Монгол Улс “Бээжин-2008” олимпийн наадмаас алтан медаль хүртсэний 11 жилийн ойн хүрээнд Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны тэргүүн дээд шагнал “Алтан од” одонгоор УИХ-ын гишүүн Б.Наранхүүг шагналаа. Энэхүү шагналыг МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, Олимпийн мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар П.Сэрдамба нар гардуулж, баяр хүргэжээ.
МҮОХ-ны “Анхны алтан түнш” байгууллага болох Дүнжингарав ХХК “Бээжин-2008” олимпийн наадамд оролцох баг тамирчдыг дэмжин олимпизмийг түгээн дэлгэрүүлж, анхны олимпийн аваргууд төрөн гарахад үнэтэй хувь нэмэр оруулсан түүхтэй аж.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Наранхүү “Бээжин-2008” олимпийн наадмаас алтан медаль хүртсэн Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган нарт нэг сая ам.доллар, мөнгөн медаль хүртсэн О.Гүндэгмаа, П.Сэрдамба нарт 500 мянган ам.доллартой тэнцэхүйц урамшуулал олгосон бөгөөд цаашид олимпид оролцох баг тамирчдыг дэмжих, спорт-олимпизмийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд хамтран ажиллахаа онцолжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна