Даль жигүүрээ дэвэн мөрөөдөл рүүгээ алхах МОДОН дээрх урлаач охин


Гар урлал хүнийг өв тэгш хүн болгон төлөвшүүлэхээс гадна стресс бухимдлыг үгүй хийж, өөрийгөө хөгжүүлэх, бүтээлч байх зэрэг давуу талуудыг суулгаж өгдөг гэдгээрээ онцлог. Тэгвэл өнөөдөр таныг гар урлал тэр дундаа Пирографи (Мод шатаах) урлагыг хөгжүүлж буй  З.Цэрэндолгортой уулзуулж байна. Пирографи урлал нь эртний Егифтээс гаралтай бөгөөд өдгөө мод шатаах нь гоёл чимэглэл болон хэрэглээний урлагын нэг хэлбэр болж дэлхий даяар уран сайхны графикт техник байдлаар амжилттай хэрэгжиж буй. Тэр ч бүү хэл гар урлал нь ухааны ур, нүдний ур, сэтгэлийн ур шингэсэн байдаг учраас үнэ цэнэтэй, соёлын өвийг өөртөө шингээсэн байдаг аж.

МОНГОЛД МОД ТҮЛЭХ УРЛАЛЫГ ХИЙЖ ЭХЭЛСНИЙХ ОРГИЛД НЬ ХҮРТЭЛ ХИЙХИЙГ ЗОРЬЖ БАЙНА

Түүнийг Зууннастын Цэрэндолгор гэдэг. Булган аймгийн Рашаант суманд төрж өссөн. Өнгөрсөн оны хавар Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг “бизнесийн удирдлага” мэргэжлээр төгсжээ. Одоогоос хоёр жилийн өмнө гар урлал сонирхож эхэлсэн ба өдгөө өөрийн гэсэн бүтээлүүдээ гарган хувийн бизнесээ эхлүүлж яваа. Түүнийг энэ салбар луу оруулахад эгч нь нөлөөлсөн аж. Анх эгчийнхээ захиалгат ажилд тусалж байгаад “Модон дээрх урлал”-ыг сонирхон, цаг заваараа сурчээ.  Энэ үеэс л өөрийнхээ бүтээлүүдийг гаргах гэсэн хүсэл тэмүүлэл нь эхэлж байж.

Хамгийн анх хөл хорионы үеэр найзынхаа төрсөн өдөрт зориулан цаг хийж өгсөн гэнэ. Найзууд нь түүнийг ихэд урамшуулан, урмын үг хайрласанд зориг орон цаашид өөрийн гэсэн бүтээлүүдээ урлах хүслийг дэврээсэн гэв. Тун удалгүй бүтээлүүдээрээ үзэсгэлэнд оролцож, өөрийн гэсэн бизнесээ эхлүүлэх эрч хүчтэй болсон байна. Өдгөө 23 настай Цэрэндолгор охин захиалагчдынхаа хүссэн загварыг гаргахын төлөө өдөр шөнөгүй ажиллаж, үнэнч захиалагчтай, гар урлалд өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгожээ.

МОНГОЛД ЭНЭ ТӨРЛИЙН ГАР УРЛАЛЫГ ХИЙДЭГ ХҮН ЦӨӨХӨН

Пирографи /модон дээрх гар урлал/ нь модоо сонгох, модны бэлдэцийн хэлбэр хэмжээ гаргах, зохиомж гаргах, зургаа зурах, түлэх, лакдах үе шатуудыг дамждаг. Мөн сийлбэр гаргах, нэмэлт ажлууд ч хийгддэг тул аль болох захиалагчдынхаа сэтгэл ханамжинд нийцсэн бүтээл гаргахын төлөө  хичээж ажилладаг тухайгаа хэлж байлаа. Тэрээр сэтгэл зүрх, оюун ухаанаа гарган байж хийсэн ажлаа бусдад үнэлүүлэх тэр торгон агшин яг л хязгааргүй уудам тэнгэрт эрх дураараа нисэж буй шувуу мэт санагддаг гэв.

Түүхий эд болох модоо хэрхэн яаж сонгодог вэ?

-Бүтээгдэхүүнийхээ гол түүхий эд болох модыг аль болох сайн чанарын хатаалгын нарс, хус, хуш зэрэг зөөлөн чанарын бүрэн хатсан давирхайгүй, яр багатай мод сонгон бүтээлээ урлаж байна.

Модон дээр түлж бүтээл урлахад гардаг бэрхшээл байдаг уу?

Байлгүй яахав. Модоо түлэх явцад модны судал, яр болон зөөлөн, хатуугаас шалтгаалан зурж байгаа зурагны өнгө нь өөр гарах тохиолдол байдаг.

Хүмүүс нэг үеэ бодвол үндэсний үйлдвэрлэлээ их дэмждэг болсон шүү дээ. Хийсэн бүтээлүүдийг тань харахад монгол өв соёлыг их шигтгэж өгдөг харагдаж байна.

-Тийм ээ. Хүмүүс үндэсний үйлдвэрлэлийг илүүд үздэг болсон нь их сайшаалтай хэрэг. Миний хувьд ч өдөр тутмын хэрэглээгээ аль болох үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн хэрэглэхийг зорьдог. Тиймээс ч бүтээлдээ монгол өв соёлоо шингээхийг илүүд үздэг. Монгол улсынхаа газрын зураг, монгол бичиг, морь, нутаг ус зэргийг бүтээлдээ оруулж өгснөөр хүмүүсийн сонирхолд нийцэх, цаашлаад өв соёл, бэлгэ тэмдгийг хадгалж үлдэхэд бага ч гэсэн нэмэр болох юм шиг санагддаг.

Модон дээрх урлал бусад гар урлалуудаас юугаараа онцлог давуу талтай вэ?  Мэдээж маш их ур чадвар шаарддаг байх.

-Тийм шүү. Үйлчлүүлэгчдийнхээ хүссэн зураг, сэтгэлийн үг, хэмжээ хийцийг нь ярилцаж хийдэг тул зураг зурах, каллиграфи бичих, захиалгадаа нийцсэн уран сэтгэмж гаргах, судалгаа хийх гэх мэтчилэн маш их ур чадварууд их шаарддаг. Модон дээрх урлал маань арилахгүй, гандахгүй модны байгалын өнгийг сэргээж, амьд мэт сэтгэгдэл төрүүлдэг гэдгээрээ онцлогтой.

Цар тахлын үед өөрийгөө хэрхэн хөгжүүлж байна вэ? Цаашдын зорилго тань юу вэ?

-Би  цар тахлын үед гар урлалаа илүү хөгжүүлж, шинэ шинэлэг  бүтээлүүд гаргахын тулд сийлбэр, арьсан дээр түлэх зэрэгтэй хослуулан бүтээлээ хийж байна.Өмнө нь зав зай ихтэй байдаг байсан бол одоо бүтээл хийж эхэлснээс хойш их завгүй байдаг болсон. Мөн модон дээрх урлалынхаа хажуугаар саван лаа, стринг арт зэрэг олон гар урлал сонирхож хийж байна. Ер нь монголд мод түлэх урлалыг хөгжүүлж эхэлснийх оргилд нь хүртэл хийхийг л зорьж байна даа. 

Та амьдралын аз жаргал, эрч хүчийг хаанаас авч байна вэ?

-Жижиг зүйлээс аз жаргалыг мэдэр гэдэг үг байдаг. Миний хувьд олон цаг зарцуулж, сэтгэл зүрхээ зориулан хийсэн бүтээлүүдээ бэлэн болсны дараа маш их аз жаргалаар дүүрэн, захиалагчид маань сэтгэл ханамжтай байгааг харахад урам зориг авдаг.Монгол улсын өнцөг булан бүрээс холбогдож, итгэл хүлээлгэн захиалга өгдөг захиалагч нартаа маш их баярлалаа гэж хэлмээр байна.

-Өөрийн чинь бүтээлийг сонирхож буй хүмүүс хэрхэн яаж холбогдох боломжтой вэ?

-Манайх захиалгаа Tsedo’s art pageхуудсаараа дамжуулан авдаг. Мөн 91288233 утасны дугаараар холбогдох боломжтой.

Ярилцсанд баярлалаа                                                                                                     


М.Сувд

 

 

 

 



Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.205
    2021/02/01

    Амжилт хүсье сайн байна

    Хариулах
  • 103.10.22.165
    2021/02/01

    Чамд амжилт хүсье. Аз жаргал хүсье. Мундаг Хөдөлмөрч ч хичээнгүй эмэгтэй шүү

    Хариулах
  • 66.181.161.57
    2021/02/01

    Амжилт хүсье ажилч хичээнгүй бүсгүй шүү

    Хариулах
  • 103.57.95.227
    2021/02/01

    Zorilgodoo zaawal hureerei. Amjilt husiy

    Хариулах
  • 59.153.87.233
    2021/02/01

    Mundag yumaa.. Zorij bui buh zuild ni amjiltin deedig husey

    Хариулах
  • 139.5.219.51
    2021/02/01

    Амжилт хүсэе

    Хариулах
  • 66.181.161.76
    2021/02/01

    Bayr xurgie . Mundag bnaa. Amjilt xvcie

    Хариулах