Д.Сарангэрэл: Бие биедээ амны хаалт зүүх шаардлага тавья

2020 оны 04 сарын 09

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл цаг агаар дулаарсан ч амны хаалтнаас салалгүй, гараа тогтмол угааж байхын чухлыг бие биедээ сануулж, шаардаж байхыг уриаллаа.

Тэрээр "Бид илүү хянуур, нямбай байхгүй бол шинэ төрлийн коронавирусийн бодит аюул бидэнд байна. Цаг агаар дулаарч, гадуур хөл хөдөлгөөн ихтэй байна. Иргэд гадуур амны хаалтгүй явж байгаа харагдаж байна. Амны хаалтнаасаа битгий салаач, гараа тогтмол угааж, олон хүнтэй газраар битгий яваач, монголчууд бид дахиад дөрөв, тавдугаар сард тэсэх хэрэгтэй байна. Эс бөгөөс том аюул болно. Бидэнд өнөөдрийг хүртэл эрсдэл байгаа учраас амны хаалт зүүх тухай бие биедээ шаардлага тавъя. Амны хаалт зүүгээгүй хүнд "хүү минь, найз минь  амны хаалтаа зүүгээч" гэж шаардъя. 

Өөрийгөө болон намайг, хайртай хүмүүсээ эрсдэлд оруулж байна гэдгийг хэлье. Өнөөдөр амны хаалт ямар чухал вэ гэдгийг дэлхий нийтээрээ ойлгож байна. Тайвшраад байгаа үр хүүхэд, найз нөхдөдөө дор бүрнээ шаардлага тавьж, өөрсдийгөө болон хайртай хүмүүсээ шинэ төрлийн коронавирусийн халдвараас хамгаалъя гэдгийг дахин хэлмээр байна" гээд ХӨСҮТ-ийн лабораторийн эрхлэгч Б. Дармаа доктороос Франц иргэнээс монгол иргэд яагаад халдвар авсангүй вэ гэхэд "Гуравдугаар сарын 2-нд монголчууд бүгдээрээ амны хаалтаа зүүдэг болсон байв. Түүний үр дүн гарлаа" гэж хэлсэн гэдгийг онцолжээ.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.