Халдвартай хүнтэй нэг онгоцоор ирсэн иргэд халдваргүйг тогтоолоо

2020 оны 03 сарын 22

Covid-19 халдварт өвчний Монгол дахь нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр ээлжит мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "2020 оны гуравдугаар сарын 15 -нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 244 хүний шинжилгээ үндсэндээ хийгдэж дууслаа. Өнөөдөр 153 хүний шинжилгээний хариу гарсан бөгөөд коронавирус илрээгүй.

Энэ онгоцонд ирсэн хоёр хүнээс коронавирус илэрч байсан. Өмнө нь ойрын хавьтал болох 89 хүний шинжилгээний хариу сөрөг гарсныг мэдээлсэн.

Өчигдөр буюу гуравдугаар сарын 21-нд ХӨСҮТ болон бусад аймагт сэжигтэй тохиолдол илрээгүй сайн мэдээ байна.

21-ний хувьд 90 хүн ажиглалтад орсон мэдээ байна. Гуравдугаар сарын 20-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарсан.

Эмнэлэгт хэвтэж байгаа уушгины хатгаагаар өвдсөн хүмүүсээс санамсаргүй түүврийн аргаар шинжилгээ авсан. Энэ нь бидний дотор байна уу гэдгийг тандаж баталгаажуулах судалгаа. Тэдгээр хүмүүсээс шинжилгээ авахад коронавирус илрээгүй.   

Бид ирж байгаа онгоцыг хянахаас гадна дотор байгаа эмнэлгүүдээ тандаж хянаж байгаа. Өвчтөнүүдийн биеийн байдал сайжирч байгаа. Бидний эмчилгээ зөв байна. Хоёр өвчтөний биеийн байдал хүндэвтэр байсан нь өдөр ирэх тусам сайжирч байгаа сайн мэдээ өгье.

Заавал шинж тэмдэг илэрсэн үед нь биш лабораторийн шинжилгээгээр зарим тохиолдлыг баталгаажуулж илрүүлж байгаа гэдгийг та бүхэн мэднэ. Өнөөдөр сайхан мэдээ өгч байгаадаа баяртай байна" гэлээ. 

 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.