Өчигдөр халдварын 32 тохиолдол батлагдсаны 9 нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээний хүрээнд илэрлээ

С.Гандэлгэр
12 цаг 23 минутын өмнө

Эрүүл мэндийн яам Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх өнөөдөр (2021.02.24)-ийн ээлжит мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "ХӨСҮТ-ийн вирус судлалын лабораториуд, ЗӨСҮТ, НЭМҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Дорнод, Дорноговь, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол дүүргийн салбар лабораторид хоёрдугаар сарын 23-нд нийт 26508 сорьцод шинжилгээ хийхэд 32 хүнээс Сovid-19 илэрлээ. 

Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Бусад аймагт халдвар бүртгэгдээгүй. "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээний хүрээнд есөн хүнээс вирус илэрч, нийт 131 тохиолдол бүртгэгдсэн. Эдгээрээс 59 хүний анхны шинжилгээгээр вирус илэрсэн. Улаанбаатар хотод нийт 1914 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн.

Улсын хэмжээнд багц халдварын голомтод батлагдсан тохиолдол 2240 боллоо. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлгээс 67 хүн эдгэрч, гэртээ гарсан. Монгол Улсын хэмжээнд батлагдсан нийт тохиолдол 2755 болсон. Үүнээс 2070 буюу 75.1 хувь нь эмчлэгдэн эдгэрсэн байна.

ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт нийт 670 батлагдсан тохиолдол эмчлүүлж байна. Биеийн байдал маш хүнд нэг, хүнд долоо, хүндэвтэр 69, хөнгөн 593 хүн эмчлэгдэж байна. ХӨСҮТ-д 186 хүн эмчлүүлж байгаа бол Цэргийн төв эмнэлэгт 187 хүн эмчлүүлж байгаагаас хүнд хүн нэг бий. Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт 291 хүн эмчлүүлж байна" гэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна