ангит кинонд тоглох дүрийн шалгаруулалтанд өөрийгөө сорьсон. Тэгээд л тэнцчихсэн. Жью жицүгийн спортод би дуртай. Би математик, кинонд тоглох, барилдах гуравтаа гурвууланд нь дуртай. Аль болох амжуулаад хийхийг хүсдэг зүйлүүд минь юм даа.

-Киноны ертөнц шигээ загварын тайзыг сонирхох бодол бий юү?

-Миний хобби кинонд тоглох. Загвар өмсөж модель болох сонирхол надад байхгүй. Мөн жью жицүгийн спортыг сурталчлах модель байсан нь дээр санагддаг. Жүжигчин болохыг ч зориогүй л дээ. Харин боловсролын салбарт ажиллах хүсэлтэй. Бүх зүйлд бэлтгэлтэй бай гэдэг шиг. Надад кинонд тоглох санал ирвэл киноны зохиол болон дүр нь таалагдвал тоглоно. Татгалзахгүй.

-Таны ирээдүйн зорилго юу вэ?

-Хамгийн эхний зорилго бол Казахстан улсын анхны жью жицүгийн хар бүстэй эмэгтэй тамирчин болох. Мөн жью жицү гэсэн энэ спортыг Казахстан улс даяар дэлгэрүүлэхийг хүсч байна. Жью жицү хурдтай өсч байгаа спорт. Тийм болохоор улсдаа өөрийн гэсэн сургалтын төв ажиллуулж, багш дасгалжуулагч болно. Бас би ирээдүйдээ математикийнхаа чиглэлээр магистр хамгаалах зорилго тавиад байгаа.

-Таны эцэг, эх жью жицүгийн спортоор хичээллэхийг тань дэмждэг байх. Эцэг, эх тань хэрхэн зөвлөгөө өгдөг вэ?

-Манай аав ,ээж хоёр жью жицүгийн спортоор хичээлэхийг минь хүлээн зөвшөөрсөн. Өнөөдөр хэдий энд ирээгүй ч гэсэн интернэтээр миний барилдаануудыг үзэж байгаа. Тиймээс үргэлж намайг дэмждэг. Аав минь надад хэлэхдээ “Жью жицүгийн спортоор хичээллэхдээ үргэлж өөрийнхөө сонирхлоор байгаарай. Барилдах бүртээ өрсөлдөгч гэсэн утгаар биш өөртөө таатай мэдрэмж авахаар барилдаарай” гэдэг. Хэдий би түрүүлэхийг хүсэж байгаа ч өөрийнхөөрөө хөгжилдөж, таатай мэдрэмж авахаар барилддаг.

-Тэмцээнд орох үедээ өрсөлдөгчөө хэр судалдаг вэ?

-Би судалдаггүй. Гэхдээ нэг жинд барилддаг хүмүүстэйгээ тэмцээн дээр ихэвчлэн тааралддаг учраас бага зэрэг мэднэ. Миний өрсөлдөгч ямар байх нь надад хамаагүй. Учир нь би үргэлж бэлтгэлтэй байдаг. Хэзээ ч барилдахад бэлэн байхаар сэтгэл зүйгээ бэлддэг учир миний өрсөлдөгч хэн байх нь надад хамаагүй.

-Монгол аялал жуулчлалын шугамаар дахин ирэх төлөвлөгөө бий юү?

-Хэрвээ надад боломж, цаг хугацаа нь байх юм бол би заавал ирнэ. Учир нь гэвэл би аялахыг үнэхээр их хүсдэг. Одоогоор би Улаанбаатар хотод байна. Хэрвээ дараа ирвэл хотоос гарч хөдөө нутгийг зорино.

-Дасгалжуулагч чинь дэвжээн дээр гарахын өмнө танд хэрхэн зөвлөдөг вэ?

-Ер нь бол дасгалжуулагч маань бэлтгэл хийхэд үргэлж үлгэр дуурайл болдог. Энэ нь намайг зоригжуулдаг. Дэвжээн дээр гарахад бэлтгэл чинь бүрэн хангагдсан л гэж хэлдэг.

-Өдөрт хэдэн цаг бэлтгэл хийдэг вэ?

-Би өдөр бүр бэлтгэл хийхийг хүсдэг. Гэтэл би оюутан учраас хичээлийнхээ цагаас хамаарч долоо хоногт 5-6 өдөр бэлтгэл хийдэг. Хэрвээ би амралттай, завтай байх юм бол өдөрт хоёр удаа бэлтгэл хийнэ. Надад бүтэн өдрийн зав байвал өглөөнөөс орой хүртэл бэлтгэл хийж ч чадна. Яагаад гэвэл би энэ спортод дуртай. Ерөнхийдөө бол цаг 30 минутаас хоёр цаг хийдэг. Амралтын өдөр байвал дөрвөн цаг хийнэ.

-Монгол улсад жью жицү спортыг хөгжүүлэхэд нэмэр болох ямар нэгэн уриалга хэлээч?

-Жью жицү спорт нь эрүүл мэндэд үнэхээр сайн. Шатар тоглохтой адил оюун санаанд бас сайнаар нөлөөлдөг. Энэ спортоор найман настнаас ная хүртэлх бүхий л насныхан хичээллэх боломжтой. Онгоцны буудал дээр намайг угтаж авсан болон надад бэлэг өгсөн хүмүүст маш их баярлалаа. Надад үнэхээр их таалагдаж байна. Залуучууд аа, жью жицү спортоор хичээллэцгээгээрэй гэж хэлмээр байна.

Эх сурвалж : Jirgee.mn



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна