Зуны дэлгэр цагт Гэмтлийн эмнэлгийн ачаалал ихэсдэгт аав, ээжүүд буруутай юу

Өчигдөр 11 цаг 05 минут

“Ээжээ би таван минут гадаа тоглоомын талбай дээр тоглож болох уу” гэж гуйсаар хүү маань гарсан. Төд удалгүй нүдээ дараад уйлаад орж ирэхэд нь цочирдсон.

Нүдээ сохолчихож л гэж бодлоо. Юу болчихов. Нүдээ яачихав гээд хүүгээсээ уйлах шахам асуухад “Төмөр мөргөчихсөн” гэж хэлсэн. Алив харъя гээд гарыг аяар буулган хартал баруун хөмсгөө сэтэлчихсэн байсан. Хүүхэд тоглохоо л мэднэ үү гэхээс бэртэж гэмтэхийг яахан мэдэх билээ дээ. Би ч айсандаа ахыг нь дуудаад Гэмтлийн эмнэлэг рүү хөдөлсөн. Ирээд үзүүлтэл хөнгөн гэмтэл гээд нэг оёдол тавьсан” хэмээн ярих ээжийн үг бусад эцэг эх асран хамгаалагчдад цаг ямагт хүүхдэдээ тавих анхаарал болгоомжоо бүү алдаасай гэх дохиог өгч байна. Гэмтлийн эмнэлэгт бэртэж ирсэн хүүхдүүд үүгээр зогсохгүй.

Гурван настай болов уу гэмээр охин ширээний булан мөргөж толгойгоо цоолжээ. Жижигхэн дөрвөлжин маарлаар цусыг нь тогтоон яаралтай тусламж хүсэн гүйх ээжийг эмч нар боолтны өрөө рүү авч явна. Ийм байдлаар өдөрт хэчнээн хүүхэд бэртэл авч ирдэг бол.

Бага насны хүүхэд гэнэн томоогүй зангаасаа болж бэртэж гэмтэж, осолд өртөх, хөгжлийн бэрхшээлтэй болох тохиолдол манай улсад цөөнгүй бий. Иймд бага насны хүүхэд гэмтэх гол шалтгаан нөхцөл болоод алаг үрсээ хэрхэн хайрлан хамгаалаагүйгээс болж учрах хор хөнөөлийн талаар Гэмтлийн эмнэлгийн “Хүлээн авах” тасаг болон “Хүүхдийн гэмтэл согог судлал”-ын тасгаас дараах сурвалжилгыг бэлтгэлээ. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн яаралтай түргэн тусламжийн үүдээр ормогц хүмүүс хана даган оочирлон зогсоно. Ажлын өдөр амбулатори нь ажиллаж байхад хүлээн авах тасаг нь гэмтэж бэртсэн хүнээр тасрахгүй байлаа. Тэдний дунд хүүхдээ тэвэрсэн эцэг; эхчүүд ч нэлээдгүй байв. Ингээд “Үзлэг I” хэсгээс цааш явахад “Үзлэг II” хэсэгт мөн л хүүхдээ тэвэрсэн эцэг эхчүүд байх бөгөөд хүүхэд уйлах дуу цуурайтна.

“Өмнөөс нь зүрх шимширчихлээ. Эвий минь гэж яасан их өвдөж байгаа бол. Дөрвөн настай жоохон охин байна. Эгэм нь хугарсан гэсэн “ хэмээн ярих хөгшүүл ч байсан юм. Энэ үеэр оочирлон суух тэдний дунд оочир дайрч үйлчлүүлэх бие биеэ үл хүндэтгэх харилцаа хандлага нэлээдгүй ажиглагдсаныг нуух юун. Учир нь төрөөд удаагүй гэмээр нярай хүүхдээ хөхүүлэн суух бүсгүй.

“Урдуур оочир дайрч үйлчлүүлэхээ болиоч” гэж шаардлага тавина. Түүний үгийг тоож сонсох ухамсартай нэгэн даанч алга. Тэр төрөөд найман cap болж байгаа бөгөөд хүүгийнхэн баруун гарын бугалга халуун цайнд бага зэрэг түлэгдсэн аж. Тэр “Боолт хийлгэхээр цаг гаран эмчийг сахин суулаа. Энэ хугацаанд “яаралтай үзүүлж боолт хийлгэх хэрэгтэй байна” гээд хэчнээн ч хүн урдуур орчихов.

Адилхан зовлонтой байж нэг нэгнээ хүндэтгэж болдоггүй юм уу” хэмээж байв. Энэ мэтчилэн Гэмтлийн эмнэлгийн хүлээн авах тасгаар үйлчлүүлэх өвчтөнүүдийн тоо буурсан тохиолдол ер нь ховор гэнэ.

“Уртаас урт оочир дараалал зарим нэг өвчтөнүүдийг залхаасан бололтой. 30 орчим насны эмэгтэй хүмүүсээ хурдан үзээч. Өөр эмч байхгүй юм уу. Эмч нар хүнд сурталтай юм. Олон хүн хүлээж байхад ганцхан эмч үзээд байна” хэмээн гомдол мэдүүлэв. Энэ үеэр 11 настай хүүг дамнуурган дээр хэвтүүлэн хаалгаар оруулж ирнэ. Багшийн дээдийн ойролцоох зам дээр гарцгүй газраар гүйж гараад машинд мөргүүлсэн аж.

Эмч “Хүүгийн ар гэрээс хүн байна уу”. гэхэд “Байхгүй эцэг эх рүү нь ярьсан” гээд мөргөсөн жолооч нь бололтой гэмээр эмэгтэй нэлээд сандарсан байдалтай хариулав. Машинд мөргүүлж, шүргүүлж ирэх хүүхдүүд гэмтлийн эмнэлэгт өдөр бүр ирдэг байна. Цоожтой хаалганы ард үлдэж, хүчирхийлэлд өртөж, осол аваарт өртөж амь нас эрүүл мэндээрээ хохирч байгаа бяцхан үрсээ хайрлан хамгаалах нь эцэг, эхийн үүрэг хариуцлага.

Гэтэл өдөр бүр хүүхэд бэртэх, аваарт өртөх тохиолдол байсаар байна. Яаралтай түргэн тусламжийн төвийн тасгийн эрхлэгч их эмч П.Баярсайхан “Манай эмнэлгээр үйлчлүүлж буй иргэдийн 16.7 хувь нь орон нутгийнх байдаг. Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн иргэд Гэмтэл согог судлалын үндэсний төвөөр үйлчлүүлж яаралтай тусламж авч байгаа иргэдийн 50 орчим хувийг эзэлдэг.

Гэмтэл, бэртэл авч буй хүмүүсийн гэмтлийн шалтгааныг үзэхэд осол аваараас үүдэлтэй гэмтэл их бий. Тухайлбал, холын замд хурд хэтрүүлэхээс үүдэн зам тээврийн осолд өртөх, барилга дээрээс унах, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа алдагдсанаас бэртэж гэмтсэн гэх тохиолдол их байна. Харин эдгээр гэмтэл бэртлийн 40 орчим хувийг хүүхэд эзэлдэг. Баяр ёслолын өдрүүдэд архи ууж байгаад гэмтэж бэртсэн хүмүүс ч их бүртгэгддэг.

Мөн хүүхэд гэмтэх тохиолдол баярын үеэр эрс нэмэгддэг. Энэ нь эцэг эхийн санамсар, болгоомжгүй хайнга үйлдэлтэй холбоотой” гэдгийг онцолж байлаа. Гэмтэл согог судлалын үндэсний төвд шагайгаа булгалсан, гар болон эгмээ хугалсан, тархиа хагалсан, нүдээ гэмтээсэн зэрэг нүд халтирч зүрх зүсэм гэмтэлтэй хүүхдүүд ханддаг бөгөөд хүүхэд бэртэхгүй өдөр гэж байдаггүй аж. Энэ мэтчилэн томчуудын буруутай үйлдлээс бяцхан зүрхнүүд осол аваар гэмтэлд ихээр өртөх болжээ.

ХҮҮХЭД БЭРТЭЖ, ГЭМТЭЖ БАЙГААГИЙН 80 ОРЧИМ ХУВЬ НЬ УНАЛТААС ҮҮДЭЛТЭЙ ГЭВ

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн статистик мэдээлэл, тандалт судалгааны албанаас гаргасан судалгаанаас үзэхэд, 2018 онд 19 нас хүртэлх 52 мянган хүүхэд осол гэмтэлд өртсөн бөгөөд нийт ослын 35 хувийг эзэлжээ. Үүний 27.8 хувь нь зам тээврийн осолтой холбоотой аж. Хүлээн авах тасгийн нөхцөл байдалтай танилцаж цааш явж дөрвөн давхарт Хүүхдийн гэмтэл согог судлалын тасгаар ороход. тасгийн гадна “Гадны хүн орохыг хориглоно” гэх бичиг наасан харагдана. Үүнийг олж унших нэгэн тун ховор.

Ядаж улавчаа өмсөөд орох сэтгэл үйлчлүүлэгчдэд алга. Бүгд гадны гуталтай гаа тасаг руу я вж орох юм. Эмч, сувилагч, үйчлэлгч нар шаардлага тавиад ч нэмэргүй. Эмч нарын өрөөгөөр ормогц нэгэн эмч “Яаралтай хагалгаанд орлоо. Надад үзүүлэх хүн байвал үдээс хойш ирээрэй” гэж захиад нааш цааш гүйнэ.

Нэг хүүхдийг ч гэсэн амьдруулах юмсан гэх эмч хүний энэрэнгүй сэтгэл юутай сайхан. Тэд цаг хугацаатай уралдаж амсхийх завгүй тангарагтай албандаа зүтгэж байгааг хараад бахархахын аргагүй. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүүхдийн гэмтэл согог судлалын тасагт өдөрт 4-5 хүүхэд хагалгаанд ордог аж. Хүүхдийн бие гэнэт муудсан бололтой.

Ойр хавьд 40 орчим настай эмэгтэй “Хүүг минь хагалгаанд оруулна гэнэ. Сая сандаргалаа. Хурдан та хэд хүрээд ир гээд хоолой зангируулан” ярив. Ингээд энэ тасагт тэргэнцэрт суусан, суга таяг түшсэн, хөлөө гипсдүүлсэн, толгойгоо боосон хүүхдүүд эмч нарыг сахин зогсоно. Энэ үеэр тасгийн их эмч Б.Солонготой уулзахад, “Сүүлийн үед тоглоомын талбай дээрээс унаж хөл, гараа хугалсан, тархиа хагалсан хүүхдүүд ирэх болсон.

Хүүхдийн гэмтэл согог судлалын тасаг нь нэг тасагтаа 45-50 хүүхэд хүлээн авдаг. Орны тоо, хүчин чадал ийм л байна. 4-7 насны хүүхдүүд бэртэж, гэмтэх нь тохиолдол элбэг. Иймд эцэг эхчүүд хүүхдээ анхаарах хэрэгтэй. Одоогоор манай тасагт авто осолд орсон, өндрөөс унасан, гэх мэт хүндхэн бэртэлтэй хүүхдүүд хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрийн 80 орчим нь хувь нь уналтаас үүдэлтэй гэмтэл байгаа.

Хот нягтаршил ихсэхийн хэрээр хүүхэд эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл нь хангагдаж чадахгүй байна. Энэ нь тэднийг осол аваарт хүргэж байна” гэв. юм. Хүүхдүүд машины цонх, лүүкээр шидэгдэх бага насны хүүхдүүд аливаа эрсдэл, аюулыг мэдэхгүй учраас машины цонхоор гараа гаргаснаас болж гар нь тасрах, хурдтай яваа машины лүүкээр гарч байхдаа огцом тоормослох үед хүзүүгээ хугалах эрсдэл гардаг гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж анхааруулж байсан юм. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүлээн авах тасаг болон амбулаториор өдөрт дунджаар гэмтэж бэртсэн 200 орчим хүүхдэд үйлчлүүлдэг байна.

Хүүхдийн гэмтэл, согог судлалын тасаг II хүүхдэд ээлтэй, цэвэр тав тухтай орчинг бүрдүүлжээ. Лифт, хана, таазны гэрэл, гээд бүхий л газарт хүүхэлдэйн баатруудын зураг зурсан харагдана. Үүнийг харж баясан инээлдэх хүүхдүүд цөөнгүй байв. Хүүхдийн өрөөг тохижуулснаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн сэтгэл санааг дэмжин өвчнөө мартах, сатаарах зэргээр хүүхдийн сэтгэл зүйд эергээр нөлөөлөх нь тодорхой.

Орчноо харж өвдөлтөө хоромхон зуур мартах нь хамгийн том баяр баясал болов уу. Хэвтэн эмчлүүлэгсдийн өрөөгөөр ороход Г.Хүслэн хүү инээд алдан найзуудын хамт зурагт үзэж сууна. Тус өрөөнд хөргөгч болон номын тавиур байрлуулжээ. Тэд хэвтэн эмчлүүлэх зуураа ном уншиж оюундаа хөрөнгө оруулалт хийж байгаа нь хэн ч харсан таатай санагдана. “Эмчилгээгээ хийлгэчихээд ном уншиж уншсан номоо бие биедээ ярьж өгч зөв дадлыг өөрсдөдөө хэвшүүлсэн” гэдгийг Г.Хүслэн хүү хэлсэн юм.

Нэг өрөөнд дөрвөн хүүхэд хэвтэн эмчлүүлдэг ба тэд уйдах завгүй байдаг гэнэ. Гэмтэл согог судлалын хүүхдийн гэмтэл согог судлалын II тасгийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл 94 сая төгрөгөөр тохижуулсан нь энэ юм. Тус тасагт дан ганц хөл, гараа хугалсан гипсдүүлсэн хүүхдүүдээс гадна түлэгдсэн хүүхдүүд ч байх аж. Түлэгдэлтийн гол шалтгаан нь өнөөх л олон жил яригдсан цахилгаан тогооноос үүдэлтэй.

Өдөрт тус тасагт 10 орчим хүүхэд түлэгдсэн гэх оноштойгоор хэвтэж байна. Түүнчлэн цахилгаанд цохиулах ч асуудал гардаг гэнэ. Зуны дэлгэр цагт гэмтлийн эмнэлгийн ачаалал ихэсдэгт аав ээжүүд буруутай юу. Осол гэмтлийн 90 гаруй хувь нь гэр орондоо буюу гэр хороололд илүүтэй байгаа нь аюултай орчинд тооцогдоод байгаа гэдгийг тус тасгийн эрхлэгч Б.Жаргалсайхан хэлсэн юм. Энэ мэтчилэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа алдсанаас болж хэчнээн хүүхэд хохирох ёстой гэж.

Хүүхдийн эрхийн конвенцийн 1.4-т “Хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг хангах явдал төр, гэр бүлийн үндсэн үүрэг байх” гэж заасан байдаг. Гэтэл энэ үүргээ ухамсарлахгүй байгаад хамаг учир бий. Анхаарал сэрэмж алдсан нэг хором таны хүүхдийн насан туршдаа тахир дутуу, аль эсвэл амь насаараа хохирч болохоор эрсдэлд хүргэдэг. Ийм учраас удмын хэлхээ болсон үр хүүхдээ алаг нүдний цөцгий мэт хайрлах хамгаалах дадлыг хэвшүүлэх хэрэгтэй болов уу.

Хэрэв төрүүлсэн болон үрчилж авсан хүүхдээ асран хамгаалж чадаагүйгээс болж эрүүл мэнд, амь насаараа хохирсон бол эцэг, эхчүүдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг хуулийн тогтолцоо бий.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна