Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг булхайг нь илчилсэн сэтгүүлчийг шүүхэд өгөөд ялагджээ


Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг Шинэчлэлийн Засгийн газрыг тэргүүлж байхдаа өөрийн хамаарал бүхий “Хаан жимс Эс Би Ти” -аараа ТЭДС-аас 7 жилийн хугацаатай хүүгүй зээл авсан талаар сэтгүүлч Д.Оюун-Эрдэнэ “ТЭДС-аас хүүгүй зээл авсан компаниудыг Н.Алтанхуягийн “Хаан жимс” тэргүүлж байна” цуврал нийтлэлийг бичиж хэвлүүлжээ.

Гэтэл Н.Алтанхуягийн зүгээс уг нийтлэл цацагдсантай холбогдуулж нэр хүндэд захиалгаар халдсан хэмээн үзэж сэтгүүлчийг шүүхэд өгсөн байна. Улмаар Шүүх уг асуудлыг авч хэлэлцээд сэтгүүлч Д.Оюун-Эрдэнийг буруугүй хэмээн үзжээ. Өөрөөр хэлбэл нэр төрөө сэргээлгэх уг шүүх хуралд экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг ялагдал хүлээж, “ТЭДС-аас хүүгүй зээл авсан компаниудыг Н.Алтанхуягийн “Хаан жимс” тэргүүлж байна” цуврал нийтлэлийг “бодит байдалд нийцсэн” гэж шийдвэрлэжээ.

Энэ талаар сэтгүүлч Д.Оюун-Эрдэнэ цахим хуудастаа, “Арван сарын турш шүүх, цагдаад шалгуулж, олон улс дахь сэтгүүл зүйн хэллэгээр “түгшүүрт” автаж явсан би өнөөдөр шүүх дээр яллаа. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Шинэчлэлийн Засгийн газрыг тэргүүлж байхдаа өөрийн хамаарал бүхий “Хаан жимс Эс Би Ти” -аараа ТЭДС-аас 7 жилийн хугацаатай хүүгүй зээл авсныг нь би өөрийнхөө эрхэлдэг tvmongoliа.mn сайтдаа бичсэн юм. Харамсалтай нь шударга ёс хэмээн ярьдаг болсон энэ улстөрч маань үүнийг гүтгэлэг, нэр хүндэд захиалгаар халдсан хэмээн үзэж, хувь хүн болон компаниараа тус бүр 2 нэхэмжлэл, гомдлыг цагдаа, шүүхэд зэрэг зэрэг гарган зарлан дуудах 4 хуудсаар намайг дарамталж байлаа. Харин өнөөдөр нэхэмжлэгч талын удаа дараагийн шалтаг, шалтгаанаар гурван удаа хойшлогдсон шүүх хурал хуралдаж, Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүх бүрэлдэхүүн Норовын Алтанхуягийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, манай сайтын “ТЭДС-аас хүүгүй зээл авсан компаниудыг Н.Алтанхуягийн “Хаан жимс” тэргүүлж байна” цуврал нийтлэлийг “бодит байдалд нийцсэн” гэж шийдвэрлэлээ.

Мөн Чингэлтэй дүүргийн цагдаа ч мөн энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Н.АЛТАНХУЯГ УЛСТӨРЧ ӨӨ, ШУДАРГА ЁСЫГ ӨӨРӨӨСӨӨ ЭХЛҮҮЛ, ШУДАРГА ЁС ГЭДГИЙГ ТАНЬ ШИГ УЛСТӨРЧ, ЭРХ МЭДЭЛТНҮҮД ӨӨРИЙНХӨӨ ЁС ЗҮЙГЭЭС ЭХЛЭХ ЁСТОЙ ЮМ. ЁС ЗҮЙГҮЙ УЛСТӨРЧ ЭРХ МЭДЭЛТЭЙ БОЛОХООРОО ЯМАР ИЧГҮҮРГҮЙГЭЭР, УЛАЙН ЦАЙМ ХУВИЙНХАА, КОМПАНИЙХАА ЭРХ АШИГТ ҮЙЛЧИЛЖ, УЛСЫН МӨНГӨӨР БИЗНЕС ХИЙДГИЙГ ГАНЦ ЭНЭ ХЭРГЭЭР ТАНЬ ХАНГАЛТТАЙ НОТОЛЛОО.

ҮҮНТЭЙ ХОЛБООТОЙ ОЛОН БАРИМТУУДЫГ ТАНЬ ЦУВРАЛААР ГАРГАВАЛ ТА ДАХИАД НАМАЙГ ЯАЖ ДАРАМТЛАХ ВЭ⁉

ШУДАРГА ЁС, БАРИМТ ЯЛНА

Гүтгэсэн гэж Танд гүтгүүлсэн сэтгүүлч Дэшигрэнцэнгийн Оюун-Эрдэнэ 2019.09.20” гэсэн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна