Г.Уянга: Монголд Бөхбат хурандаагаас муу хүнгүй болоод, хоёр дахь өглөө нь ажлаа өгчихжээ


УИХ-ын гишүүн асан Г.Уянга цагдаагийн хурандаа Э.Бөхбатын талаар өөрийн цахим хуудастаа ийнхүү бичжээ. Тэрбээр "Нэлээд хэдэн жилийн өмнө ОХУ-д МВД академид сурч байсан монгол залуу усанд живж байсан ОХУ-ын иргэний амийг аварлаа гэдэг мэдээ монголчуудын бахархлыг төрүүлж, бид бас л шуугиж байсан даа. Хүнээ авраад эрэг рүү сэлж явахдаа шөрмөс нь татаж өөрөө живэх шахсан тэр залуу бол хурандаа Э.Бөхбат. Тэр үед ахмад байсан болов уу.

Сонин, сайтууд мэдээ тавьж, Бөхбатын зурагтай гэгээтэй мэдээгээр нүүрээ чимж байсан нь саяхан. Тээврийн цагдаад замын цагдаагаас эхэлж ажилласан, арван жилд байхаасаа үерхэж ханилсан гэргий нь тогооч мэргэжилтэй, хориод жилийн өмнөөс л төмөр замд гуанз ажиллуулдаг байсныг нь мэдэх юм. Ресторан биш шүү, жирийн иргэдийн үдийн цайгаараа ордог, бууз, хуушуур, пирошки, цуйван, будаатай хуурга, ногоотой шөл хийдэг гуанз. Тэр гуанз нь хэрэг мандаажээ дээ, янз нь.

Нэг өглөө босоод ирсэн, Монголд Бөхбат хурандаагаас муу хүнгүй болоод, хоёр дахь өглөө нь ажлаа өгчихжээ.

Хүүхдүүд зам тээврийн осолд өртөж хорвоог орхих нь жил бүр нэмэгдсээр байгаад Ерөнхийлөгч санаа зовниж Хүүхдийг зам тээврийн ослоос сэргийлэх үзүүлэх сургалтыг Монголын хүүхэд бүхэнд үзүүлэх томоохон төсөл санаачлан хэрэгжүүлж эхэлсэн билээ. Тэр төслийг амжилттай хэрэгжүүлэхэд хурандаа Г.Арсланхуяг, хошууч Д.Будзаан хурандаа Э.Бөхбат нар хошуучлан маш сайн ажилласан. Цагдаа хүнд үүрэг өглөө л бол "Мэдлээ, гүйцэтгэе!" Ажлаа хийлээ, үр дүнг нь тайлагналаа. Болоо! Ёстой амар, өөдөөс олон долоон тайлбар, шалтаг шалтгаан тоочихгүй, маш тодорхой.

Цагдаа хүнд хэцүү нөхцөлд ажилладаг учраас дөнгөж дөч гараад л тэтгэвэрт суух нас нь болчихдог. Одоо Бөхбат хурандаа тэтгэвэртээ гарах тун дөхсөн байх учиртай. Тэгвэл овоо цолтой, цалинтай ажилласан сүүлийн жилүүд нь тасалдаж балрах нь гэж бодогдож суулаа.

Юмны учрыг ололгүй, дөнгөж сонссоноо даваадуулан сэвцгээгээд хүний амьдрал баллаж байгаа юм биш байгаа даа...

Өчнөөн том хаус, газартай, хэрэг наймаалж сагасан хурандаа нарын нэг Э.Бөхбат биш байхаа. Улстөрч нэртэй давилуун нөхдүүд шиг гүрийгээд чичрээд байлгүй дор нь ажлаа өгөөд шалгуулъя гэжээ. Учрыг нь олж шалгуулаад, эргээд ажилдаа орно биз ээ" гэсэн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна