“Шинжиан Шинфа” компанид 20 тэрбум төгрөгийг бэлнээр олгосон үйлдэлд Н.Баяртсайханыг буруутган шалгаж эхэлжээ


2017 оны зургадугаар сарын 23-ны өдөр Төрийн банкнаас Хятад улсын хөрөнгө оруулалттай “Шинжиан Шинфа” компанид 20 тэрбум төгрөгийг бэлнээр олгосон хэрэгт Монголбанк болон түүний ерөнхийлөгч Н.Баяртсайхан холбоотой болох нь тодорхой болжээ.

Хуулийн байгууллагаас Н.Баяртсайханыг дээрх үйлдэлд сэжигтнээр татан шалгаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

Тухайн үед нэг харилцагчид олгох бэлэн мөнгөний дүн 5 тэрбумаас хэтрэхгүй байх гэсэн журмыг зөрчин байж Төрийн банкнаас 20 тэрбумыг олгох болоход ийм их хэмжээний бэлэн мөнгө байгаагүй учраас Монголбанкнаас бэлэн мөнгө авсан байна.

20 тэрбум төгрөгийн биет хэмжээ нь маш их болж, фургон машинд багтахгүй байсан тул ачааны машинд ачжээ.

Уг үйл явдалд оролцсон Монголбанкны ажилтнууд нийтдээ 1,2 тонн жинтэй мөнгө ачуулсан гэж мэдүүлсэн байдаг ажээ.

Хамар дороос нь ийм их хэмжээний бэлэн мөнгө гадны компанид, маш сэжигтэй цаг үед буюу Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын өмнөхөн олгогдсон энэ үйлдэлд Монголбанкны ерөнхийлөгч гүн гүнзгий хутгалдсан байсан болох нь мөрдөн шалгалтаар тодорхой болж байгаа ажээ.

Х.Онон


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна