Ерөнхий сайд үүрэг өгч, машинтай жагсаал түр өндөрлөв

2019 оны 12 сарын 10

Нийслэлийн 2020 оны төсөвт автозам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлэхээр тусгаж, баталсан билээ.  Төлбөрийн нэмэгдлээр автозам засварын ажлыг чанартай гүйцэтгэнэ.  Түүнчлэн түгжрэл буурна хэмээн нийслэлийн удирдлагууд тайлбарлаж буй. Тэгвэл энэхүү шийдвэрт олон нийт болон иргэний нийгмийн байгууллагууд шүүмжлэлтэй хандаж байна. Өчигдөр машинтай жагсаал болж, нийслэлийн гол замуудыг хааж, эсэргүүцлээ илэрхийлэв.    Энэ тухай үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өглөөний 08:30 цагт: Жагсагчид Энхтайвны өргөн чөлөө, Сүхбаатарын гудамж, Залуучуудын өргөн чөлөө, Амарын гудамж, Бага тойруу гэсэн чиглэлийн дагуу машинтай жагсаж эхэлсэн юм. Тэд Ерөнхийлөгч,  УИХ, Засгийн газар, НИТХ-д дараах  шаардлагыг хүргүүлсэн юм.  Нэгдүгээрт, Автозам ашигласны төлбөрийг нэмэх асуудлыг зогсоох.   Татварыг нэмэгдүүлснээр  57 тэрбум төгрөг хуримтлагдана.

Үүгээрээ зам засварын ажлыг чанаржуулна гэж байгаа ч бодит шинэчлэл болж чадахгүй гэж үзсэн байна.  Хоёрдугаарт,  Зээлийн хүүг бууруулах.  Зээл татвараар залуучуудыг мөлжиж байна. Манжийн үед хэрэгжиж байсан татварын бодлого МАНАН-гийн үед хэрэгжиж байна гэдгийг тэд онцолж байв.  Гуравдугаарт,   НӨАТ-ын 10 хувийн буцаан олголт, НДШ-ийн 26 хувь болгон нэмэгдүүлсэн асуудлыг эсэргүүцэн жагссан.

11:00 цагт: Жагсаал үргэлжилж, нийслэлийн гол гол замуудыг хаасан.  Энэ үеэр  МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар мөн байр сууриа илэрхийлэв.  Тэрээр  “МАН-ын гишүүд дур мэдэн жолооч нараас авах татвараа тав дахин нэмлээ.  20 мянган төгрөг төлдөг байсан бол одоо 100 мянган төгрөг төлнө. Энэ бол ядарсан ажилгүй иргэдээ дээрэмдэж сонгуулийн мөнгө босгох гэсэн бусармаг үйлдэл юм. МАХН, Автомашинтай жагсагчдын хөдөлгөөн, бусад нам, төрийн бус байгууллагуудтай хамтран энэхүү тэмцлийг эхлүүлж байна. Хонгконг, Солонгосын тэмцэгч залуусаас бид дутах ёсгүй. Иймээс иргэд ирээдүй хойч үе болон өөрийнхөө төлөө одоо л тэмцэх хэрэгтэй” гэсэн юм.

Жагсагч Ц.Баясгалан “НӨАТ-ын 10 хувийг буцаан олгодог баймаар байна.  Дэлхийн хөгжингүй улсад 10 хувийн шимтгэл авсан бол түүнийгээ бүрэн буцаан олгодог.  Гэтэл манайд хоёр хувийг олгож сугалаа нэрээр ард түмнийг хуурч байна. Хоёрдугаарт, автомашины татварыг  нэмсэн асуудлыг эсэргүүцэж байна. Цалин мөнгө ямар байгаа билээ. Өдрөөс өдөрт татвар нэмэгдэж байна.

Биднийг яаж амьдар гэж байгаа юм. Өөрсдөө ЖДҮ, Концесс гэх мэтээр хулгай луйвар хийчихээд түүнийгээ төлдөггүй эсвэл хэн нэгний авсан мөнгийг иргэдээр төлүүлэх гэдэг. Үүнийг бид эсэргүүцэж байна. Эцсээ хүртэл тэмцэж, жагсаалд оролцох болно” гэв.

11:30 цагт: Түүнчлэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хотын дарга С.Амарсайханыг  дуудаж, автозам ашигласны төлбөрийг нэмсэн асуудлыг дахин хэлэлцүүлэх чиглэл өгөөд байна. Энэ талаар Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Нийслэлийн 2020 оны төсөв амаргүй байдалтай батлагдсан. УИХ-аас баталсан төсвийн хүрээнд хотын ажлыг явуулахад хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн. 

Ерөнхий сайдын зүгээс энэ шийдвэрийг эргэн харж, олон нийтийн санал бодлыг тусгаж, зөв хувилбараар шийдвэрлэх нь зүйтэй гэдэг чиглэлийг өглөө” гэж байв.   Иймээс НИТХ-аас батлагдсан төсвийг Хотын даргын хувьд НИТХ-д дахин өргөн барьж, боломжтой хувилбараар шийдвэрлэх судалгаа, тооцоог хийх шаардлага үүслээ.

12:00 цагт: Жагсагчдын төлөөлөл НЗДТГ-ынхантай уулзаж, шаардлагаа хүргүүлэв.  Энэ үеэр  иргэн Б.Цэгмид “Бид долоо хоногийн өмнөөс зам хааж, жагсаал зохион байгуулах тухайгаа зарласан. Хэрэв хотын удирдлагууд бидний шаардлагыг хүлээн авч, гарч ирвэл бид жагсаалаа зогсоож болно.  Мөн шатахууны үнийг дэлхийн зах зээлтэй уялдуулж, хөрвөдөг байдлаар  тогтооно гэж Ерөнхий сайд амласан. Гэтэл өнөөдөр дэлхийн зах зээл дээрх шатахууны үнэ буусан байхад Монголд хэвээр байна. Мөн нефтийн нэмэлт бүтээгдэхүүн гэж бий.

Үүнийг оруулж ирэхдээ татвар авдаггүй. Тиймээс энэ бүтээгдэхүүний онцгой албан татварыг өндөр хувь хэмжээгээр авах нь шатахуунд хольж буй элдэв хольцыг болиулах боломжтой хэмээн шаардлага тавьж байна. Энэ шаардлагыг хүлээж авахгүй бол тэмцэл үргэлжлэх болно. Иргэдийн халаас руу гараа дүрэхээ болих үед энэ тэмцэл зогсоно” гэдгийг илэрхийлж байв.  Мөн жагсагчид нэмэгдээр байв.  МАХН-ын төлөөллүүд иргэд ирсэн.  МАХН-ын Сонгино хайрхан дүүргийн Мянгатын дарга С.Орхонбаяр “2016 оны сонгуулиар МАН-ынхан ямар нэгэн татвар нэмэхгүй гэж байсан.

Гэвч өнөөдөр гэнэт татвар нэмж байгааг бид 2020 оны сонгуулийн мөнгөө босгох арга гэж харж байна. Харин ч татвараа бууруулах ёстой. Тэд өөрсдийн өрөө тасалгаагаа гоёх асуудалдаа мөнгө их зарцуулдаг. Тухайлбал, Улаанбаатар хотын вэб сайт хийхийн тулд хоёр тэрбум төгрөг төсөвлөсөн. Харин үүний оронд ард иргэдээ бодож татвараа бууруулах ёстой” гэсэн юм.

16:20 цагт: Жагсагчид ЗГХЭГ-ын дарга  Л.Оюун-Эрдэнэтэй уулзаж, шаардлагаа хүргүүлэв.  Тэрээр шаардлагын зарим хэсгийг 2-3  хоногийн дотор шийдэж өгөхөө мэдэгдсэн байна.  Тухайлбал, автозам ашигласны татварыг тав дахин нэмэх болон НДШ-ийг нэмэх асуудлыг хүчингүй болгохоор Засгийн газар ажиллана гэжээ.  Дээрх  асуудлыг хоёр хоногийн хугацаанд  шийдэхгүй бол тэмцлээ үргэлжлүүлнэ гэдгээ жагсагчид мэдэгдэж байв.  Жагсаалд мянга гаруй хүн оролцсон гэсэн албан бус тоо байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.12.10  МЯГМАР  №244  (6211)

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.