ХҮН: Оюутолгой улс төрчдийн хоосон шүүмжлэл, популизмын сэдэв байсаар ирсэн


ХҮН-ээс Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийх үеэр Хөдөлмөрийн үндэсний нам Оюутолгойн санхүүгийн загварыг сарын дотор боловсруулан, шинэ Засгийн газарт хүргүүлэхээр болсон тухайгаа мэдэгдлээ. 

Тодруулбал, Оюу толгой төслийн хувьд 2100 он хүртэл үргэлжлэх мега төсөл бөгөөд төслийн талаар хэт туйлширсан мэдээллүүд гарч байгаа учир ийнхүү ХҮН-аас ажлын хэсэг байгуулан дээрх загварыг боловсруулахаар болжээ. 

ХҮН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Гантулга "Оюу толгойтой холбоотой үндсэн гурван гэрээ бий. Хөрөнгө оруулалт, хувь нийлүүлэгчдийн, Дубайн гэрээ гэж бий. Оюу толгой төслийн ТЭЗҮ ч мөн гарсан байдаг. 2016 онд Опен Ойл гэдэг компани Оюу толгойн санхүүгийн загварыг хийж, олон нийтэд нээлттэй тавьсан. Энэ санхүүгийн загвар дээр ажиллалаа. 

Оюу толгой төсөл санхүү, бизнесий загвар, мөнгөөр, ногдол ашгаар, АМНАТ-аар хэдэн төгрөг авах гэж байгааг үзүүлдэг бизнесийн загварыг ярьж байгаа.


Энэ том төслөөс ямар хэмжээний ашиг авах талаар хэлцэл хийхийн тулд санхүүгийн загвартай байх ёстой. Засгийн газар загваргүй явж ирсэн юм бишүү гэсэн хардлага төрүүлж байна. Рио Тинто бүх тайлангаа, хөндлөнгийн байгууллагаас санхүүгийн загварыг гаргасан байна. Үүн дээр нь Монгол Улсын Засгийн газар коммент тодруулга өгөөгүй гэсэн тайлбарыг хийсэн. Том хэмжээний наймаан дээр тооны машингүй очиж байгаа хэрэг. Бид сарын дотор санхүүгийн загварыг боловсруулж, шинэ Засгийн газарт хүргүүлнэ. Нэг засгийн газрын хүлээх хариуцлага биш” хэмээв.

Хууль эрхзүй хариуцсан нарийн бичгийн дарга Д.Үүрцайх “Оюу толгойн асуудалд хэт туйлширсан байдлаар асуудалд хандаж байна. Энэ гэрээг олон улсын гэрээ гэсэн байдлаар тайлбарлаж, арбитрын шүүхэд очвол Монгол Улс яалт ч үгүй балрах юм шиг мэдээллийн төөрөгдөл үүсгэсэн байна гэж үзэж байна. Оюу толгой ХХК бол Монгол Улсад бүртгэлтэй, Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу асуудлыг шийдвэрлэх боломжтой” гэлээ. 

УИХ-ын гишүүн Т.Доржханд "Сүүлийн 13 жил Оюутолгойн асуудлаар нилээд ярилцлаа. Хэн яриад байна гэхээр, улстөрд маш их ярьсан. Үр дүнд нь Монголчууд гэрээ хэлэлцээр хийх болгондоо гэрээгээ муужруулаад байна. Монголын талд үр ашиггүй гэрээ байгуулаад байна. Мэргэжилтнүүдийг цуглуулаад ямар нэгэн улстөрчгүй, мэргэжлийн хүрээнд гэрээ хэлэлжээр хийсэн нь дандаа хожсон байна. 

Оюутолгойн хэлэлцээрийг хоёр талаасаа сууя аа, нөгөө талаас Рио Тинтогийн хөрөнгө оруулагчид сууя гэсэн тохиолдолд улстөрчдийн баг гэхээсээ илүү мэргэжилтнүүдийн баг илүү амжилтад хүрэхээр хэлэлцээр хийнэ гэсэн итгэл үнэмшил байна. Үүнийгээ ч УИХ-ын чуулган дээр тодорхой хэлсэн байгаа. Хэлэлцээр гэдэг бол маш их деталь ярьдаг ажил байдаг. Хэлэлцээрийн эсрэг талд дан хуульчид байдаг. Монголын талын 34 хувийг, рояалти буюу байгалийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулна гэж тооцохын бол 1,5 хувийг нэмж ашигт малтмалын нөөцийн төлбөрийг өсгөхөд л 34 хувиас өгөөжийг авч болж байна" хэмээн мэдээллээ.

ХҮН-аас төслийн гэрээ байгуулсан цагаас хойш хайхралгүй орхисноос үүдэн өнөөгийн нөхцөл байдал үүссэн ба өнгөрсөн хугацаанд Засгийн газрууд Оюу толгой төслөөс Монголчуудын хүртэх үр өгөөжийг дээшлүүлэх талаар бодитой нэг ч алхам хийгээгүй хэмээн дүгнэж байгаа аж.

ХҮН мэдэгдэлдээ, "Оюу Толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор Хөдөлмөрийн үндэсний нам Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Ажлын хэсэг нь Санхүү эдийн засаг, Геологи уул уурхай, Хууль эрх зүй гэсэн 3 дэд хороодоос бүрдэж байгаа бөгөөд энэ удаад Оюу толгой төслийн үндсэн гэрээнүүд болох Хөрөнгө оруулалтын гэрээ, Нэмэлт өөрчлөлт оруулж дахин тодотгосон хувь нийлүүлэгчдийн гэрээ, Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө (Дувайн гэрээ) болон Оюу толгой төслийн 2014, 2020 оны NI 43-101 Техникийн Тайлангууд, Опенойл компанийн 2016 онд танилцуулсан Оюу толгой төслийн санхүүгийн загвар дээр ажиллаад эхний үр дүнгийн тоймыг танилцууллаа.

1. Хөрөнгө оруулалтын гэрээний 2.2-т Монгол Улсын бусад орнуудтай байгуулсан давхар татварын хувь хэмжээг тогтворжуулжээ. Хэдийгээр Монгол Улс нь Нидерландын Вант улстай байгуулсан давхар татварын гэрээг 2014 онд цуцалсан боловч энэ нь Оюу толгой төсөлд хамаарахгүй үлдэхээр байна. Үүнээс үүдэн Оюу толгой төслөөс Монгол Улсын авах өгөөж ойролцоогоор 30 орчим хувиар буурсан байна. Иймд Монгол Улсын Засгийн газар нь Рио Тинто компанитай хийх хэлэлцээрт давхар татварыг тогтворжуулсан асуудлыг эргэн харах ёстой гэж бид үзэж байна.

2. Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын 3-т “Оюу толгой төслөөс хүртэх Монголын талын үр өгөөжийг … 53 хувиас бууруулахгүй байх хүрээнд Монголын талын эзэмшлийн 34 хувийн хувьцаа эзэмшлийг бүтээгдэхүүн хуваах нөхцөл, эсвэл ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах хувилбаруудыг судлан шийдвэрлэх, шаардлагатай тохиолдолд холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах тухай санал боловсруулан Улсын Их Хуралд танилцуулах”-ыг Засгийн газарт даалгасан. Опенойл компанийн 2016 оны олон нийтэд нээлттэй загварыг ашиглан тооцоолоход Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34%-ийг хамгийн багадаа 1.5%-ийн нэмэлт рояалтид шилжүүлэх урьдчилсан тооцоолол гарч байна. Засгийн газар нь УИХ-ын 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд хэрхэн ажиллаж байгаа нь тодорхойгүй байна.

3. Оюу толгой төсөл дээр Засгийн газар нь өөрийн санхүүгийн загвар боловсруулан ашиглаж байгаа эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд сүүлийн үед Засгийн газрын холбогдох албан тушаалтнуудын олон нийтэд өгсөн мэдэгдлүүээс дүгнэхэд Засгийн газар өөрийн гэсэн санхүүгийн загвар ашиглахгүй байх хардлагыг төрүүлж байна. 2100 он хүртэл Монгол Улсын эдийн засаг болон Монголчуудын амьдралд том нөлөө үзүүлэх энэхүү төслийн санхүүгийн үр ашгийг тооцоолсон загваргүйгээр Засгийн газар нь бусад хөрөнгө оруулагчидтай хэлэлцээрт орох боломжгүй гэж үзэж болно. Хэрэв найдвартай санхүүгийн загвар боловсруулж амжаагүй эсвэл санхүүгийн загвараа шинэчилэх шаардлагатай бол бид Засгийн газартай хамтран ажиллаж 1 сарын дотор загварыг боловсруулах боломжтой гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.

Өнөөдрийг хүртэл Оюу Толгой төсөл нь улс төрчдийн хоосон шүүмжлэл, популизмын сэдэв байсан болохоос тус төслөөс Монголчуудын авах үр өгөөжийг сайжруулах чиглэлээр нэг ч бодит алхам хийгдээгүйд бид харамсаж байна. Цаашид Оюу толгой төслийн үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд Засгийн газар мэргэжилтнүүдийн ур чадварыг ашиглаж бодит үр дүнд хүрэх шаардлагатай бөгөөд энэ зорилгын төлөө Хөдөлмөрийн үндэсний нам нь тууштай ажиллахаа хариуцлагатайгаар мэдэгдэж байна"







Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна