Доналд Трамп Цагаан ордноос явахаасаа өмнө нууцаар вакцин хийлгэжээ


АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп болон түүний эхнэр Меланиа Трамп нар Цагаан ордноос явахаасаа өмнө буюу нэгдүгээр сарын 6-нд covid-19-ийн эсрэг вакциныг нууцаар хийлгэсэн талаар тус улсын хэвлэлүүд мэдээлж байна.

Энэ талаар анх Трампын нэрээ нууцалсан зөвлөх ярьсан бөгөөд түүний хэлснээр экс Ерөнхийлөгч болон тэргүүн хатагтай нар эмчийн зөвлөмжийн дагуу вакцин хийлгэсэн гэнэ. Гэхдээ яг ямар төрлийн вакцин хийлгэснийг тэр хэлээгүй байна. Мөн яагаад Ерөнхийлөгч вакцин хийлгэснийг олон нийтээс нууцалсан нь одоогоор тодорхойгүй байгаа аж.

Тухайн үед “Moderna”, “Pfizer-BioNTech” компаниудын үйлдвэрлэсэн вакцинууд Хүнс, Эмийн Агнетлагаас яаралтай горимоор ашиглах зөвшөөрөл авсан байсан юм. Санал асуулгаас харахад бүгд найрамдахчуудын сонгогчдын дунд вакцинд үл итгэх байдал харьцангуй түгээмэл байдаг нь вакцинд зөвшөөрөл олгох үйл явцад саад болж байгаа талаар хэвлэлүүд мэдээлж байв.

Дональд Трамп, Меланиа нарын хувьд өнгөрсөн оны аравдугаар сарын 2-нд covid-19-ийн халдвар авч, Волтер Ридийн үндэсний цэргийн анагаах ухааны төвд гурван хоног хэвтэж, эмчлүүлээд гарсан юм. Тэрбээр моноклональ эсрэг биетийн эмчилгээ хийлгэсэн бөгөөд энэ эмчилгээ нь байгалийн дархлааны хариу урвалыг дууриасан хиймэл эсрэг биет үүсгэдэг юм байна.

Эх сурвалж: USA TODAY



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна