Ван Баодун: Гурван орны бизнес эрхлэгчид 187 төслийг хэлэлцсэн


Монгол, Орос, Хятадын бизнес эрхлэгчдийн анхдугаар форум саяхан Манжуур хотноо зохион байгуулагдсан. Энэ үеэр гурван орны 200 гаруй аж ахуйн нэгж одоогийн  болон цаашдын хамтын  ажиллагааны боломж,  зорилгоо тодорхойлжээ. Энэ тухай Манжуур хотын Ардын Засгийн газрын Гадаад харилцааны албаны дарга Ван Баодунтай ярилцлаа.
 
-Гурван орны бизнес эрхлэгчдийн форумын ач холбогдол, цар хүрээг хэрхэн тодорхойлж байна вэ. Форумын гол зорилго юу байв?
 

-Манжуур хот бол Хятадын хамгийн том эх газрын боомт хот, 100 жилийн түүхтэй хот. Зүүн  Азийн цонх гэгддэг энэ боомт хотын  байршлын давуу тал, газар зүйн нөхцөл  байдал нь бүс нутгийн хамтын  ажиллагааг хөгжүүлэх, төрөл бүрийн төслүүдийг хамтран хэрэгжүүлэн Хятад,  Монгол, Орос гурван орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд таатай гэж бид үзсэн.

Иймээс Монгол, Орос, Хятадын бизнес эрхлэгчдийн анхдугаар форумыг энэ сарын 10-12-нд амжилттай зохион байгууллаа. Форумыг ӨМӨЗО-ны Засгийн газар, Худалдааны яамны Хөрөнгө оруулалтыг дэмжих хороо, Монгол Улсын Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар, ОХУ-ын Өвөр Байгалийн хязгаарын Засгийн газар, Буриад улс хамтран зохион байгуулж  нийт 500 гаруй төлөөлөгч, бизнес эрхлэгчид  оролцсон.
 
Гурван орны эдийн засгийн интеграцийг дэмжих, хамтын ажиллагааны төслүүдээ боловсруулж, харилцаагаа шинээр нээж түншлэх, цаашдын төлөвлөгөө, хамтын  ажиллагаагаа тодорхойлох нь манай форумын гол зорилго байсан. Энэ зорилгодоо ч хүрсэн гэж бодож байна.
 
-Энэ форум нь БНХАУ-ын “Бүс ба зам” санаачилгатай хэрхэн уялдаж байгаа вэ?
 
-Бизнес эрхлэгчдийн чуулган зохион байгуулсан гол зорилгын маань нэг нь  “Бүс ба зам”   санаачилгатай уялдан түүнийг хэрэгжүүлэхэд дэм болох юм. Үүний тулд хойд чиглэлд нээлттэй гүүр, холбоос болсон Манжуур  боомтын давуу талыг ашиглаж байгаа гэж ойлгож болно. Дангаар бус харилцан  ашигтай хамтран ажиллая гэсэн “Бүс ба зам” санаачилгын зорилго маань Хятад, Монгол, ОХУ-ын зэргэлдээ нутгийн эдийн засаг болон бүх талын хамтын  ажиллагааг хөгжүүлэх зорилготой давхцаж байгаа юм.
 
-Уулзалт, хэлэлцүүлгийн үеэр гурван орны бизнес эрхлэгчид эдийн засагт эерэг үр дүн авчрах олон төсөл хөтөлбөрүүдийг хэлэлцсэн гэж байсан. Нийт хэдэн төсөл хэлэлцсэн бэ. Эдийн засгийн ач холбогдлын хувьд  ямар төслүүд дийлэнх байв?

 
-Форумын хүрээнд гурван улсын хамтын  ажиллагааны төслийн лавлах боловсруулж нийт  187 төслийг нэгтгэн ярилцсан. Өөрөөр хэлбэл, форумын хүрээнд Хятадын талын 61, Оросын талын 71, Монголын талын 56 төслийг хэлэлцэж, гурван орны 200 гаруй аж ахуйн нэгж нүүр тулан уулзаж одоогийн болон цаашдын хамтын  ажиллагааны боломж,  зорилгоо тодорхойлсон юм.

Тодруулбал, Монголын талаас БНХАУ-тай хамтран, Монгол хэв маягийн цэцэрлэгт хүрээлэн, Буйр нуурын аялал жуулчлалын бүсийг байгуулах, цахим худалдаа, мал аж ахуйн болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдааны чиглэлээр хамтран ажиллах төслүүд байсан. .
 
-Гурван орны чуулга уулзалтыг жил бүр уламжлал болгон зохион байгуулна гэсэн. Монголын талаас сонирхож буй аж ахуйн нэгжүүд хэрхэн хамрагдах вэ?

 
-Ирэх жил форумыг ОХУ-ын Буриад  улсад хийхээр төлөвлөөд байгаа. Магадгүй түүний дараа жил  Монголд гэх мэтээр ээлжлэн зохион байгуулахаар ярилцаж байна. Тэр үед форум маань илүү олон салбар хурлуудтай, илүү өргөн хүрээтэй зохион байгуулагдах  байх. Энэ удаад бид 300 гаруй төлөөлөгч оролцох байх гэж анх төлөвлөж байсан ч 500 гаруй бизнес эрхлэгч,  зочин төлөөлөгч оролцлоо.

Монголын талаас хамтран ажиллахыг хүссэн бизнес эрхлэгч хэн бүхэнд форум маань нээлттэй байх болно. Энэ дашрамд Монголын талын  бизнес эрхлэгчдээ урьж байна. Ирэх жилийн форум эхлэхийн өмнө хамтран зохион байгуулж буй гурван орныхон маань өөр өөрсдийн  сувгаар тодорхой мэдээллийг улс  орондоо хүргэх болно.
 
 Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна