МҮЭХ: 250 тэрбум төгрөг дампуурсан Капитал банкны дансанд “хэвтэж” байна

2019 оны 11 сарын 15

Ирэх оноос нийгмийн даатгалын шимтгэлийг 2 хувиар нэмэх шийдвэр засгийн газар гаргасан. Уг шийдвэрийг эсэргүүцэж Үйлдвэрчний эвлэлийн холбоод Сангийн яам, ХНХЯ-ны гадаа өнөөдөр жагсаж, шаардлага хүргүүлэв. Тэд Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлсэн шийдвэрээ цуцлах, мөн Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороог яаралтай хуралдуулахыг шаардаж буй юм. Жагсаалд 60 орчим хүн цугларчээ. 

Жагсаал зохион байгуулж буй МҮЭХ-ны гишүүд "Нийгмийн даатгалын шимтгэл ирэх онд хоёр хувиар нэмэгдсэнээр ажилтан ажил олгогчдын төлөх татварын хэмжээ 26 хувь болно. Үүн дээр хүн амын орлогын албан татварт ойролцоогоор найман хувийг төлдөг гээд тооцвол авч байгаа цалингийнхаа 35 хувийг шимтгэлд төлөхөөр  болж байна.

Өөрөөр хэлбэл, нэг сая төгрөгийн цалинтай иргэн 350 орчим мянган төгрөгийг татварт төлнө. Төрийн албаны цалин үе шаттайгаар нэмэгдэж байгаа энэ үед хувийн хэвшилд ажиллаж байгаа ажиллагсад аж ахуйн нэгжүүдэд энэ нь бодит дарамт болох нь мэдээж юм. Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын 250 тэрбум төгрөг дампуурсан Капитал банкны дансанд “хэвтэж” байна. Иргэдийн төлсөн хөрөнгө үр ашиггүй зарцуулагдаж байна. Удирдлага, менежмент хангалтгүй байна" гэсэн юм.

МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар: “Ирэх оны төсөвт иргэдийн цалин, тэтгэврийн нэмнэ хэмээн тодорхой хөрөнгийг тусгасан. Энэ нэмэгдэл нэмэгдэл биш болно. Иргэдийн цалин тэтгэвэр нэмэгдэхгүй, харин хорогдоно. Мөн ирэх оны төсөвт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн холбогдох зардлыг тусгасангүй. Энэ бол тодорхой санхүүжилт шаарддаг зүйл. Хөдөлмөрийн аюулгүй байдлаас болж хүний эрүүл мэнд, амь нас хохирсоор л байх уу” гэдгийг хэллээ.

Өнөөдрийн  сануулах цуглаан ирэх баасан гаригт олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал болон өргөжинө гэлээ.

Т.Очир

 

Сэтгэгдэл (1)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2019 оны 11 сарын 15
192.82.64.217
зочин

тиймээ үнэн дарамт болж дуусна шдэ цалин нэмэгдэд ямарч нэмэргүй болноо болилдо төр засаг минь ядарсан ард түмнээ ингэж доройтуулах гэждээ