С.Баяр: 1970, 80-аад оны "суртал ухуулгын сэтгүүл зүй" одоог хүртэл арилаагүй байгаа нь харамсалтай


Сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулах “Балдорж” шагнал гардуулах ёслолын ажиллагааг нээж Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд С.Баяр үг хэлснийг хүргэж байна..

Тэрбээр "Хатагтай ноёд та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье. Ёслолын ажиллагааг нээхээс өмнө би найзынхаа талаар хэдэн үг хэлэх ёстой гэж бодож байна.

Одоогоос 11 жилийн өмнө миний найз Ц.Балдорж агсны хамтран зүтгэгч, дотны найз нөхөд, гэр бүл, хүүхдүүд нь цуглаж Монголын сэтгүүл зүйн шилдэг шагнал гардуулдаг ёслолын ажиллагааг жил бүр зохион байгуулдаг болох талаар ярилцаж байсан юм. Бид энэхүү арга хэмжээг сэтгүүлчдэд шинийг санаачлах, урам зориг өгөх зорилгоор санаачилсан. Балдорж шагналын анхны эзнээр МОНЦАМЕ агентлагийн одоогийн захирал Б.Ганчимэг шалгарч байсныг би санаж байна. Тэр үеэс хойш яг 10 жилийн дараа энэ тайзнаа дахин үг хэлж байгаад сэтгэл минь их хөдөлж байна. 

Ц.Балдорж агсан Монгол Улсад чөлөөт хэвлэлийг хөгжүүлэхэд маш том хувь нэмэр оруулсан. Тэрбээр 40 жилийн өмнө "Үнэн" сонинд ид цахиур хагалж явсан авьяаслаг, нэртэй сэтгүүлч байлаа. Биднийг сэтгүүл зүйн салбарт сэтгүүлч гэж нэрлэгдэж явахад нөхцөл байдал өнөөдрийнхөөс өөр байжээ. Бид нэг намын бодлогыг олон түмэнд хүргэдэг байсан суртал ухуулагчид байсан нь үнэн. Гэхдээ 1980-аад оноос өөрчлөлт шинэчлэлтийн салхи нийгэмд сэвэлзэж эхэлхэд Ц.Балдорж найз маань биднийг манлайлж, хойноосоо дагуулж явсан юм. Түүний нийтлэл олон сэтгүүлчдийн урам зоригийг сэргээж, уншигчдад шинэ бодлыг төрүүлж, шинэ цагийг авчрахад ихээхэн нөлөөлсөн гэж би боддог. 

Тэр цагаас хойш сэтгүүл зүйн орчин нөхцөл өөрчлөгдсөн. Хуучин цагт сонины нийтлэл, телевизийн нэвтрүүлгээс өөр контент байсангүй. Гэтэл өнөөдөр сэтгүүл зүйд цахим хэвлэл шинээр нэвтэрч, сонины нийтлэл хоцрогдох дээрээ тулжээ. Цахим хэвлэлийг хурдаараа гүйцдэггүй юм гэхэд нийтлэлийн чанараараа гүйцэх боломж сонинуудад маань бий. 

Хэдийгээр би сэтгүүл зүйн салбараас холдоод удаж байгаа ч жирийн нэг уншигчийн хувьд энэ үгийг хэллээ.

Сайны хажуугаар саар зүйл их бий. 1970, 80-аад оны "суртал ухуулгын сэтгүүл зүй" одоог хүртэл арилаагүй байгаа нь харамсалтай. Мэдээлэл өгөх ёстой сэтгүүлчид маань өнөөдөр захиалгат нийтлэл бичиж байгаа нь энэ салбарын том дутагдал юм. 

Эцэст нь хэлэхэд хайрт аавынхаа, мөн хайрт ханийнхаа үйл хэргийг амжилттай үргэлжлүүлэн авч яваа Н.Шүр, Б.Нандинтүшиг, Б.Номинтүшиг нарт чин сэтгэлээсээ талархаж явдгаа илэрхийлье" гэжээ.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна