​Тусгаар тогтносон улс байхын үнэ цэнийг түүхэнд “тамгалсан” Д.Сүхбаатар

Х.Есү
2021/02/02

Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, Монгол улсын баатар, Ардын цэргийг үндэслэн байгуулагч, 1921 оны хувьсгалын удирдагчдын нэг, их Жанжин Дамдины Сүхбаатарын мэндэлсний 128 жилийн ой өнөөдөр тохиож байна.
Тэрбээр 1893 оны 2 дугаар сарын 2-нд одоогийн Амгалангийн орчим ядуу ард Дамдины гэрт төржээ.
Сүхийн бичиг үсгийн анхны багш нь Жамъян, манж хэлний багш нь Гүррагчаа хэмээх хүмүүс байв. Сүх 16 насандаа Их Хүрээний дөрвөн босго буюу Нийслэл Хүрээ-Хиагтын өртөөний Хүй-Мандал-Бургалтайн өртөөнд ээлжлэн улаа нэхэж байгаад 1911 онд 19 насандаа Богд хаант Монгол улсын цэргийн албанд татагдан, пулемёт сумангийн дарга болж, Бавуужавын эсрэг дайнд тодрон гавъяа байгуулж Сүх гэдэг нэрнийхээ ард “баатар” хэмээх нэрийг нэмж зүүжээ. Улмаар сайн суралцаж төгссөн учир удаа дараалан цэргийн отго жинсээр шагнуулжээ.
Ингээд хүрээний бүлгийн гишүүн, Зөвлөлт Орос улсаас тусламж гуйхаар одсон төлөөлөгчдийн 3 дахь хэсэгт явж, Х.Чойбалсангийн хамтаар Эрхүү хотноо Дорно дахины ард түмний секцид харьяалагдан хувьсгалын бэлтгэл ажлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм.

  • 1921 оны 2 дугаар сарын 9-нд Бүгд Ерөнхийлөн захирах жанжнаар томилогдож, зэвсэгт хүчнийг байгуулж, Монгол орныг чөлөөлөх байлдааны ажиллагааг удирдсан.
  • 1921 оны 7 дугаар сарын 10-нд Ардын засгийн газрын Цэргийн яамны сайд бөгөөд Бүх цэргийн жанжинд томилогдон улс орны аюулгүй байдлыг хангах, үндэсний байнгын цэрэг байгуулах үйл хэргийг удирдаж байв.
Улс үндэстний хувь заяаг шийдвэрлэсэн дайн байлдааны цагт Бүх цэргийн жанжин Д.Сүхбаатар ард түмний дунд өндөр нэр хүнд, алдартай байж нийт ардчилсан чиг шугамыг тууштай баримталсан үнэнч, шудрага байдлаараа ялгарч эв нэгдлийг эрхэмлэж байсан нь түүнийг үндэсний баатар, шинэ Монгол улсын эхэн үеийн гол удирдагчдын нэг болгосон түүхтэй.

Эх орныхоо төлөө хийсэн үйлсийнх нь төлөө түүнийг 

  • 1922 оны 9 дүгээр сард “Зоригт баатар” цолоор, 
  • 1922 онд Зөвлөлт Орос Улсын Улаан тугийн одонгоор шагнажээ.

Харамсалтай Сүх жанжны амьдрал удаан үргэлжилсэнгүй. Тэрбээр 1923 оны 2 дугаар сарын 22-нд цэл залуу насандаа зуурдаар таалал төгсчээ. 1924 оноос Д.Сүхбаатарын дурсгалд зориулан нам олон нийтийн байгууллага, хөдөлмөрчдийн өргөн цуглааныг хийж эхэлсэн бөгөөд 

  • 1930 оны намар Улсын төв театрын өмнөх талбайг түүний нэрээр нэрлэжээ. 
  • 1934 оноос Монголын бүх цэрэг армийн улаан буланг Д.Сүхбаатарын нэрэмжит болгож, мөн 
  • 1943 онд түүний нэрэмжит офицерын сургуулийг байгуулж, их дээд сургуулийн шилдэг суралцагчдад Д.Сүхбаатарын нэрэмжит тэтгэлэг олгодог болжээ.
  • 1945 оны 9 дүгээр сард төрийн хамгийн дээд шагнал Д.Сүхбаатарын одонг бий болгож, 
  • 1946 онд уран барималч С.Чоймболын гаргасан загвараар хөшөөг бүтээж 7 дугаар сарын 8-нд албан ёсоор хөшөөний нээлтийг хийжээ. 
  • 1947 онд одоогийн Батлан Хамгаалахын Их Сургуулийг Д.Сүхбаатарын нэрэмжит болгож,
  • Ардын хувьсгалын 26 жилийн ойгоор Алтанбулаг дахь түүний ажиллаж амьдарч байсан байшинд музейг нь байгуулжээ. 
  • 1948 онд Улсын хэвлэх үйлдвэр, Төв цахилгаан комбинат, Хужиртын халуун рашаан сувилал, 10 жилийн 2 дугаар сургуулийг тус тус түүний нэрэмжит болгож, 
  • 1953-1954 онд Засгийн газрын тусгай комисс Сүхбаатарын талбайд барьсан бунханд Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын шарилыг шилжүүлэн байршуулж тэдний дурсгалыг мөнхжүүлсэн байна. 
  • 1963 онд Монголын Ардын армийн 120 дугаар ангийг, 
  • 1968 онд Нийслэлийн гол гудамжийг Д.Сүхбаатарын нэрэмжит болгож, Монгол оронд “Сүхбаатарын зам”, “Сүхбаатарын туг” гэх мэт түүний нэрээр нэрлэгдсэн хөдөө аж ахуйн нэгдэл 10 гаруй байгуулагджээ.
Тэрбээр цэргийн эрдэмд гарамгай, шилдэг удирдагч, чадварлаг уран илтгэгч байсан гэлцдэг. Түүний хэлсэн үг эдүгээ хөшөөний суурин дээр байдгийг хэн бүхэн мэдэх билээ.
1921 оны ардын хувьсгалын их үйл хэргийг удирдан манлайлж, тусгаар тогтносон Монгол Улсыг цогцлооход чухал үүрэг гүйцэтгэсэн Д.Сүхбаатарын түүхэн гавьяа түүний үйл хэрэг, үзэл баримтлалыг хойч үе бид яагаад мартах учиргүй тухай, тусгаар тогтнол, тусгаар улс байхын үнэ цэнийг түүхэнд тодоор тамгалсан энэхүү түүхээс харж болох билээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна