Covid-19 халдварын шинэ тохиолдол дэлхий даяар сүүлийн 7 долоо хоногийн хугацаанд анх удаа өссөнийг ДЭМБ анхааруулав

С.Гандэлгэр
2021/03/02

Өнгөрсөн долоо хоногт дэлхий даяар коронавирусийн халдварын шинэ тохиолдол өмнөх долоо хоногоосоо нэмэгдсэн нь сүүлийн долоон долоо хоногийн хугацаанд гарсан анхны өсөлт болохыг ДЭМБ (Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага) өчигдөр анхаарууллаа.

“Хэрвээ бид боломж олговол вирус дахин идэвхжих аюултай байгааг энэ баримт харуулж байна” гэж ДЭМБ-ын Covid-19 хариуцсан захирал Мариа Ван Керхове өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.

ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус халдварын тоо өссөн нь “гайхах зүйл биш ч санаа зовоосон үзэгдэл" болохыг хэлээд дэлхийн улс орнуудад хорио цээрийн дэглэмээ үргэлжлүүлэн сахиулахыг уриалсан байна.

“Хэрвээ улс орнууд вакцинд хэт найдаж байгаа бол энэ нь том алдаа юм. Халдвараас сэргийлэх үндсэн арга хэмжээнүүд хэвээр мөрдөгдөх ёстой” гэж Гебрейесус анхааруулжээ.

Энэ оны нэгдүгээр сарын 4-нөөс эхэлсэн долоо хоногт дэлхий даяар таван сая гаруй халдварын тохиолдол шинээр нэмэгдэж байсан бол үүнээс хойш дараалан буурсаар хоёрдугаар сарын 15-наас эхэлсэн долоо хоногт 2.5 сая тохиолдол бүртгэгдсэн байна. Харин өнгөрсөн долоо хоногт 2.65 сая тохиолдол шинээр нэмэгдсэн нь өмнөх долоо хоногоосоо 6 хувиар өссөн үзүүлэлт болжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна