Банкууд хугацаагүй хадгаламжид хүү тооцохгүй


УИХ-аас 2020 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр баталсан Covid-19-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд 2021 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр нэмэлт, өөрчлөлт орж, мөн өдрөөс мөрдөж эхэлсэн.

Хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс банкууд хугацаагүй хадгаламж болон харилцах дансны үлдэгдэлд 2021 оны зургадугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд хүү тооцохгүй байх шийдвэрийг хэрэгжүүлж эхэлжээ.

Тодруулбал, банкны эх үүсвэрийн зардлыг бууруулах ажлын хүрээнд банкны харилцах дээр байгаа хугацаагүй хадгаламжид хүү тооцохгүй байх зохицуулалт хийх захиргааны арга хэмжээг авахаар тусгасан юм.

Уг хуулийн 10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Цар тахлын үед банкны хугацаагүй хадгаламж, харилцах дансанд хүү тооцохгүй, тусгай нөхцөлтэй хадгаламжид энгийн хадгаламжийн хүү тооцох бөгөөд Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4.1-д заасны дагуу Монголбанкнаас зөвшөөрөл олгосон болон 4.4-т зааснаас бусад тохиолдолд иргэн, хуулийн этгээд хоорондын мөнгөн төлбөрийн үүрэг, гүйлгээг гадаад валютаар гүйцэтгэхийг хориглоно" гэж заажээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна