Д.Нямхүү: Дархан-Уул аймагт тусгаарлан, шинжилгээ хийх боломжтой боллоо

2020 оны 03 сарын 29

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлж байна.

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл "Эрүүл мэндийн салбарынхандаа баярын мэнд хүргэе. Голомтод ажиллаж байгаа бүх эмч нар илүү цагийн цалингаа авч буй. Коронавирусийн өвчлөл 201 оронд бүртгэгдсэн. Ялангуяа АНУ-д эрчимтэй тархаж 24 минутад нэг хүн эндэж байна. Манай улсад нийт 12 тохиолдол зөөвөрлөгдөн орж ирсэн" гэж мэдэгдэв. 

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа "Гуравдугаар сарын 28-ны өдрийн байдлаар дэлхий даяар 575,400 тохиолдол бүртгэгдсэн. АНУ, Итали улс Хятад улсыг давсан бол Испани, Итали улсад нас баралтын тохиолдол нь Хятад улсаас 1-3 дахин их байгаа. БНХАУ-д дотоод халдвар гарахгүй байгаа ч импортлогдох тохиолдлоос сэргийлэх зорилгоор олон улсын нислэгүүдээ багасгаж байгаа юм. Маш олон хүн хөл хорио, тусгаарлалтанд байгаа энэ үед хүн бүр сэтгэлийн амар амгаланг мэдрэх хэрэгтэй. Өөрөө өөрийгөө эрсдэлээс хамгаалах хэрэгтэй" гэлээ. АНУ-д нас барсан хүний тоо 2000-д хүрсэн байна. Харин халдварын голомт болох БНХАУ-ын Хубэй мужийн хөл хориог зогсоож, төмөр зам, авто замыг нээсэн байна. БНСУ-д вирусийн халдвар авсан иргэдийн 50,8 хувь бүрэн эдгэрсэн бол тус улсын Тэгү хотод эмнэлгийн 121 ажилтан вирусийн халдвараар өвчилжээ. Тэд өвчтөнийг эмчлэх явцдаа халдвар авсан эсэх, ахуйн байдлаар авсан эсэхийг одоогийн байдлаар тодорхойгүй байна гэж тус улсын Өвчинд хяналт тавих төвөөс мэдээлсэн" гэв.

Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Нийгмийн сүлжээгээр бусдад танигдах гэсэн хүмүүс коронавирусийг зайнаас эмчилнэ, цахимаар эмчилнэ зэргээр худал мэдээлэл тарааж бидний ажилд хүндрэл учруулж байна" гэлээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Нийт 32 сэжигтэй хүнээс коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д 220 хүн тусгаарлагдан эмчлэгдэж байна. Дархан-Уул аймагт тусгаарлан, шинжилгээ хийх боломжтой боллоо" гэж мэдээлэл өглөө.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.