Н.Энхбаяр: Ерөнхийлөгч Засгийн газраа толгойлдог байх нь зөв

Өчигдөр 16 цаг 00 минут

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл дэх Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах асуудлаар хэлэлцүүлэг  өнөөдөр Төрийн ордонд болж  байна. 

Үндсэн хуулийн Зөвшилцөх ажлын хэсгээс зохион байгуулж байгаа уг хэлэлцүүлэгт судлаачид, улстөрийн намуудын төлөөлөл оролцож байр сууриа илэрхийлжээ.

Энэ үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр өөрийн байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр, “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт онолын дагуу явагдах учиртай. Харамсалтай нь, ийм байж чадахгүй байна. Парламентын гишүүдийг ард түмэн сонгож чадаж байгаа ч Засгийн газрын гишүүдийн сонгож чадахгүй байна. Засгийн газрын гишүүд нь парламент дотроос төрдөг. Парламент, Засгийн газар хоорондоо холилдсоноор Засгийн газарт парламент нь хариуцлага тооцож чаддаггүйгээс сүүлийн 20 гаруй жил Монгол Улсад хариуцлага тооцдог субъект гэж байхгүй болсон. Тиймээс бидний зүгээс дэвшүүлж байгаа санал бол Засгийн газрыг ард түмэн байгуулдаг болъё. Яаж байгуулах вэ гэхээр ард түмэн Ерөнхийлөгчийг сонгоод, Ерөнхийлөгч Засгийн газраа толгойлдог байх. Харин намууд өрсөлдөж парламентад олонх, цөөнхийг бүрдүүлэх. Ингэснээр Засгийн газар, парламент хоёр хоорондоо огт холбоогүй болно.

Засгийн газрыг Ерөнхийлөгч толгойлсноор Засгийн газрын нэг ч гишүүн парламентад байхгүй тус тусдаа болсноор хяналтын систем нэмэгдэнэ. Өнөөдөр олонх болсон намын дарга Засгийн газраа толгойлсноор Засгийн газар, парламент хоёр бие биеэ хянаж чадахгүй байна. Мөн шүүхийг ч ард түмэн сонгодог болох ёстой. Ерөнхийлөгч төсөлдөө парламентын гишүүдийн тоог 108 болгох гэсэн нь  хэт олон тоо. Манай намын зүгээс 55 болговол зохистой гэж үзэж байна. Ингэхдээ хоёр танхимтай  парламент байх нь зөв гэж бодож байна. Байнгын ажиллагаатай парламент нь 55 гишүүнтэй  байхад хангалттай” хэмээн ярьжээ.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна