“Найрамдал” зуслангийн газарт хууль бусаар олгосон 24 зөвшөөрлийг цуцаллаа


Засгийн газрын өнгөрөгч тавдугаар сарын 29-ний хуралдаанаар “Найрамдал” олон улсын хүүхдийн зуслангийн эзэмшил газарт олгосон хууль бус газрын зөвшөөрлийг цуцалж, барилгыг нь буулгах шийдвэрийг гаргаад байсан билээ.  Тэгвэл “Найрамдал” зусланд газар олгосон хууль бус 24 захирамжийг хүчингүй болгосон гэдгийг өнөөдөр /2019.09.20/ нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас мэдээллээ.

Тус албаны Газар ашиглалтын бүртгэлийн хэлтсийн дарга Д.Бат-Өлзий мэдээлэхдээ “Найрамдал” олон улсын хүүхдийн зуслангийн хашаанд иргэн, аж ахуйн нэгжүүдэд хууль бусаар газар олгосныг судалж үзсэн. Тухайн зуслангийн хашаан дотор газар эзэмших зөвшөөрөл авснаас хойш газраа огт ашиглаагүй, үйл ажиллагаа явуулаагүй 24 байршлын газар эзэмших гэрчилгээ, захирамжийг нь  эхний ээлжинд хүчингүй болголоо.

“Найрамдал” зуслангийн газрыг улсын тусгай хэрэгцээгээр Засгийн газрын тогтоолоор эзэмшиж авсан байдаг. Өнөөдрийн цуцалж буй газрын хэмжээ нийт талбайн 10 хувьд хүрэхээргүй хэмжээнд байгаа. Мөн үлдсэн газруудад судалгаа явуулж байна. Зарим иргэн, аж ахуйн нэгжийн хувьд барилга байгууламж барьсан, өөр хүний нэр дээр шилжүүлсэн тохиолдол гарч байна.

“Найрамдал” олон улсын хүүхдийн зуслангийн эзэмшил газарт олгосон хууль бус газрын зөвшөөрлийг цуцлах асуудал дээр эхний ээлжинд 103 газрыг судалж үзсэн. Үүнээс 69 газрыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хяналт шалгалт хийлгүүлэхээр шилжүүлсэн. Ингэснээр тухайн 24 иргэн, аж ахуйн нэгж хохирол нэхэмжлэхээс гадна газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль бусаар цуцалж байна гэдэг гомдлыг шүүхэд гаргаж байгаа гэдэг мэдээлэл ирсэн” гэдгийг хэлж байв.

Тэрбээр “Найрамдал” олон улсын хүүхдийн зуслангийн эзэмшлийн газарт яагаад хууль бусаар газар олгосон гэж үзэж байна вэ  гэсэн асуудтад  “Найрамдал”  бол олон улсын хүүхдийн зуслан учраас Засгийн газрын тогтоолоор эзэмшил газрын талбайн зөвшөөрлийг өгсөн байдаг. Гэтэл Засгийн газрын тогтоолоор авсан хилийн цэсийг Газрын мэдээллийн санд бүртгэх ёстой. Тэр ажлыг хийгээгүйгээс тус зуслангийн хашаан дотор газар хууль бусаар олгосон гэсэн үг” гэв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна