Синдикат ярилцлага #39 Хот төлөвлөлт


Агаар, ус, хөрсний бохирдол, авто замын түгжрэл ба зогсоолын асуудал, хүн амын нягтшил, гэр хороолол ба шилжилт хөдөлгөөн, нийтийн тээвэр, хог, ногоон байгууламж, цахилгаан ба дулааны хүрэлцээ зэрэг хотын асуудал ба шийдлийг Синдикат ярилцлагын шинэ дугаараар онцгойлон хөндлөө. Энэ удаагийн дугаарын эрхэм зочдоор Хот байгуулалт хөгжлийн газрын ерөнхий архитектурын ажлын албаны дарга А.Баттөмөр, хот төлөвлөгч Т.Алдарсайхан, “Нью Урбанизм” компанийн захирал З.Туяа, “Хөгжлийн бодлого төлөвлөлтийн институти”-ийн захирал Л.Ану-Үжин нар оролцлоо.
 

В.Ганзориг: Хот төлөвлөлт гээд ярихаар харамсалтай нь эхлээд асуудлуудаа дурайтал хэлэх ёстой болоод байна. Тухайлбал, агаар, ус, хөрсний бохирдол, утаа, цэвэрлэх байгууламжийн айхтар үнэр, замын түгжрэл, нийтийн тээвэр, цахилгаан, дулааны хүрэлцээ, хог, машины зогсоол, гэр хорооллын асуудал гэх мэт. Эдгээр асуудал гэнэт нэг өдөр үүсээгүй байх. Эдгээр асуудлын суурь шалтгаан юу вэ?

З.Туяа: 30 гаруй жилийн өмнө байсан төвлөрсөн төлөвлөгөөт систем маань хот төлөвлөлтийн хувьд зах зээлийн зарчим руу шилжиж чадаагүйтэй холбоотой. Төвлөрсөн төлөвлөгөөт системийн үед зөвхөн мөнгөн урсгал биш удирдлага ч мөн адил босоо тогтолцоотой байсан нь бүхнийг хянаад явахад боломжтой байжээ. Би буруу санаагүй бол төлөвлөгөөний комисс улсаас зарцуулж буй нэг төгрөг бүрийн ашгийг тооцдог байсан. Машин ямар хурдтай ажиллавал хамгийн өндөр үр ашигтай байх тооцооллыг хүртэл хийдэг байв. Харин одоо маш олон шийдвэр гаргагчтай, маш олон хөрөнгийн урсгалтай орчилд координациа хийж чадахгүй байна. Хот төлөвлөлт гэдэг цаасан дээр төлөвлөгөө зохиохыг хэлдэггүй. Бүх салбарыг зэрэг төлөвлөж, нийт хөрөнгө оруулалтыг тооцож гэмээнэ байгаа нөөцөө хэрхэн хамгийн зохистой, үр ашигтай зарцуулахыг хэлдэг. Төлөвлөлтийн систем маань хэтэрхий дээрээс доошоо байгааг одоо хүртэл сольж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, бүх мөнгийг базаад нэг тогоо руу хийгээд маш олон хоолойгоор урсган цацаж байна. Хамгийн багадаа хорооны орон нутгийг хөгжүүлэх сан гэж бий. Энэ сангийн төлөвлөгөө бусад сан, төсвийн зардал, төлөвлөгөөнүүдтэй ерөөсөө нийлдэггүй. Нийслэлийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг хувийн хэвшлийн асуудлаас ялгах хэрэгтэй. Алийг нь төр, алийг нь хувийн хэвшил, алийг нь өмчийн эзэд болсон иргэд өөрсдөө шийдэж, ямар үүрэгтэй оролцохыг нь зааглаагүй учраас хуримтлагдаж явсаар байгаад том асуудал болчихоод байна. Хот төлөвлөлт гэдэг бол газар зохион байгуулалт, эсвэл байшин биш. Харин салбар хоорондын уялдааг хангаж буй систем юм. Үүн дээрээ л бид алдаад байна.  

Т.Ану-Үжин: Олон улсад хотын засаглал гэдэг ойлголт бий болсон. НҮБ-ын хүн амын нутагшил, суурьшлын хөтөлбөрийн төлөвлөгөөгөөр шинэ байгуулагдаж буй хотууд төдийгүй одоо асуудалтай байгаа хотуудын хувьд засаглал гэдэг зүйл заавал байх ёстойг зарласан. Хотын засаглал гэдэг нь хот, орон нутаг зэрэг бүх шатанд барилга, эрчим хүч, ус, байгаль орчин зэрэг бүхий л салбарууд нь улс төрийн төвшин хүртлээ бүгд жигд оролцоотой бөгөөд хоорондоо хамтын ажиллагаатай байх тухай ойлголт юм. Ингэж байж агаар болон хөрсний бохирдол, эдийн засгийн асуудлуудаа нэг төвшний удирдлага дор харж цогцоор нь шийдэх боломжтой. Манайд ийм удирдлага нь алга. Удирдлагууд нь хоорондоо хамтарч ажиллахгүй байна, өөрөө өөрийгөө удирдах засаглал гэдэг зүйл байхгүй байна.  

Т.Алдарсайхан: Улаанбаатар хотод тулгараад буй асуудлууд шинэ зүйл биш. Дэлхийн томоохон хотууд өөрсдийн гэр хороололтой, агаарын бохирдол зэрэг асуудалтай байсан. Тэдний давуу тал бол асуудлуудаасаа суралцаад, хөгжөөд цаашаа явсан. Нийгмийн эрүүл мэндийн шалтгааны улмаас хот төлөвлөлт анх үүссэн түүхтэй. Төр, хувийн хэвшил, иргэд хоорондын зохицуулалт байхгүйгээс дурын хүн хүссэн зүйлээ хийж, үүний улмаас хотын иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж эхэлсэн. Ингээд архитекторууд санаачлаад нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдтэй нийлээд хот төлөвлөлт гэдэг зүйл байх ёстой юм байна аа гээд энэ салбар үүссэн. Хот төлөвлөлтөд эдгээрээс гадна нийгмийн маш олон салбарынхан нэгдэж ордог. Манай улсын хувьд эдгээр институтиуд маань чадавхигүй болсон, хоорондоо хамтарч ажиллахгүй байгаа нь асуудал болсон. Социализмын үед хичнээн цэгцтэй, зохион байгуулалттай хот байсан ч гэсэн бүх удирдлага дээрээс доошоо байсан учраас иргэд яг юу хүсээд байгаа, тэдэнд ямар хүндрэл учирч байгааг мэддэггүй байсан. Бидний алдаа бол одоо хүртэл энэ системээрээ яваад байгаад оршино. Ардчилсан нийгэмд удирдлага ба мэдээллийн урсгал дээрээс доошоо, доороос дээшээ явдаг байх ёстой. Энэ зохион байгуулалт дээрээ л сайн ажиллах хэрэгтэй байна. Тал бүрдээ ажлаа сайн мэдэхгүй, иргэд өөрсдөө ч юу хүсээд байгаагаа мэдэхгүй зүйлс анзаарагддаг.  

А.Баттөмөр: Улаанбаатар хот 1954 оноос хойш төлөвлөлт хийж эхэлсэн. Оросуудын тусламжтай нийт дөрвөн удаагийн төлөвлөлт хийснээс хамгийн сүүлд 1986 онд Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөлтийг хийсэн байдаг. Тухайн үед төлөвлөгдсөн инженерийн шугам сүлжээ, орон сууцны хангамж, нийгмийн үйлчилгээний дэд бүтцүүд цогц төлөвлөгөө, нэгдсэн төсөвтэй орж ирдэг байсан. Зах зээлд шилжсэнээс хойш энэ урсгал үгүй болж, улмаар бүс нутгийн хөгжил доройтсон. Үүнээс шалтгаалаад хүн амын шилжилт хөдөлгөөн эрс ихэссэн. Хот руу шилжиж орж буй хүмүүсийг орон сууцжуулах бодлогогүйн улмаас одоогийн асуудлууд үүссэн. Улаанбаатар хот 800 мянган хүний хэрэглээг хангах дэд бүтэцтэй атлаа хэдийнэ 1,44 сая хүнтэй болчихоод байна. Үүнээс болж замын түгжрэл, халаалт, бохирын дэд бүтцийн хүрэлцээ, нийгмийн үйлчилгээний дутагдал үүслээ. Өнөөдөр Улаанбаатар хот 380 мянган өрхтэй бөгөөд үүний 220 мянган өрх нь гэр хороололд амьдарч байна. Эдгээр өрхүүд орчны бохирдол үүсгэж буй гол эх үүсвэр нь болсон. Иймээс Улаанбаатар хотын бусад бүсүүдийг тэнцвэртэй байдлаар хөгжүүлэх зүй ёсны шаардлага үүссэн. Ингэж байж хүн амын хэт төвлөрөлийг шийдэх боломжтой. Үүнээс цаашилбал иргэд маань хотын соёлд суралцах гээд асуудлууд бий бий.

В.Ганзориг: Засаглал, зохион байгуулалт, стратеги төлөвлөгөө энэ бүх асуудлын гогцоо гэж та бүхэн хэллээ. Гэтэл Улаанбаатар хот дангаараа Монголын ДНБ-ийн 64%-ийг үйлдвэрлэдэг. Өөрөөр хэлбэл хотод эдийн засгийн ийм том нөөц байна. Энэ нөөцийг ашиглан хотын асуудлаа хэрхэн шийдэх боломжтой вэ? 

З.Туяа: Улсаас зарцуулж буй нэг төгрөг бүр өөрийн өгөөжтэй байх ёстой. Хуучин цагт газар дээр нь буутал төлөвлөлт хийдэг байв. Гэтэл өнөөдөр улс дангаараа хөрөнгө оруулахаа байсан. Гэр хороололд өөрийнхөө байшин засаж буй хүн бүр хот төлөвлөлтөд хөрөнгө оруулж байна гэсэн үг. Эдгээр хөрөнгө оруулалтыг зөв залах хэрэгтэй. Газрын эзэд болсон иргэд, хувийн хэвшил ба хотын хооронд ойлголцлын талбар хэрэгтэй болсон. Талуудын оролцоог үүрэгжүүлэх цаг болжээ. Өнөөдөр газар олголтыг хамгийн хямд орон сууцны нийлүүлэлт шиг өгч байна. Хувийн хэвшил эдгээр газар дээр байшин барьсан ч зах зээлийн эрэлт ба нийлүүлэлтийн үнэ таарахгүйгээс байр нь зарагддаггүй. Өөрөөр хэлбэл, хамгийн хямд газрын нийлүүлэлт хэдийнэ хийгдчихсэн. Гэтэл газар гэдэг бол бидний дундын бөгөөд хамгийн эрүүл байлгах ёстой талбар. Үүн дээр хот хяналтаа тавьж байх ёстой. Гэтэл нэг хашаанд хэдэн ч 00 ухах, тухайн хашаа хороолол ямар байдалтай байхыг нь үг дуугүй зөвшөөрөөд явж байна. Уг нь тэр хүн газрын эзэн нь юм бол бусдад сөрөг нөлөөгүй амьдрах нөхцлийг нь хот тодорхойлж гарган мөрдүүлэх учиртай.

Нөгөө талдаа хотод шугам сүлжээ хийгээд байгаа мэт боловч дэд бүтэцтэй л болохоос биш амьдрах орчны чанар нь алдагдсан баахан том байшин хороололтой болсон. Өмчийн эзэн нь байгаа орчноо хамгаалах, талуудын үүрэг хариуцлагыг тодорхойлох, хотын 400 мянган өрхийн оролцоог хангасан шийдэл гаргаж өгөхөөс нааш хотын удирдлага энэ бүх асуудлыг дангаараа шийдэж хэзээ ч барахгүй. Одоо энэ зам тавьж буй хөрөнгө оруулалтын талаар шуугиад байна. Улаанбаатарт 220 мянган яндан байна гэж дээр хэлсэн. Энэ өрхүүд хотын хойд хэсэгт амьдардаг. Хотод хийж буй дэд бүтцийн том хөрөнгө оруулалтаас хэд нь энэ өрхүүд рүү чиглэсэн бэ? Эдгээр хөрөнгө оруулалтын үр өгөөжийг хэн хүртээд байгаа юм бэ? Өнөөдөр Улаанбаатар хотын төв талбай дээр бохир үнэртэй байна. Хүмүүс нягтарч амьдрахаар ийм асуудал үүсдэг юм байна гэдгийг иргэн бүр мэдрээд эхэлсэн. Иймээс хөрөнгө оруулалт ба төлөвлөлт хоёрыг эрэмбэлж, хооронд нь маш уялдаатай зөв удирдан, хувь хүмүүсийн нөөцийг ашиглан, тэдний оруулж буй хөрөнгө оруулалтыг зөв залж ажиллахгүй бол болохгүй ээ. Ингэж чадахгүй бол үүнээс өндөр өртгөөр засаж залруулах болно.   

Т.Алдарсайхан: Хот гэдэг бол уг нь олон хүн цуглан харилцаанд ордог, шинэ санаа байнга гардаг, нэг хүний бүтээмж байнга өсдөг боломж дүүрэн газар. Сүүлийн үед Улаанбаатар хотод илт анзаарагдаж буй зүйл бол орлого ба иргэн хүний хүртэх ёстой боломжуудын тэгш бус байдал хэрээс хэтэрч байна. Би эндээ улсын сургуульд суралцаад гадагшаа явж суралцсан. Миний үед маш их боломжтой байсан. Төрөөс үзүүлдэг эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний чанар хотод эрс муудсан. Нэг хэсэг хүмүүс боломжуудаа хүртээд яваад байхад нөгөө хэсэг нь эдгээр үйлчилгээнээс бараг тэр чигээрээ хаягдаж байна. Хоёр хотын туйл гэдэг шиг нэг мөртлөө дотроо шал өөр хоёр хот Улаанбаатарт үүсч байна. Энэ бол маш том асуудал! Хүнээ хөгжүүлж байж л хотоо хөгжүүлнэ. Үүнийг бид маш сайн анзаарч ойлгох ёстой. Ганжавхлан сошиал дээр бичсэн байсан. Ердөө хоорондоо 400 метрийн зайд байгаа хэрнээ ус ч үгүй, 00 ч үгүй нэгэн байхад ердөө цаахна нь зайсанд хүмүүс яаж амьдардаг билээ? Хотын хөрөнгө оруулалт хаашаа явж байна одоо? Зайсан руу л зам засаад, шугам татаад байдаг. Харин хотын хойшоо дахин төлөвлөлт гээд хувийн хэвшлийг оруулчихдаг. Энэ дээр төрийн зохицуулалт, зохион байгуулалт байх ёстой шүү дээ. Нөгөө талаас хүнд сонголт өгч байж эрхийг нь хязгаарлах ёстой. Амьдралын боломжгүй хүн дээр ирээд чи ингэж, тэгэж болохгүй гээд ямар ч нэмэргүй. Янз бүрийн үйлдлийг хориглосон хичнээн хууль, журам гаргасныг бид мэднэ. Амьдрал дээр тэдгээр нь манай хотод хэрэгждэггүй. Газар дээрээ сонголтгүй хүмүүст энэ хууль, дүрэм ямар ч хамаагүй болдог.

З.Туяа: Манайхан хууль, дүрэм хэрэгжүүлнэ гэж яриад байдаг. Уг нь төр, иргэний хооронд хууль эрх зүйн орчныг мөрдүүлэх гээд байгаа юм. Хууль мөрдүүлэх орчинд хязгаарлалтууд байдаг. Системээр нь зөв болгохгүй бол хууль дүрмийг хотын мэргэжилтнүүд бүгдийг нь мөрдүүлнэ гэвэл гүйцэхгүй. Алдараагийн хэлж буйтай санал нэг байна. Өмнө нь бид хотын иргэдийн нийгмийн ялгааг тэр бүр ярьж байгаагүй. Төрийн үйлчилгээг иргэдэд хэрхэн тэнцвэртэй жигд хүргэх, хотод оруулж буй хөрөнгө оруулалтын өгөөжийг хамгийн их хүртэх ёстой хүмүүст нь хэрхэн хүргэх асуудлуудыг нь хот төлөвлөлтийн бодлогодоо зайлшгүй тусгах ёстой. Байшин хороолол барьж буй компанийг улсыг комисс шалган хүлээн авдаг атлаа гэр хорооллын дугаар иргэний байшин сууцанд ямар ч хяналт стандарт тавьдаггүй. Усаар жишээ авахад, орон сууцны иргэд усанд хэдэн төгрөг зарцуулж буйг гэр хорооллын хүмүүс ус авахдаа ямар хугацаа зарцуулж байгаатай харьцуулж бодох хэрэгтэй. Үйлчилгээний тариф тэгэхээр шударга байж чадаж байна уу? Долоон буудлын оршин суугчидтай уулзаад явж байхад тэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн яваад ирэхийн тулд манай гэр бүл бүтэн өдөр зарцуулдаг тухайгаа хэлж байсан. Яагаад хотын хойд хэсэгт хөрөнгө оруулаад ийм цэцэрлэгт хүрээлэн байгуулж болдоггүй юм бэ? Туул голын хөвөө болох зайсанд өнөөдөр метр квадрат нь долоон сая төгрөгийн үнэтэй орон сууц баригдаж байна. Үүний өгөөж хотын асуудлыг шийдэхэд зарцуулагдаж байгаа юу? Энэ мэт тэнцвэржүүлэх бодлогын талаар илүү сайн ярилцах ёстой санагддаг.

Л.Ану-Үжин: Хүртээмжийг бий болгох, иргэдэд хүргэх, хуваарилах талаар ярилцаж байна. Систем талаас нь ажил үүргийн хуваарилалт дутуу дулимаг байгаа юм уу гэж би хараад байна. 1990-ээд оны эхээр Монголд төрийн өмчийн хувьчлал, дахин хуваарилалт явагдсан. Одоо бидэнд хэрэгтэй зүйл нь үүргийн хувьчлал болоод байна. Хот, орон нутгийн иргэд, хувийн хэвшил өөрсдийн гэсэн хөгжих зорилго, үүрэг, эдийн засгийн төлөвлөгөөтэй байх ёстой. Энэ нь хотын ерөнхий төлөвлөлт, хөрөнгө оруулалт, дэд бүтцийн төлөвлөгөөтэй уялдах ёстой. Ингэж байж хоорондоо хамааралтай бөгөөд бие даасан систем үүсдэг.    
З.Туяа: Үүнийг ярихаар эрх зүйн орчин руу орчихдог. Тухайлбал, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, Орон нутгийн засаг захиргааны тухай хууль гээд ярихаар хот бөгөөд сум суурингууд, тэр бүү хэл нийслэл Улаанбаатар хот бие даан хөрөнгө босгох, эх үүсвэр татах эрхгүй байдаг. Нийслэл Улаанбаатар гэдэг үгсийг хоршоо үг шиг ашиглаад буйд асуудал оршдог. Нийслэл бол нийслэл. Нөгөө талдаа Улаанбаатар бол хот. Энэ статус тусдаа байх ёстой. Өөрөөр хэлбэл, энэ бол county ба хот гэсэн хоёр өөр ойлголт юм. Бид үүнийхээ ялгааг гаргаагүй явж байгаа. Сум бөгөөд сумын төв гэж бас ярьдаг. 15 мянган хүнээс давбал хот болдог. Түүнээс доош бол тосгон болно гэдэг. Гэтэл өнөөдөр сум, аймгийн төв нэртэй газрууд байхаас хотууд байхгүй болчихсон. Эдгээр суурьшлын бүсүүдийн хил хязгаарыг одоо хүртэл зааж өгөөгүй. Дөнгөж уржнан жил Улаанбаатар хот анх удаа хилтэй боллоо шүү дээ. Нийслэл Улаанбаатар гэдэг бол хоршоо үг биш. Нийслэл тусдаа, хот гэдэг нь бас тусдаа статус гэдгийг ойлгох хэрэгтэй. Улаанбаатар хотын үүрэг Монгол улсын хэмжээнд ийм том байхад энэ хот өөрийнхөө нутаг дэвсгэрийн хэмжээнд бие даан ямар төсвөөр, ямар бүтээн байгуулалт хийж болох тухай зохицуулалт байхгүй. Асуудлыг зөвхөн нийслэлийн хэмжээнд харах нь учир дутагдалтай. Нийслэлийн засаг дарга маань аль нүүрээрээ засаг дарга, аль нүүрээрээ хотын захирагч болж хувираад байгаа нь мэдэгддэггүй. Хот байгуулалтын тухай хууль гэж бий. Энэ хуулиар бүс нутаг, Монгол улсын нөөцийн асуудлыг нэг хөндөөд л, нэг бол хил хязгаарт буй жижиг асуудлыг яриад байдаг. Эдгээр асуудлуудаа бид ялгаж салгах хэрэгтэй. Тэгэхгүй бол бөөн асуудал дунд төөрсөн хүмүүс болчихоод байна даа. Монгол Улсын хүн амын тал нь энэ хотод байгаа юм бол өөрөө өөрсдийгөө аваад явах хүрдтэй болох ёстой.  

А.Баттөмөр: Улаанбаатар хот тэлсэн хэдий ч хот тэлэлтийн зарчмаар яваагүй. Нүүдэлчин маягаар хүмүүс хотод ирж суурьшаад, араас нь газрын зөвшөөрлүүд нь олгогдсон. Уг нь хот тэлэхдээ зохион байгуулалттай, төлөвлөлттэй хийгдэх ёстой. Хот дотор хоёр туйл үүссэн гэдэгтэй санал нэг байна. Үүний шалтгаан нь хот төлөвлөлтгүй, зохион байгуулалтгүй байсантай холбоотой. Одоо хойшоо дэд бүтэц татахаар үүнтэй холбоотой хөрөнгө оруулалтаас гадна урсгал зардал улам л нэмэгдэнэ. Үе үеийн засаг дарга нар орчны бохирдол, утаатай тэмцэх олон ажил хийж, арга хэмжээ авахыг оролдсон ч үр дүнд хүрээгүй. Шийдэл юу байж болох тухай хувийн бодлоо хэлэхэд дагуул, хаяа хотуудыг байгуулах. Энэ ажлыг хийх шугам сүлжээ, нөөц хангалттай байгаа. Тэнд ажлын байр шинээр бий болгох, аж үйлдвэрийн парк байгуулах гэх мэт төслүүд хийгдэж байна. Хотод ажилгүй, орлогогүй байгаа иргэдийг Мэргэжил сургалтын төвүүдтэй хамтран мэргэжил олгон ажлаар байраар хангаж хотоос шилжүүлэн суурьшуулах ажлыг хийвэл үүсээд байгаа асуудлыг хамгийн хурдан шийдэх боломжтой гэж би боддог. Нүүлгэн шилжүүлэх газрыг нь дараа чөлөөлөх асуудал үүсэх байх.

З.Туяа: Бид тэр газрыг нь тухайн хүмүүст өмч гээд өгсөн. Зарим хүмүүс хот төлөвлөлтөө цогцоор нь хийж шийдэхээс нааш газраа өмчлөх ёсгүй байсан юм гээд одоо ярьдаг. Гэхдээ бид иргэддээ газар өмчлүүлэх шийдвэрийг 2003 онд гаргаад хэдийнэ мориндоо мордсон. Үүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Одоо харин өмчийн эзэдтэй хэрхэн харьцах гаргалгаагаа гаргах хэрэгтэй. Хот төлөвлөлтийн бичиг баримт гэж бий. Энд бидний амьдрах орчны тухай маш том стандарт байдаг. Эдгээр стандарт 100 хувь хангагдах хэмжээнд төлөвлөлтийг хийх ёстой. Гэтэл бидэнд эдгээр стандартыг ханган төлөвлөж гүйцэтгэл хийх хөрөнгө байхгүй. Явсаар байгаад бодит амьдрал дээр зургаан эгнээ төлөвлөсөн зам хоёр эгнээ хийгдэх жишээтэй. Хэзээ хот стандартын дагуу замаа хийх хөрөнгөтэй болох вэ? Тэр хүртэл бид яаж аргалах вэ гэдэг асуудалтай тулдаг. Амарсайхан даргын хамгийн сүүлд дэвшүүлсэн агаарын замын төсөл Таван шараас Амгалан хүртэл явна гэсэн. Гэтэл асуудлын гол болсон нөгөө 220 мянган өрх хаана байгаа билээ? Тэгэхээр бид асуудлаа яг харж чадаж байна уу? Асуудал бүхий дүүрэг хороонд автобусны буудал руу дор хаяж нэг км гаруй алхаж очдог олон өрхүүд байдаг. Тэнд такси үйлчилгээ байхгүй л бол орой үдэш маш хэцүү нөхцөлтэй байдаг. Энэ асуудлаа шийдэхийн тулд бүх хүмүүс машин худалдаж авч байна. Тэгэхээр бид асуудлаа судлан системээр нь харах ёстой. Эсвэл хүмүүсийг Таван шараас Амгалан хүртэл хурдан хүргэх ёстой том шаардлага, асуудал байдаг юм болов уу? Машинтай хүмүүст зориулж замаа шийдэх үү, эсвэл машингүй хүмүүст зориулж нийтийн тээврээ шийдэх үү гэдэг эрэмбээ тооцох хэрэгтэй байна.  

В.Ганзориг: Энэ бүх асуудлыг хотын удирдлага мэдэхгүй, санаа зовохгүй яваа гэж бодохгүй байна. Улаанбаатар хотын ирэх жилүүдийн ерөнхий төлөвлөлт, стратеги төлөвлөгөө гэж мэдээж байгаа биз дээ Баттөмөр дарга аа?

А.Баттөмөр: Байгаа.

В.Ганзориг: Тэгвэл гарсан тэр төлөвлөлт нь мэргэжлийн хүмүүсийн шаардлагыг нь хангадаггүй юм уу? Яагаад зөрүү үүсээд, амьдрал дээр тэр бүр хэрэгжихгүй байна аа?

А.Баттөмөр: Мэргэжилтэн, хот судлаачдын хооронд зөрүү үүсдэг. Тухайн үед баталсан урт хугацааны хот төлөвлөлтийн мэдээ, мэдээллийг олон нийтэд нээлттэй байдлаар сурталчлах ажил дутуу дулимаг хийгдсэнтэй холбоотой болов уу. Би өөрийнхөө жишээн дээр яръя. 2002 онд Улаанбаатар хотыг хөгжүүлэх 2020 оны ерөнхий төлөвлөгөө батлагджээ. Энэ ажилд ороод л би энэ тухай мэдсэн. Уг төлөвлөгөөтэй танилцахад бараг хэн ч үзээгүй, уг төлөвлөгөөг хийсэн улсууд нь өөрсдөө ч бараг сөхөж хардаггүй байдалтай байсан. Нөгөө 800 мянган хүнд зориулан төлөвлөсөн хотод 2004 оноос хойш тухайлбал, 2010 онд Улаанбаатар хотод хүн амын маш том нягтрал үүссэн. Бидний яриад буй хотын асуудлууд энэ үеэс эхлэн үүсч эхэлсэн. Гэтэл хотын ерөнхий төлөвлөлт маань энэ үүссэн нөхцөл байдалд хэрэгжихэд тун бэрх болсон. Улмаар хотын ерөнхий төлөвлөгөөг  шинэчлэх ажил 2010 оноос явагдсан. Барилга, хот байгуулалтын яам, ЖАЙКА хамтраад 2013 онд 2020 оны ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хотын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, УИХ-аар батлуулж хууль болгосон. Үүнээс хойш хот байгуулалтын аливаа асуудал ерөнхий төлөвлөлтөө барих ёстой гэдэг чиглэлтэй болсон. Сүүлд хийсэн хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу хэсэгчилсэн, нарийвчилсан төлөвлөлтүүдийг хувийн хэвшилтэй хамтраад хийж байгаа. Үүний дагуу нийслэл хот нийт 47 нэгж хороололтой байхаас гэр хорооллын барилгажаагүй 29 нэгж хорооллын ерөнхий төлөвлөгөөг хийж дууссан. Энэ төлөвлөлтөө хэрэгжүүлэх, хотын гоо зүйн талаас ажлаа хийх гэхээр газар олголт, өмчлөлийн асуудал шууд хөндөгддөг. Тухайлбал, нэг тэрбум төгрөгөөр нэг га талбай дээр сургууль барих ёстой боллоо гэхэд уг газрын өмчилсөн гэх иргэд цаашаа харж хэвтээд нэг га газрыг нэг тэрбум төгрөгөөр чөлөөлөх жишээтэй. Бүхэл бүтэн шинэ сургуулийн өртгөөр газар чөлөөлөх энэ мэт хүндрэлтэй асуудлуудтай тулдаг. Газрын ингэж асар замбараагүй олгосон байна гэсэн үг.       

З.Туяа: Орон сууц өмчилсний дараа иргэд өмчтэй байх ёстой гээд газар руу орсон. Газар бол яах аргагүй орон сууцны нэг хэлбэр. Бид бас ч гэж бусад орны хүмүүсийг бодвол өөрийн гэсэн сууцтай хүмүүс шүү. Хүний хамгийн анхдагч хэрэгцээ гэдэг утгаар маш их асуудлыг шийдэж байгааг дурдах ёстой. Сургууль барих гэж байна газар чөлөөл, өмчөө өг гэвэл хэн ч гэсэн өгөхгүй шүү дээ. Надад тэр газраас өөр өмч байхгүй, тэнд байгаа байшингаас өөр сууц байхгүй бол яаж өгөх юм бэ? Сургууль барина гээд тэр хүний газрыг худалдаж аваад өөр тийшээ шилжүүлсэн ч гэсэн тэр өрх санхүүдээ тааруулаад байр худалдаж авч чадахгүй өөр нэг газар хашаа хатгаад утаа гаргадгаараа гаргана. Бид өмчтэй хүмүүсийг хүндэлж харьцах ёстой. Тэр хүмүүст асуудлаа шийдэх боломжийг нь олгох ёстой. Малайз улсын жишээг дурдмаар байна. Тэндэхийн гэр хороололд амьдардаг хүмүүсээс тохилог орон сууцанд орох хүсэлтэй хүмүүсийг олоод нөгөө талд нь шинээр орон сууц барих зорилгоор газар хүсч буй хүмүүстэй холбож өгдөг тусгай нэгж байдаг. Өөрөөр хэлбэл, гурван өндөр орон сууц барих эрх өгөхдөө нэг байрыг нь нийслэлийн өмчид авна гэсэн үг. Иргэдийн чөлөөлөгдсөн газарт дахин гурван өндөр байшин барилаа гэхэд дахиад адил форматаар явна. Малайз улс иргэдийнхээ төлбөрийн чадварт таарсан орон сууцаар хангах бодлоготой. Тэр утгаараа нэг өрх нэг өрөө байраар эхэлж, таван жилийн дараа хоёр өрөө болгох боломжоор ханган, түүний дараа гурван өрөө өгөх гэх мэт зарчмаар явдаг. Социализмын үеийн нийтийн орон сууц түлхүүр гардтал түрээс хэлбэрээр явж байсантай адил асуудлыг ингэж зохицуулж болдог.

Бид ажлуудаа хоорондоо жаахан уячих юм бол үүсээд байгаа асуудлуудыг шийдэж болно оо. Төлөвлөгөө цаасан дээр байдаг. Ямар ч муу төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга зам нь сайн байх юм бол боломж хэзээд байдаг. Тухайлбал, газар ашиглах иргэдийн мэдлэг, хөрөнгө оруулалтын тооцоо, шийдвэр гаргах процесс гэх мэт. Газар ашиглалт маш сайн хяналттай байх ёстой. Учир нь газраар дамжин агаар, усны чанарын асуудал үүсдэг. Газар дээр байшин барьсан хойно нь биш хажуу хавьдаа сөрөг нөлөө үүсгэхгүйгээр барихаас нь өмнө хэрхэн төлөвлөхөөс бүх ажил эхлэх учиртай. Энэ дээр одоо хүртэл бид дундын дүрэм гаргаж ирж чадаагүй. Хуучин ТҮЦ-нээс эхэлж байсан бол одоо хороолол хорооллоор нь байшин барьдаг мөнгөтэй хөрөнгө оруулагчидтай болчихлоо. Гэтэл газар дээрээ байшин барих гээд хөрөнгө оруулагч хайгаад олохгүй байгаа олон хүмүүс байдаг. Эдгээрийг хооронд нь уулзуулах ямар дэд бүтэц байж болох бол, энэ системийг нь бид зөв гаргаж өгвөл аяндаа учир нь олдоно. Энд маш ухаалаг зохицуулалт хэрэгтэй байгаа.  

А.Баттөмөр: Энэ ажлыг хотын дарга аль 2010 оноос эхлүүлээд явж байгаа. Хууль эрх зүйн орчныг нь бий болгоод гэр хорооллыг дахин төлөвлөөд, барилгажуулаад ажиллаж байна. Гэхдээ энэ нь 100 хувь амжилттай явж байна гэвэл үгүй. Төрөөс шугам сүлжээг нь татаад, хувийн хэвшлийг татан оролцуулаад орон сууц бариад ч тэр болгон амжилттай явахгүй байна.

З.Туяа: Эдгээр төсөл амжилтгүй буйн учир нь хэрэгжүүлсэн арга механизмдаа байгаа. Хотын хойшоо Долоон буудал руу явж буй том замыг гаргахын тулд Чулуун Овооны хоёр айлыг нүүлгэх гэж нэлээд ажил болж байж таван жилийн дараа газар дээрээ буусан. Тэгээд 2009 онд дахин төлөвлөлтийн ажил эхэлсэн. Хамгийн анхны үл хөдлөх хөрөнгийн моргэйжийн системийг 2002 онд Дарь Эх дээр хэрэгжүүлсэн түүхтэй. Үүний дараа зам гаргах, Нийслэл ба Бэрэн констракшн хамтраад орон сууцны төсөл эхлүүлсэн, үүний дараа Аман Хуур хорооллын ажил эхэлсэн. Эдгээр төслүүд хоорондоо зарчмын том ялгаатай байсан. Нэг нь өмчилсөн газар дээр хөгжүүлэх эрхийг нь хувийн компанид өгснөөс болж асуудал үүссэн. Нөгөө нь өмнөх сургамжаас хашраад хот энэ харилцаанд оролцох хэрэггүй юм байна, барилгын компани ба газрын эзэд өөрсдөө хоорондоо учраа ол гээд орхисон. Үүнээс үүдээд бүр том асуудал үүссэн. Хувийн компани барилга барихын тулд зээл авна. Гэтэл барилгын улирал богино, нэмээд тэдгээр айлыг нүүлгэн шилжүүлэх зардлыг нуруун дээрээ үүрсэн нь тухайн компанийг эдийн засгийн дарамтад оруулсан. Өөрөөр хэлбэл, төслийн бэлтгэх үе шатанд цаг өгөлгүй шууд дараагийн шат руу үсэрсэн.

В.Ганзориг: Уг нь зөв процесс нь ямар байх ёстой байсан бэ?

З.Туяа: Иргэд маань мэдээлэлтэй ба мэдээлэлгүй хоёр орчинд байгаа. Мөрөөрөө ажиллаж амьдраад тодорхой хэмжээний орлого олж байсан орчинг нь өөрчлөхөөр иргэд бухимдаж эхэлсэн. Төсөлд оролцсон барилгын компаниудтай уулзаж байхад иргэдээ бэлдээгүй нь анзаарагдсан. Энэ процесст төр оролцоогүй нь алдаа болсон. Иргэн, хувийн хэвшил, төрийн хооронд үүсдэг мэргэжлийн хүмүүсийн оролцоо, хувь нэмэр энд гарч ирдэг. Төлөвлөгч хүмүүс их сонин хувь заяатай гэж би боддог. Учир нь тэд шийдвэр гаргадаггүй атлаа шийдэл санал болгодог. Төлөвлөгч хүмүүст энэ орон зайг нь сайн гаргаж өгөх хэрэгтэй. Үүн дээр бид алдсан. Иргэдийг бэлдэхээс гадна газар, орон зайн ялгааг нь нөхөхгүй л бол өнөөдөр Улаанбаатар хот руу автозамын сүлжээ бүрэн орохгүй. Ганц гудамж нэг км гаруй үргэлжилж, гудамжны эхний ба эцсийн айлууд бие биенээ мэдэхээ байсан. Эдгээр хүмүүсийн газар зүйн асуудлыг нь шийдээд өгвөл адаглаад хаягжилт, тээвэр, ложистикийн асуудлуудыг шийдэхэд хялбар болно. Суурьшлын бүсээ мэдсэн иргэд энэ хэсэг газар бол бидний газар гээд хүмүүстэй ярилцан хөгжүүлж эхэлнэ. Улмаар газар ашиглалтын ерөнхий төлөвлөгөөнд заагдсан боломжуудын хүрээнд өөрсдөө шийдвэр гарган санаачлагатай ажиллаж эхэлнэ. Үүний тулд бид өөрсдөө эдгээр хүмүүс рүү хандах хэрэгтэй.

Т.Алдарсайхан: Хүмүүсийн итгэлийг алдах маш хэцүү байдаг. Улаанбаатар ч тэр, Нью Йорк хотод ч тэр ажиллаж байхдаа би үүнийг харж байсан. Гэр хорооллын иргэдэд маш их амлалт өгч, их зүйл ярин итгэлийг нь алдсан. Очоод уулзаж байхад иргэд төслүүдийн нэрээ хольж хутган, өөрсдөө ч ойлгодоггүй. Бүх төслүүд нь гэр хорооллыг дахин төлөвлөх, хөгжүүлэх гэдэг нэртэй. Иргэдийг бэлдэх энэ процесс нь мэргэжлийн бус, хот яаж байх ёстой вэ гэдэг ойлголтгүй хүмүүст нэлээд урт хугацаа шаардагдана. Дээрээс нь нэг юм ярьж орж ирснээ тэр чигээрээ алга болоод дахиад өөр юм яриад ороод ирэхээд итгэлцэл байхгүй болдог. Эргээд энэ итгэлийг сэргээхэд асар хүнд, асар хэцүү. Бид ч гэсэн анхнаасаа иргэдээ ингэсгээд нэг хуурчихъя, тэгсгээд нэг аргалчихна гэж харьцаж болохгүй! Хийгдэж буй хэлцлээс иргэн буй газар, орон сууцаа алдаж хохирох ёсгүй, ямар нэг байдлаар тэдэнд ашигтай, сонголттой байх ёстой. Хувийн компаниуд ч гэсэн мөнгө хийж, ашигтай ажиллах ёстой. Энэ дунд үүсэх эрсдлийг төр зохицуулах хэрэгтэй болдог. АНУ-д энэ чиглэлээр ажиллаж байхад төр энэ бүх эрсдлийг тооцон зохицуулж, хооронд нь шилжүүлж удирддаг. Ялангуяа манайх шиг үл хөдлөх хөрөнгийн зах зээл хөгжөөгүй, иргэд нь сайн ойлголтгүй байгаа нөхцөлд суурийг нь бэлдэхийн тулд багагүй цаг орох байх. 

З.Туяа: Шийдвэр гаргахаас өмнө маш сайн судлах ёстой. Төслийн үнэлгээ маш өндөр болж байна. Эцсийн шийдлийн хүрээнд гарч буй хөрөнгө хэнд хамгийн түрүүнд наалдах вэ, эргээд тэр хүн хариу ямар үйлдэл хийх вэ, энэ шийдвэрээс болж алдаж хохирох нь хэн байх вэ гэдгийг тооцоолж байж улс нийгмийн эрх ашгийн төлөө л шийдвэр гаргах ёстой. Яг нийтийн эрх ашгийн төлөө шийдвэр гаргаж чадаж байна уу гэдгээ сайн дэнслэх хэрэгтэй санагддаг.

Л.Ану-ҮжинЭнэ асуудлыг би алсын хараагүй төлөвлөлт хийдэгтэй холбож ойлгодог. Нэгт, агаарын бохирдол, замын түгжрэл зэрэг асуудлыг яг өнөөдрийнхөө хэмжээ, нөөцөнд тааруулж бодож төлөвлөдөг болохоос биш 2050 онд Улаанбаатар хот ийм болно гэж алсыг хардаггүй. Алсын хараатай төлөвлөлт байхгүй учраас түүнд хүрэх зам нь тодорхойгүй. Зам нь тодорхойгүй учраас энд тэнд хийгдэж буй төлөвлөлтүүд нь ямар ч зорилгогүй болж хувирдаг. Хоёрт, үргэлжилсэн байдлаар төлөвлөлтийг хөгжүүлээд явуулдаггүй. Улаанбаатар хот дээр би бодлогын болон стратегийн төлөвлөлтийг огт харж чаддаггүй.  

З.Туяа: Улаанбаатар хотын 2030 оны үндсэн чиглэлийн хүрээнд алсын стратеги гээд дагуул, хаяа хот гээд их тодорхой тусгасан байдаг. Гэхдээ хамгийн эхлээд засаг захиргааны нэгжийг хуваарилах ёстой. Үүний дараа дагуул, хаяа хотыг дэмжих боломжтой. Өнөөдөр Био комбинат руу очоод үзэхэд 1982 оны хашаа, хайс яг тэр чигээрээ байгаа. Гэтэл бид төв рүүгээ л хөрөнгө оруулаад байдаг. Хөрөнгө оруулж буй газарт л хүмүүс төвлөрнө. Үүнээс хаашаа ч зайлахгүй. Бид зоригтой алхам хийгээд үйлдвэрийн хэсгээ хотоос зохион байгуулалттай гаргах ёстой байсан. Энэ шийдвэрийг гаргаж чадаагүй. Улаанбаатар хотод байсан хамгийн том ложистик, бараа баазийн төв байхгүй болж, оронд нь орон сууц болон хувирч байна. Үүнийг дагаад үйлдвэрүүд маш замбараагүй бүгд гадагшаа гарч байна. Хангайн бүс рүү гарч байгаа зам дагуух ногоон бүсүүдэд дандаа төв үйлдвэрүүд баригдан ажиллаж байна. Үүний замын сүлжээ нь гараагүй, бас л замбараагүй бүтээн байгуулалт явагдаад эхэлсэн. Суурьшлын бүсээ замбараагүй болгосон бид өнөөдөр үйлдвэрийн бүсээ замбараагүй болгоод эхэллээ. Бидэнд том зорилго байсан уу гэвэл байсан. Гэхдээ бид зарчмаа барьж ажиллаж чадаагүй. Хөрөнгө оруулалтын төлөвлөгөө нь төлөвлөлтөөсөө тусдаа явдаг. Улс төр дэндүү их оролцдог. Уг нь улстөрчид өөрсдөө төлөвлөгчид байх ёстой. Төлөвлөлт гэдэг бол зөвхөн хот төлөвлөлтийн асуудал биш. Энэ бол тэр чигээрээ системийн төлөвлөлт юм. Тухайлбал, боловсролын чанарыг хэрхэн сайжруулах вэ гэдэг төлөвлөгөө байх ёстой. Өнөөдөр салбарын төлөвлөлтүүд уначихаад байна.

А.Баттөмөр: Манай хотын хувьд дөрвөн уулын дунд хүмүүс ирээд суурьшсан. Энэ газар зүйн онцлогт тааруулаад зам, дэд бүтцийг төлөвлөх ёстой болдог. Үүний тулд маш тодорхой норм, стандартыг мөрдөх хэрэгтэй. Улаанбаатар хот болон түүний дагуул, хаяа хотын хувьд алсын хараа байхын хувьд байгаа. Нэлээд сайн алсын хараа, төлөвлөлт бий! Харин энэ төлөвлөгөөгөө тухай бүр нь шинэчлэн, тодотгох асуудал нь жаахан дутмаг явсан талтай. 2013 онд Монгол Улсын эдийн засаг уул уурхайгаас хамааран 10-аас бараг 20 хувийн өндөр өсөлттэй байсан. Энэ өсөлт дээр суурилан хийсэн том төлөвлөгөө 2015 оноос эхлээд асуудалд орсон. Тухайлбал, 90 төсөл, арга хэмжээнд бид 49 их наяд төгрөг төсөвлөсөн явж байсан. Хэт өөдрөг төлөвлөснөөс нөхцөл байдалдаа тааруулж тодотгон таналт хийгээд явсан бол арай өөр дүр зурагтай байсан байх болов уу. Эдгээр шалтгааны улмаас нэгмөр Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг оруулахаар бэлдэж байгаа. Концепцийн ажил нь энэ жил боловсруулагдан Засгийн газарт танилцуулагдана.

Л.Ану-Үжин: Улаанбаатар хотын төлөвлөлт дээр төсвийг яаж хуваарилдаг вэ? Улсын ба хотын төсөв тусдаа атлаа яагаад бие биенээсээ хамааралтай байдаг юм бэ?

А.Баттөмөр: Одоо мөрдөгдөж буй хууль эрх зүйн асуудалтай шууд холбоотой. Улаанбаатар хотын төсөв, гаднаас орж ирж буй эх үүсвэр бүгд Сангийн яамнаас хамааралтай явдаг.

Т.Алдарсайхан: Бусад хотууд өөрсдөө орлогын эх үүсвэртэй, бие даан бонд гарган мөнгө босгоод том бүтээн байгуулалтаа хийдэг. Манай ийм эрх зүйн орчин байхгүй.  

З.Туяа: Үүнээс гадна газрын хяналт, эрхийн бүртгэлийн асуудлууд бий. Төлөвлөлт байхгүй, хоорондоо уялдаагүйгээс дөнгөж засвар хийсэн газрыг ухаад шугам сүлжээгээ солиод явдаг. Уялдаа холбоогоо сайжруулж чадвал өнөөдөр байгаа багахан мөнгөө одоо байгаагаас илүү үр ашигтай зарцуулах боломж бий. Мөн хэмжээ хязгаараас нь давсан төлөвлөлт хийж хүмүүст ачаалал өгч боломгүй байна. Нөгөө 220 мянган өрх амьдарч буй гэр хорооллыг ядаж аюулгүй бүс болгомоор байна. Бороо ус ихтэй энэ жил үер усны асуудал бодитой эрсдэл.

В.Ганзориг: Дагуул хот болох Майдар, сошиал медиа дээр тренд болоод байгаа залуусын санаачилсан “Лондон Хаус” төсөл, хотын А бүст төвлөрсөн байгаа 10 мянган хашаа, 40 мянган автомашин ба янданг хотын зүүн, баруун бүс рүү шилжүүлэхээр Улаанбаатар хот дээр яригдаж буй төслүүд хэр амжилттай хэрэгжинэ гэж та бүхэн мэргэжлийн хүмүүсийн хувьд харж байна вэ?

Т.Алдарсайхан: Эдгээр төслүүдийн талаар мэдээлэл байгаа. Манайхан асуудалтай тулгарахаар сайн судлалгүйгээр түрүүлж орж ирсэн санаагаараа цохиж “алчих” гээд байдаг. Уялдаа холбоог нь сайн хангаж өгөхгүй бол хэдэн яамдууд, компаниудын хооронд явсаар байгаад яг хэрэгжилт дээрээ очоод гацах аюултай.

Л.Ану-Үжин: Бид асуудлуудын шийдлийг зөвхөн хатуу дэд бүтэц буюу зам, байшингаар шийдчих гээд байдаг. Уг нь Улаанбаатар хот маань Азийн бусад хотуудтай харьцуулбал дэд бүтэц, эдийн засгийн боломж талаасаа нэлээд гайгүйд нь тооцогдоно. Бас тийм айхтар асуудалд орсон хот биш. Энэ дунд юу хэрэгтэй байна вэ гэвэл менежмент, бодлого, төлөвлөлт, зохицуулалт хэрэгтэй байна. Мөн бүх шатанд иргэдийн оролцоог сайн хангаж өгмөөр байна. Ингэж байж хүртээмжийн тухай ярьж эхэлнэ. Иргэд доороосоо асуудал, шийдэл ярьдаг системийн зохицуулалт гэдэг зүйл бүх шатанд байхгүй, эсвэл их сул байгаа санагддаг.   

З.Туяа: Таны асуулт цоо шинэ хороолол ба гэр хороолол гэж хоёр хуваагдаж байна. Эдгээр төслүүд дээр аль алинд нь зах зээлийг хөдөлгөх хөшүүргэ дутагдсан. Майдар хот бурхны нэрийг ашиглан контент хийж аялал жуулчлал, кино үйлдвэрлэлээр дамжуулан хөгжинө гэсэн боловч болсонгүй. Анхны хөрөнгө оруулалтыг нь цогцоор нь шийдэж чадвал магадгүй энэ төсөл хөдлөх байх. Харин хэдийнэ хувийн өмч үүссэн гэр хорооллын газар дээр энэ төслүүд үнэхээр зах зээлд хүрч чадах уу? Нөгөө яриад байдаг бүх дэд бүтэц, бусад хөшүүргийг нь тавьчихаад байхад л өнөөдөр Баянголын аманд хүмүүс очиж ажиллаж амьдрахгүй л байна шүү дээ. Өнөөдөр гэр хороолол руу дэд бүтэц тавьж эхэлж байгаа. Сүүлийн 30-аад жилд гэр хороолол руу ийм том хөрөнгө оруулалт хийгдэж байгаагүй. Энэ бол өөрийн чинь дурдсан хотын баруун ба зүүн хэсэг рүү тэлэх төслүүдэд оруулж буй хөрөнгө оруулалт юм. Гэхдээ энэ бүх хөрөнгө оруулалт, дэд бүтэц амьдралтай болж чадах уу гэвэл дахиад л зах зээлийн асуудал шүү. Гэр хорооллын газрыг хүмүүс худалдаж аваад, хөрөнгө оруулалт хийх хүртэл бид энэ төслүүдийг хэрэгжүүлж чадах уу? Хэдий хүртэл хүлээх бол? Энэ утгаараа “Лондон хаус” гээд яриад байгаа тэр төсөл бараг зөв шийдэл. Учир нь иргэдийн өөрсдийн хүсэл сонирхолд нь тааруулж ажиллах ёстой. Дээрээс нь ашгийн төлөө эсвэл нийгмийн энтерпрайзуудыг дэмжих үү гэдэг дээр шийдвэр гаргах хэрэгтэй болно. Барилгын найман хувийн зээл явсаар байгаад эцсийн зээлдэгч болох барилгын компани дээр хамаг ачаалал нь очдог. Тухайлбал, газар ба дэд бүтцийн өртөг, компанийн ашиг ба алдагдал бүх зүйл компанийн нуруун дээр очдог. Зээлийн хугацааг нь сунгаж, хүүг нь багасгасан ч гэсэн энэ санхүүгийн дарамт буурахгүй.

Л.Ану-Үжин: Хот, суурин үүсдэг түүх байдаг. Хот хүмүүсийн бөөгнөрөл, ус, гол мөрөнг дагаж бий болдог. Өөрөөр хэлбэл, бүх зүйл нь бэлэн биш байсан ч гэсэн хүн амьдрах буюу эдийн засгийн нөхцөл өчүүхэн бүрдсэн газар л хот үүсдэг. Эдийн засгийн анхны нөхцөл бүрдээгүй газар шинэ хот хүчээр байгуулах гээд бүтэлгүйтсэн цөөнгүй жишээ байдаг. Шинэ газар очоод тэр хүн юу хийх, яаж амьдрах, гэр бүлээ хэрхэн тэжээх, хаанаас яаж хооллох нөхцлүүд анхнаасаа бүрдээгүй газар яаж ч хот бариад бүтдэггүйн жишээ нь Хятадад байдаг хүн амьдардаггүй хоосон байгаа “чөтгөрийн хот”-ууд юм. 

Т.Алдарсайхан: “Лондон хаус” төсөл дээр нэмээд хэлэхэд эрчим хүчний хэмнэлттэй, ногоон зээлийн эх үүсвэрүүд элбэг болсон. Энэ нь уг төслийг амжилттай болгох том түлхэц болно. Төслийн дэд бүтэц болон иргэдийн хувийн санхүүжилтийг нь эдгээр эх үүсвэрээс шийдээд өгвөл асуудалгүй хэрэгжих боломжтой.

З.Туяа: Үүнтэй зэрэгцээд нийтийн тээвэр зэрэг бусад салбарын төлөвлөлтийг эхнээс нь сайн уялдуулах ёстой. Замын сүлжээ, хаягжилт зэрэг аль аль сонирхолыг нийтийн эрх ашигт нийцүүлж шийдвэр гаргах хэрэгтэй. Тэрнээс биш энэ бол зөвхөн хаус, орон сууц, гэр хорооллийн асуудал биш юм шүү. Олон асуудлыг давхар шийдэж байж энэ төсөл амжилтад хүрнэ.

А.Баттөмөр: Майдар хот хувь хүний санаачилгаар эхэлсэн төсөл. Анугийн хэлснээр хот гэдэг бол тодорхой хэмжээний нөхцөл байдал бүрэлдсэн үед үүсдэг. Майдар хотын байгаль орчин, нийгэм, дэд бүтцийн суурь судалгаануудтай танилцъя гээд төслийн багийнхнаас нь асуухад тэрнээс хойш над дээр ирээгүй. “Лондон хаус” төслийн хувьд иймэрхүү төслүүдийг манай нийслэлийн зүгээс судлан төлөвлөж байгаа. Бидэнд гэр хорооллоор дүүрэн дундаж нягтрал нь 20 га, нягтралгүй үедээ 100 га нэгж талбарууд байна. Эдгээрийг зохистой төвшин хүртэл нь нягтруулаад шинэ төслүүд хийх боломж бий.

В.Ганзориг: Мэргэжлийн хүмүүсийн хувьд сая ярьсан энэ бүх боломжуудаа ашиглаад өвлийн айхтар утаа ба замын түгжрэлийн асуудлыг хамгийн хурдандаа хэдэн жилийн дотор шийдэх боломжтой вэ?

Т.Алдарсайхан: Утааны хувьд хүмүүс нэг шийдэл яриад шөнийн дотор гоё болчих юм яриад байдаг. Би хувьдаа тэгж боддоггүй. Богино хугацааны буюу өөрийгөө утаанаас хамгаалах, дунд хугацааны буюу байрны дулаалга, түлшээ сайжруулах, урт хугацааны буюу орон сууцжуулах гэх мэт олон арга хэмжээг зэрэг хийж байж үр дүнд хүрнэ. Хүн ам, өрхийн тоо, жижиг улсын давуу талаа тооцоод, иргэдийн оролцоогоо нэмэгдүүлж чадвал тийм урт хугацааны ажил биш ээ. Гэхдээ яг тэдэн жил гэж хэлэхэд хэцүү байна.  

А.Баттөмөр: Дулааны алдагдал бага байна гэдэг нь агаарын бохирдолд шууд эерэгээр нөлөөлнө. Гэр хорооллын иргэдийн хувьд бүгдэд нь тохилог сайхан, бүх төрлийн дэд бүтцэд холбогдсон орон сууцанд оръё гэдэг хүсэл нь байгаа. Энэ бол хувь хүний орлоготой холбоотой асуудал. Иймээс нийслэлийн зүгээс ажлын байрыг нэмэгдүүлэх далайцтай арга хэмжээ авч чадвал дээр дурдсан асуудал буюу 220-хон мянган өрхийн асуудлыг ойрын хугацаанд шийдэх боломжтой.

Л.Ану-Үжин: Хэрвээ хүмүүсийн оюун санаанд энэ бүх зүйлийг суулган өөрчилж чадвал 10-15 жилийн хугацаанд бид өөрсдөө асуудлаа шийдэж чадна. Учир нь энэ ганцхан Монголд тохиолдож байгаа асуудал биш. Дэлхийн бүх том хотууд иймэрхүү зам туулсан байдаг. Улаанбаатар бол залуу ба жижиг хот. Иймээс хөгжих боломж ирээдүйд зөндөө байгаа. Хамгийн гол нь иргэдийн өөрсдийнх нь оролцооноос бүх зүйл хамаарна. Учир нь хүн л хотыг бий болгодог. Иргэд энэ үүргээ бүрэн ойлгосон цагт бизнес, төрийн болон олон улсын байгууллагуудын хийж буй ажил газар дээр бууж, үр дүнтэй болно. Асуудлын гарцаа ойлгож, талууд дундын шийдэл дээрээ тохирсон цагт хурдан үр дүн гарна.

З.Туяа: Төслүүд дандаа донор буюу санхүүжүүлэгчдийн зүгээс явдаг. Хот төлөвлөлттэй холбоотой төслүүүдээ төр өөрөө хэрэгжүүлээч ээ! Зоригтой шийдвэр гаргаад дулааны үнээ чөлөөлж зах зээлийн үнэлгээнд нь аваач! Хэн илүү их хэрэглэж байна тэр нь илүү төлдөг зарчим руу ор! Орж ирсэн хөрөнгийг нь зүй зохистой зарцуулаад хүмүүст санхүүгийн бодитой дэмжлэг үзүүл! Байраа дулаалж чадахгүй байгаа хүмүүст энэ чиглэлээр сурч байгаа их сургуулийн оюутнууд очиж туслан зөвлөгөө өг! АНУ-д их, дээд сургуулиудын яг ийм систем ажилладаг. Энэ ажлыг хийхэд мэдээж зардал гарна. Зардлыг нь тусгай сангуудаас зохицуулж өгдөг. Зах зээлд хэн илүү их үйлчилгээ үзүүлж байгаа нь илүү өгөөж хүртэх ёстой. Нэмж хэлэхэд, СӨХ зэрэг өмчтэй хүмүүс өмчөө захиран зарцуулах, тохижуулах үүргээ нөгөө талдаа хатуу хүлээх ёстой. Энд үүсч буй хуримтлалаа эргээд өөрсөддөө зарцуул! Бодлогоо маш тодорхой зарлаж, зах зээлийн зарчим руу орох ёстой. Эдгээр төслүүдээс орж ирэх ашгийг хэдэн жилийн турш гэр хороололд оруулах зарчмаа маш ойлгомжтой, тодорхой болгож төр өөрөө энэ бүх төслөө ерөнхийд нь зохицуулж удирдах хэрэгтэй. Зохион байгуулалт маш сайтай ингэж хийж чадвал таван жилийн дотор асуудлаа шийдэх боломжтой гэж хэлмээр байна. Үүний тулд улс төрийн шийдвэр нь урьдчилж гарах ёстой. 

В.Ганзориг: Эрхэм зочиддоо баярлалаа! Нэвтрүүлгийн цагт баригдаад энд хүрээд өндөрлөхөөс өөр аргагүй боллоо. Энэ сэдвийн үргэлжлүүлэн ярилцахад манай баг хэзээд бэлэн байх болно.  
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна