Х.Нямбаатарын сонгуулийн шоу хүний амийг авч одлоо


-Хүний нутагт амиа алдсан талийгаачийн цогцсыг эх нутагт нь авчирч сэлэнгэд нутаглуулжээ-

УИХ-ын ээлжит сонгууль ирэх жил болно. Түүнээс урьтаж гишүүд мартсан тойргоо гэнэт санаж, иргэдийг элдэв зугаа цэнгэл, уралдаан, тэмцээн, эмч, эмнэлгээр даллаж эхэлжээ. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон гишүүд бусад гишүүдээ манлайлж тойргийнхоо ард иргэдэд хайр зарлаад эхэлжээ.

Тухайлбал, тус дүүргээс сонгогдсон Н.Учрал гишүүн сар гаруйн өмнө Тэрэлжид байрлах жуулчны бааздаа тойргийнхноо буюу тус дүүргийн үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг аваачиж амраасан. Харин саяхан буюу өнгөрсөн сарын 23-нд Х.Нямбаатар, Ц.Гарамжав нар мөн л тойргийнхоо хороодоос тус бүртээ 120 хүнийг 4 автобусаар Улан-Удэ, байгаль далайд амраахаар үджээ. Автобустай аялалд нь дандаа л өөрийнх нь ойр тойрны, дараагийн сонгуулийн ажилд нь тус дэм болох хүмүүс, тэдний шадрууд багтжээ.

Харамсалтай нь амарч, зугаалж явахдаа “зам хурдлуулж”, “ам халаадаг” зарчмаар архидалт өрнөж, бас ч үгүй Байгаль далайн эрэгт үнэ, төлбөргүйгээр зугаацаж байгаа хүмүүс сархадыг сайтар зооглосон тухайг эх сурвалж бардам гэгч өгүүлж байв.

Арга ч үгүй биз. Эрхэм гишүүд чамгүй их хөрөнгө мөнгө гаргасан учраас ингэж олноор нь аялуулж, зугаалуулж, тансаглуулсан юм чинь бардамнахаас яахав. Ямартай ч мөнгөөр зодож ирэх жилийн сонгуульд санал авахаар зэхэж буй тэд энэ их мөнгийг хаанаас гаргав, ямар санхүүжилтээр ийм олон хүнийг нэг дор амраах болов гэдэг нь эрхгүй анхаарал татаж байна.

2016 оны сонгуулиас хойш аниргүй байсан хүмүүс гэнэт ингэж иргэдээ санасан нь ирэх сонгуулийн л чимээ юмдагуудаа гэж харагдана. Өөрсдийг нь төрдөө төлөөлөл болгон илгээж байхад эхний 3 жилдээ мартаж, сүүлийн хэдэн сард нь сүрхий сайн санаж, ахуйд нь нэмэртэй хууль батлаагүй хэрнээ амралт, зугаалгаар “хахуульдаж” байгаа нь хэтэрхий эмгэнэлтэй.

 
 
Эх сурвалж: erennews.mn


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна