Цогчин дугандаа шоронгийн нэр өгөх хэрэг байсан юм уу?


Олон жил яригдаж, олон жил сүсэгтнээ хүсэн хүлээлгэсэн Цогчин дуган Гандангийн хашаанд сүндэрлэн босч монголчуудаа баярлууллаа. Цогчин дуганы нээлт сүр дуулиантай болж Монгол орны өнцөг булан бүрээс төдийгүй гадаадын зочид гийчид хуран чуулж, олон улсын хурал зөвөлгөөн, даншиг наадам, цам харайлт, үндэсний бөхийн барилдаан гээд түмэн олноо урин дуудсан сайхан үйл явдлууд боллоо. Монголынхоо өлзий буяныг ёстой л бадраалаа.

Гадаадын шашнуудад “эзлэгдчихээд” байгаа манай улсад ийм сүм суврага, зан үйл үнэхээр үгүйлэгдэж байгаа юм. Улаанбаатар хотод л гэхэд бараг л арав алхаад нэг харийн шашны сүм дуган байгаа. Тэгэх мөртлөө хотын төв хэсэгт хамгийн сайхан байрлалтай газруудаа гадаадын сүм хийдүүдэд өгсөн байгааг та нар ажигладаг л байх. Үүнд нэг л онцлог зүйл байдаг гэх. Гадаадын шашныхан газар нутгийн зөвшөөрөл авахдаа улсын орлогоос гадна зөвшөөрөл өгсөн хүмүүст багтаж ядсан “ногоон” өгдөгөөс эрх мэдэлтнүүд хотын төвийн аль сайхан газруудаа сорчилон өгдөг гэх. Та нар вокзал руу очих замын дэргэд таван бөмбөгөр оройтой ямар том сүм баригдаад арав гаруй жилийн нүүр үзэж байгааг! Барьдаг ч үгүй, дуусдаг ч үгүй, өчнөөн жил боллоо. Хайран газар! Хайран хөрөнгө! Би тэсэлгүй “оройтой сүмийн нууц” гээд хэдэн удаа бичсэн. Чихгүй толгой. Энд сургууль барьсан бол хичнээн мянган хүүхэд эрдэмд суралцах байв. Энд эмнэлэг барьсан бол хичнээн мянган хүнийг эрүүл болгох байв. Эндээс газрын төлбөр төлөөс гэхчлэн татвар төлбөр улсад ордог уу? Магадгүй, авдагггүй ч байж болох юм. Эрх баригчид, гадаадын эзэдтэйгээ хуйвалдан харийн шашныг ингэж л өөгшүүлж, дэвэргэж байгаа юм. Иймээс эцэг дээдсийнхээ олон үеэрээ шүтэж дээдэлж ирсэн бурхны шашиндаа хүндэтгэлтэй хандан нэг ч болсон дуган сүмийг нь барьж байгуулсанд миний хувьд олзуурхаж байгаа.

Цогчин дуган ашиглалтанд орж, сүсэгтэн олноо далалж дуудаж байгааг дэмжихийн хэрээр бас нэг зүйлд сэтгэл эмзэглэж байгаа. “Батцагаан” гэдэг нэрэнд нь. Цогчин дуган, олон зууны өмнө ямар нэртэй байсныг олон түмэн тэгтлээ мэдэхгүй. Түүх, шашны судлаачид цөөн хэдэн хүн “Батцагаан” гэсэн нэртэй байсан гэж маргалдаж магадгүй. Батцагаан гэдэг нэр бол одоогийн Монголчуудын сэтгэлд аймшигт шоронгийн нэр сүрээр л бууна.

1930-1940-өөд оны үед Монголын сор болсон олон мянган эрдэмтэн мэргэд, лам хуврагууд, цэргийн жанжнуудыг хорьж тамлаж байсан, Монголын ганц том шорон нь Батцагаан нэртэй байсан юм. Энэ шорон нь одоогийн Зүүн дөрвөн замын уулзварын баруухан өмнө, засмал замын өмнө, орон сууцны 13 дугаар хорооллын архан биед буйр нь бий. Бидний болон бидний түрүү үеийнхэн тэр аймшигт шоронгийн буйрыг нь хараад жихүүдэс төрдөг байсан юм. Батцагаан гэх энэ аймшигт шоронд мөн ч олон хүн тамлагдаж, тамлал даалгүй таалал төгсч, “ярганы газар” руу ачигдаж, эргэж ирэлгүй нас нөхцөж байсан даа.

Батцагаан гэх энэ аймшигт шоронгийн тухай хоригдлуудын дуу хүртэл бий шүү дээ.

… Батцагааны орой дээрээс
Баруун хойшоо харахад минь
Багын байсан колонийн сургууль
Бас л хэвээрээ дүнхийж байна…
… Ухаангүй хүний үгэнд орж
Учирсан сэтгэлээ зовоосонд орвол
Ууланд яваа зээрийн янзагыг
Өрөвдөж суух минь яалаадаа…
…. Хайргүй хүний үгэнд орж
Хатан зүрхээ зовоосонд орвол
Хангайд яваа зээрийн янзагыг
Хайрлаж суух минь яалаа даа… гэсэн олон бадаг дууг, тэндээс амьд гарсан хүмүүс мэднэ дээ. Колонийн сургууль гэдэг нь Гандангийн дэнжид одоогийн хүүхдийн эмнэлэг байгаа газрын ойролцоо байсан юм.

Энэ дууг зохиосон хүний тухай, дуулж түгээсэн хүний тухай олон таамаг яриа байдаг л даа. Нэрт зохиолч найруулагч Л.Цэнд-Очир гуай “Эмээлтэй морины эзэн нь ирлээ” гэдэг найраглал бичсэнийхээ учир шоронд хоригдож байхдаа энэ дууг зохиож, дуулдаг байсан гэсэн яриа бий. Бас, зохиолч Ч.Чимид Батцагаанд хоригдож байхдаа энэ дууг бичсэн гэх хүн ч байдаг. Мөн, “шилэн” Дамдин цаазлагдахынхаа урьд өдөр бичээд цаазлагдахдаа дуулж байсан гэдэг таамаг яриа ч бий. Батцагаан шоронд тамлагдаж байгаад цаазлагдахаар ачигдаж, Шар хадны тэнд олноороо буудуулсан хүмүүс:

… Шар хадны дээгүүр
Шар солонго татаад байна
Шар уурагаа шимүүлж өсгөсөн
Ээжийнхээ ачийг яанам бэ … гэж дуулж байсан гэдэг домог яриа бий. Юутай ч Батцагаан гэдэг аймшигт шорон бол Монголчуудын сэтгэл зүрхэнд бурханы номын газраар биш, бузар аллагын газраар дүрслэгдэж үлдсэн юм л даа.

Хоригдлуудын дунд дандаа ч ийм гуниг гутралын дуу байгаагүй, бас цоглог сайхан уран бүтээлүүд олон байсан. Манай нэрт хөгжмийн зохиолч, удирдаач, кино жүжигчин Доржсүрэн гуай /”зэрэг нэмэхийн өмнө” киноны гол баатар/ Батцагаанд хоригдож байгаад Туул голд сал татах болсон юм билээ.
Өөрийн зохиосон “Туулаа, Тунгалагаа
Дурлалыг минь холбосон туулаа… гэж дуулаад сал татаж ирэхэд Туулын бургасанд үзэсгэлэн төгс бүсгүй нь цай хоол, идээ амттан бариад угтдаг байсна гэдэг. Доржсүрэн гуайг армийн үлээвэр найрал хөгжим удирдаж байхад танилцаад “Та тэгэж байсан гэл үү?” гэхэд “Яахнав! Чөтгөр гоймонд дурлав гэгчээр”… гээд муухай харж билээ.

Батцагаан шоронг устгаснаас хойш тэр дэнж дээр, тэрүүхэн хэсэгт олон албан газар, олон айл хөрш нутагласаар өнөөг хүрсэн л дээ.
Хүмүүсийн нэг хэсэг нь “Хар энерги шингэсэн газар ” л гэдэг юм. Тэр ч яахав, мухар сүсэгийнх байх талтай. Гэвч, ямар нэг нөлөөтэй юу, тохиолдлынх уу гэдэг талаар хэдэн зүйлийг та нарт сонирхуулъя. Тавин хэдэн оны үед Батцагааны байсан дэнж дээр Хотын коминдат буюу ардын армийн хүндэт харуулын рот байрлаж байсан юм. 1956 онд миний суралцаж байсан цэргийн ерөнхий сургууль татан буугдахад, нэгдүгээр курсын бидний хэсэг сурагчид хүндэт харуулын ротод шилжиж билээ. Ардын хувьсгалын 35 жилийн ойн баярын зочид төлөөлөгчдийг хүлээн авах хүндэт харуулд дайчид хэрэгтэй болж л дээ. Тэгээд өдөр шөнөгүй бэлтгэл хийн, нэлээн жигдэрч байтал тухайн үеийн ЗХУ–ын Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчдийн орлогч дарга Москатов гуай баяр наадмын зочноор ирэх болж, хүндэт харуулынхан бид, нисэх онгоцны буудал руу хөдөлж байгаа юм. Би, тугийн хамгаалалтанд жагсдаг байсан учир эхний машинд очоод нисэхийн талбайд буучихлаа. Ард явсан хоёр машин цэрэг ч хүрээд ирлээ. Тэгтэл сүүлчийн машин байдаггүй.

Талбай руу эргэдэг замын хажуугийн жалга руу уначихаж. Бид бүгдээрээ сандарч гүйсээр очиход, гүнзгий жалганаас байлдааны машины шавартай дөрвөн дугуй л цухуйж харагдсан. Тэр машин дээр, хутган жадтай винтовоо өвдгөн завсраа хавчсан 30 байлдагч явсан юм шүүдээ. Жалганд хүний цус туначихсан ямар аймаар байсан гээ. Байлдааны үед галын цэг дээр л ийм байдаг болов уу гэмээр. Бүгд гэмтсэн, тархи толгой нь хагарч, хөл гар нь хугарсан байж билээ. Машины кабин доороос хоёр байлдагчийг татаж гаргахад толгой нь цус болсон, хавтгай юм гарч ирэх шиг болсон. Батлан хамгаалах яам, цагдаа, эмнэлэг, түргэн тусламжийнхан бүгд ирсэн. Эхний гурван машины дайчид, тугаа залаад жагсахад хойд уулын дээгүүр цагаан онгоц гарч ирсэн нь Москатов гуайн хөлөглөсөн онгоц байж билээ. Сүүлд генерал болсон Туваанжав гуай биднийг командлан зочиндоо хүндэтгэл үзүүлснээр бидний ёслолын ажиллагаа сайн болсон. Шархадсан хүмүүсийг нийслэлийн том эмнэлгүүдэд хүргэж, тэр оройгоо Оросын алс дорнот хязгаарын аль л нэр хүндтэй том эмч эрдэмтдийг урьж ирүүлснээр осолдсон 30 хүнээс нэг нь ч нас бараагүй гэсэн. Бүгд эдгэрсэн. Нөгөө кабинд дарагдсан хоёр маань нүүр толгой нь эрээн цоохор болтлоо яс түүлгэж, оёулаад эдгэрсэн гэсэн. Нэгэнтэй нь би сүүлд уулзаж билээ.

Батцагаан шорон байсан газрын ойролцоо (залгаа) “арьс өнгөний больниц” байрлаж байлаа. Тэнд янз бүрийн өвчтэй олон хүн эмчлүүлж эдгэрсэн нь гарцаагүй. Гэлээ ч тэнд олон хүн өвчин зовлонд шаналж, бас нэлээд нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Нэлээд сүүлийн үед, тэнд гэр хэлбэртэй сүрлэг барилга баригдаж билээ. Төдхөн шатчихсан. Одоо хэрнээ балгас гэмээр юм байж л байгаа.

Батцагаан гэдэг аймшигт шоронгийн дэвсгэр газар ийм л учиртай юм даа. Би бол Батцагаан гэдэг нэрийг эмзэглэж хүлээж авдаг хүн. Батцагаанд хоригдож байгаагүй ч гэсэн өвөг эцэг минь буудуулсан, отгон хүү нь сураггүй алга болсон, зээхүү миний бие хилс хэргээр 10 жил 6 сар дотоод яамны байнгын хяналтанд нутаг заагдан хүнд хүчир хөдөлмөрт зүтгэсэн. Миний адил олон хүн “Хэлмэгдэл” ”Шорон” “Батцагаан” гэдэг нэрнээс зэвүүцэж явдаг юм. Гэтэл, бурхны шашны хамгийн том дуган сүмээ “Батцагаан ”гэж нэрлээд байгаа нь сэтгэлд нэг л багтахгүй байна. Нээлтэнд нь намайг оч гэсэн. Би очоогүй. Зүгээр л “Цогчин дуган” нэрээрээ байвал би очно. Гурван үеийнхнийхээ өмнөөс мөргөж залбирна.

Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, сэтгүүлч Г.Жамьян
Эх сурвалж: Зууны мэдээ сонин


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна