Баабар: Жийргэвч орны зовлон

2020 оны 05 сарын 11

1912 оны Орос-Монголын гэрээ, 1915 оны Гурван улсын гэрээнээс эхлээд Гадаад Монгол нь Орос Хятадыг заагалсан вакуумжсан жийргэвч бүс болсон юм. Энэ бүс 1921 оноос зөвхөн СССР-ийн мэдлийн колони улс болон тогтжээ. Газар нутаг нь цэрэг дайны бэлтгэл полигон, аж ахуй нь цэргийн хүнс хангах бааз. Энэхүү газар зүйн полигондоо зөвлөлтийн улаан арми 3 удаа ирж байралсан (1921-1924, 1936-1945, 1967-1990). Энэ хооронд цэргээ оруулж тооцоод нийтдээ нэг сая орчим зөвлөлтүүд Монголд урт богино хугацаагаар амьдарч байв гэсэн барагцаа тоо бий. 

Гадаад Монгол нь юутай ч албан ёсоор Хятадын бүгд найрамдах улсад хамаардаггийнх нь хувьд большевикууд эхэндээ Хятадад хувьсгалын түймэр тавих чүдэнзний хэмжээнд монголчуудыг авч үзэж байлаа.

Ялангуяа Хятадын иргэний дайны үед тэдний тодорхой хэсгийг дэмжихэд ашиглах хэрэглэгдэхүүн, зэвсэг техник нийлүүлэх гарц. Гэвч Хятадын төрийг албан ёсоор барьж байгаа гоминданчууд 1927 онд СССР-ийн эсрэг эргэсэн учир Дорнын их хувьсгалыг үүтгэх оч цучлын онол хойш тавигдсан юм. Ингээд нүүдэлчдийн дунд коммунизм байгуулж болох эсэх туршилтыг 1927-1932 онд Коминтерний удирдлагаар хийжээ.

“Ердөө 800 мянган хүн амтай бүдүүлэг нүүдэлчдийн хүн нь гэхээсээ газар нутаг нь илүү ач холбогдолтой юм. Малчдын энэ орныг капиталист бус замаар хөтлөнө” гэж Шмераль Москва руу бичиж байв. Балмад туршилт 5 жил үргэлжисний эцэст Монголын ард түмэн энэ туршилтын эсрэг босч, иргэний дайн дэгджээ.

Элдэв үзэл сурталгүйгээр Монголыг ердөө л СССР-ийн цэргийн полигон, цэргийн хоол хүнсний нөөц бааз гэж харсан хүн бол Сталин. Сталин бол үзэл сурталч гэхээсээ хатуу прагматик хүн. Тэрээр Монголын асуудлыг өөрийн гарт төвлөрүүлж энэ орны талаархи бүхий л шийдвэрийг ганц биеэрээ гаргах болов. 1932-1953 оны хооронд Сталиний Монголд явуулсан бүхий л бодлого нь Япон болоод Хятадын эсрэг хандсан цэрэг дайны зориулттай байлаа. Чухам ийм зорилгын үүднээс л Монголд их хядлага зохион байгуулж, цаашид Монголыг өөрийн нөлөөний цэргийн полигоноор үлдээхээр тэмцсэн.

Хаант Орос болон СССР нь 1912, 1915, 1924, 1936 онуудад Гадаад Монголыг Хятадын бүгд найрамдах улсын салшгүй сюзэрэн гэдгийг үргэлж хүлээн зөвшөөрч гэрээ тунхаглалаар баталгаажуулж байв. Дэлхийн II дайны гол ялагч гүрний хувьд Сталин өөрийнх нь бүрэн мэдэлд байдаг Гадаад Монголын одоо байгаа статус квог цаашид хадгалан үлдээхийг АНУ, Их Британиар хүлээн зөвшөөрүүлж чадсан билээ.

Америкчуудын тусламжаар хятадуудыг ятган зөвшөөрүүлж, дөнгөж дайны дараа БНМАУ-ыг тусгаар тогтносон улс болгон тунхагласан. Хоёр аварга хөрш дундаа асар том жийргэвч бүстэй боллоо. Эндээс хамгийн их хожсон нь үнэн хэрэгтээ хоёр хөрш гэхээсээ монголчууд юм. Жийргэвч бүс бол хэн нь эзэрхэх, эсвэл хэн нь ч үл халдах гэх мэт маргаантай бүс. Харин БНМАУ нь юутай ч өөрийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлж чадсан nation-state!

Хятадын төрийг Мао авснаар БНМАУ гадаад орчиндоо нэн тааламжтай нөхцөлтэй болов. Чухам энэ үед СССР нь Монголд эдийн засаг, аж ахуйн анхны тусламжаа үзүүлж эхэлсэн юм. Учир нь урьдын бүх “тусламж” нь цэрэг дайны болоод цэргийн хүнс болох мал аж ахуйн чиглэлтэй байв. Соёл, гэгээрэл, эрүүл мэндийн тусламж нь ердөө л хавсрага шинжтэй. Коммунист Хятад ч дундын жийргэвч бүсдээ байдгаараа туслан СССР –ээс дутахгүйг хичээж байв.

1960-аад онд коммунист ертөнцийг хэн нь толгойлох вэ гэсэн “онолын” маргаанаас үүдсэн зөрчил нь СССР, БНХАУ хоёрыг биенээ үзэшгүй дайсан болгов. Зөвлөлтийн цэргийн гол хүчин НАТО-ын гэхээсээ Хятадын эсрэг хуралдав. Жоу Эньлай Бээжинд Цэдэнбалтай уулзахдаа Монгол улс Зөвлөлт, Хятадын зөрчилд үл оролцон төвийг сахиж аль аль талаас нь эдийн засгийн тусламж авч байхыг санал болгоод үүнийгээ Хойд Солонгостой жишээлэв. Гэвч Цэдэнбал ямар ч эргэлзээгүйгээр СССР-ийг сонгож Хятадыг зөвлөлтүүдийн нэгэн адил өөрийн гол дайснаар зараллаа. Энэ нь тодорхой байсан, тэрээр эхнээсээ Москвагийн тавиул нэгэн. 

Зөвлөлтийн 80-100 мянган цэргийн бүрэлдэхүүнтэй том арми 1967 онд Монгол орж ирэн байралснаар Монголын эдийн засгийн амьдралд анх удаа томоохон өөрчлөлт гарлаа. 1971 оноос эхлээд 5 жил тутамд СССР-ээс БНМАУ 3 тэрбум шилжих рублийн зээл олгох боллоо. Энэ нь хуралдсаар 1990 он гэхэд 9,8 тэрбум шилжих рубль болжээ. Энэ бол асар их мөнгө!. Үүгээр Монгол улсын нүүр царай ихээхэн өөрчлөгдсөн юм.

1960-1990 оны хооронд СССР-т 16 мянган дээд мэргэжилтэн бэлджээ. Улаанбаатарт орон сууцны асар олон байр байшин ашиглалтад орсон. Эрдэнэтийн зэсийн баяжуулах үйлдвэр хавсрага хотынхоо хамт боссон. Гэвч тэр их зээлийн 60 гаруй хувь нь Монголын нүүдлийн хагас зэрлэг мал аж ахуйг додомдоход зориулагдсан нь энэ улс орон ард түмнийг СССР-ийн цэргийн хүнсний бэлтгэл хангамжийн газар гэж харж байсантай холбоотой. Брежнев намын их хуралд тавьсан илтгэлдээ СССР нь эдийн засгийн хувьд Өрнөдийн орнуудаас хамааралгүй, маш бага худалдаа хийдэг, гол солилцоогоо ах дүү социалист орнуудтай наймаалцдаг гээд үүндээ Монголыг махны импортын гол түнш гэж зарлаж байсан.

Гэвч гол түншээсээ авдаг мах нь зөвлөлтийн ард түмэнд хэзээ ч очиж байгаагүй, энэ бол зөвхөн цэргийн хүнсэнд зориулагддаг байлаа. Ихэнх нь консервлогдон хадгалагдана. Монголд байрлах зөвлөлтийн цэргийн хэрэгцээний махыг Улаанбаатарын мах комбинатаас авдаг. Монголд өөр мах комбинат байгуулахыг дэмжихгүй. Иймээс Монголыг тойрсон дөрвөн мах комбинат руу амьд мал тууварлан өөрснөө боловсруулж консервлодог.

Чухам иймээс л монголын нүүдлийн мал аж ахуйн өвс тэжээл, мал эмнэлэг, хашаа саравч, өвөлжөө, худаг усанд онцгой анхааран зээлийн мөнгийг тийш нь урсгадаг байв. Нүүдлийн мал дулаан байранд хүчит тэжээлээр хооллож, өвсөө зөөлгөж иддэггүй учир тэр их мөнгөөр буй болгосон тэжээлийн үйлдвэрүүд, буруу барьсан хашаа саравч, гол дагуулж ухсан үй олон худийг хувийн мал аж ахуй эрхлээд эхэлсэн малчдад хэрэг болохгүй учир огт ашиглаагүй. Элэгдээд тоногдоод дууссан даа. 

Монголд байрласан зөвлөлтийн олон арван мянган цэргийг дагаад маш олон офицер, цэргийн болон байгууламжийн мэргэжилтнүүд, тэдний гэр бүл үр хүүхэд ирж суурьшсан. Тэдний хангалтын систем асар том байх нь ойлгомжтой. Тэднийг ажил төрөлтэй байлгахын тулд олон байгууламж обьект баригдсан. Эдгээр байгууламжийн дийлэнх нь нээлттэй зах зээлийн тогтолцоонд огт хэрэгцээгүй болж дампуурчээ.

“Зөвлөлтийн зээл тусламжаар баригдаж байгаа шувуу фабрик нь тасралтгүй үр дүнтэй ажиллаа гэхэд 220 жилийн дараагаас үр ашигаа өгч эхлэхээр байна” хэмээн тухайн үед Гадаадтай эдийн засгаар харилцах улсын хороон дарга асан хожмын Ерөнхийлөгч П.Очирбат хэвлэлээр дамжуулан мэдэгдэж байсан. Зөвлөлтийн армийн үлдээж бэлэглэсэн гэх цэргийн ангийн барилга байгууламж Монгол орны энд тэндгүй хог болон хөглөрнө.

Эзгүй хээр очиж амьдрах хүн олдохгүй, тэгээд ч амьдардаг юм гэхэд өртөг нь дийлдэхгүй. Монгол голчлон түүхийн эдийн хавсарга орон хэвээр үлдсэн. БНМАУ-ын аж үйлдвэрийн эдийн засгийн үр ашиг бүхэлдээ доогуур байсан. Аж үйлдвэрийн буй болсон хүчин чадлыг олигтой бүрэн, үр ашигтай ашиглахгүй байсан. Олон үйлдвэрийн газрын бүтээгдэхүүний чанар муу байсан... Үйлдвэрлэлийн болон хөдөлмөрийн сахилгыг зөрчих, аж ахуйч биш ажиллах явдал өч төчнөөнөөрөө гарч байсан энэ тэрийг бүр зөвлөлтийн судлаачид ч хүлээн зөвшөөрдөг. Өөрөөр хэлбэл, социализм байгуулсан 70 жил, зөвлөлтийн “тусламж”, ЭЗХТЗ дэх Монголын гишүүнчлэл энэ тэр нь энэ орныг хоцрогдлоос гаргасангүй.[i]

1980-аад онд Монголд ажиллаж байсан зөвлөлтийн мэрэгжилтнүүд цайлган сэтгэлээр гайхацгааж байсан: энэ оронд 60 жилийн өмнө хувьсгал болсон юм бол яагаад ийм хоцрогдмол байна? Тухайн үеийн дундач зөвлөлт хүний ойлголтоор аль ч улс орон социализм байгуулаад л унавал үсрэнгүй хөгждөг гэж боддог байсан болохоор ингэтлээ гайхдаг нь аргагүй юм. Үнэхээр ч, Монгол 60 жилийн социалист байгуулалтын дараа хөгжлийн төвшингээрээ ч, амьдралын төвшингээрээ ч манай гаригийн Чад, Мали, Хаити зэрэг хамгийн хоцрогдсон улсаас яльгүй дээр, жишээ нь, Свазиленд, Парагвай, улигт Хондурас энэ тэрээс доогуур байв.[ii]

Оросын түүхч Е.Трифанов ХХ зууны Монголын тухай Монголия: Нелюбимая колония (монгол орчуулга нь “Аз жаргалтай улсын” адармаатай замнал) бүтээлдээ Монголыг СССР-ийн шоовдор колони байсан гээд бичсэн нь:

Монгол нь Зөвлөлтийн колони байсан тухайд эргэлзээ байх ёсгүй: СССР-ийн энэ орны тухайд явуулсан нийгэм, эдийн засаг, цэрэг, дипломат, соёлын бүх бодлого Их Британи, Франц, Бельги, Голланд энэ тэрийн колони орондоо явуулж байсан бодлогоос ялгарах юм тун бага. Гэхдээ нэг ялгаа, зүгээр ч үгүй маш чухал ялгаа байсан: колони орнуудынхаа үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний дарамт, эзэн орнууд дахь колонийн эсрэг хүчний өсөн нэмэгдэж ирсэн нөлөө, колони орнуудад ажиллаж байсан компаниудын эдийн засгийн өөрчлөгдсөн сонирхол энэ тэрийн улмаас Европын гүрнүүдийн колонийн дарлал байнга суларч ирсэн.

СССР-ийн колони орнуудынхаа хувьд– тэдгээрт Монголын зэрэгцээ БНАГУ, Польш, Чехословак, Унгар, Болгар багтана – явуулдаг нийгэм, эдийн засгийн бодлого туйлаас тогтвортой хөшингө, хэдэн арван жилийн туршид огт өөрчлөгдөөгүй. СССР-ийн бусад колонитой харьцуулбал Монгол хамгийн шоовдор, хамгийн тоогддоггүй колони нь байсан: “энэ улс маниас холдоод хаа хүрэх юм бэ?” гэх маягтай. Жишээ нь, Их Британи өөрийн колони Сомалитай тэгэж харилцаж байсан. Энэтхэг юм уу Өмнөд Африк хайртай колони нь байсан бол Сомали нь хамгийн шоовдор колони нь. Эсвэл Франц Чад-даа тэгж хандана. Бодлого нь “энэ улс онцын хэрэг байхгүй, гэвч үүнийг хааш нь хийлтэй нь билээ?!”[iii]

Харин харилцан худалдааны хувьд зөвлөлтүүд маш хатуу. Зээлдүүлсэн мөнгөөрөө өөрснөө оролцон барьж буй барилга байгууламжийн тооцооны үнэ хаана ч байхгүй өндөр. Энэ талаар маш их тоо баримт үлджээ. Модон жорлонгийн өртөг 6 мянган төгрөгөөр тооцогдон бичигддэг байсан нь багшийн жилийн цалинтай тэнцэж байна гэсэн үг. СССР-т нийлүүлдэг Монголын экспортын барааг бууруулсан үнээр авч, зөвлөлтийн экспортыг өсгөсөн үнээр худалдана. Жишээ нь, Улаанбаатар ноолуураа зөвхөн хорин хувийг бусад оронд экспортлох эрхтэй, 80%-ийг нь СССР-т нийлүүлэх ёстой байв.

“Монгол нэг тонн ноолуурын үнэнд СССР-ээс 17000 рубль, Унгараас 36000 рубль, Японоос 85000 доллар авдаг байсан бол Англи 90000 доллар төлөхөд бэлэн байжээ.[iv] Зөвлөлтийн байгууллагуудын Монголд худалдаж авдаг махны үнэ (энэ нь Монголын экспортын үндэс байсан) СССР дэх махны үнээс гурав дахин доогуур байсан. Тухайн үед монгол сэхээтний дунд “монгол хонь хойд хилээр майлсаар хөлөөрөө гараад удаж удаж хаймран хонь болоод эргэж ирдэг” гэсэн шог яриа тархсан байв. 1991 он хүртэл Монгол, СССР хоёрын худалдааны тэнцлээр Монгол алдагдалтай байсан нь зөвлөлтийн талын тулгасан худалдааны тэгш бус нөхцлөөс үүдэлтэй.

Эрдэнэтийн зэс молибдиний баяжуулах үйлдвэр ашиглалтад орохоор Монголын баялаг гурав дахин нэмэгдэнэ гэж сурталчилж байсан боловч яг ашиглалтад оронгуут Монгол нэмж өрөнд орж эхэлсэн. Уг үйлдвэрийг нэг тэрбум шилжих рублийн өртгөөр босгосны 500 саяыг нь Монголын тал хожим бүтээгдэхүүнээрээ төлөхөөр тохирчээ. Гэтэл байгаль ус болон ашиглалтын татвар огт төлдөггүйн дээр бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлийн үнээс хэд дахин багаар СССР худалдан авдагаас болж Монгол улс нэмж өрөнд орон, улсын төсвөөс жилд 40-50 сая төгрөг алдангид төлөх болжээ. Энэ байдал 1991 он хүртэл үргэлжилсэн.

Монгол улсыг СССР-ээс гадуур худалдаа хийхийг зөвлөлтүүд зөвшөөрдөггүй байлаа. Нийт гадаад худалдааны 92 хувь нь СССР-т, 6 хувь нь ах дүү гэгдэх бусад коммунист орнуудад ноогдоно. Тун багаар коммунист бус оронтой хааяа хийх худалдаа нь бөөн драм болдог байв. Баруун Германтай хийх бугын эврийн наймаа, Австритай хийх өлөн гэдэсний наймаа зэрэг нь тун өчүүхэн чөлөөт валютийн нөөц бүрдүүлнэ. 

Ерөөсөө Монголын гадаад оронтой тогтоох худалдаа байтугай дипломат харилцааг Кремль таашаадаггүй байлаа. Никсон Хятадад айлчилсны дараа Японы Ерөнхий сайд Танака Азид идэвхижсэний хүчинд Япон улстай, Брандтын “Оштполитик”-ийн хүчээр Холбооны Германтай дипломат харилцаа тогтоож чадсан нь азтай учрал юм. АНУ-тай дипломат харилцаа тогтоох гэж монголчууд 1947 оноос хөөцөлдсөн боловч Кремль зөвшөөрөхгүй явсаар дөнгөж 1988 онд мөрөөдлөө биелүүлжээ. Цэдэнбал Монголын төрийг 32 жил толгойлохдоо коммунист биш Энэтхэг, Иран хоёрт тус бүр нэг удаа айлчилж дөнгөжээ.

Өөр газар очих бололцоог түүнд зөвшөөрдөггүй байсан байх. Харин хөрөнгөтний коммунист намууд болон Ази Африкийн “дэвшилтэт” намуудтай харилцаа тогтоохыг зөвшөөрч Москвагаас жилд 400 мянган америк доллар шилжүүлдэг байлаа. Энэ мөнгөөр Франц, Италийн коммунист намын хандив цуглуулах наадамд төлөөлөгчдөө явуулан бэлэг сэлт өгөх, МАХН-ын их хуралд Ази Африкийн “социалист баримжаатай” намуудын төлөөлөгчдийг урьж зардлыг нь даах зэрэг арга хэмжээ авдаг байсаан. 

Баабар

2020.5.10

 

Сэтгэгдэл (9)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 05 сарын 26
70.93.178.224
bi engiin irgen

Baabar geech nuhriin tolgoi yaj ergeheer ingej tuuh guivuuldiim bol chi ter ued amidarch bsan uu yum unshihaaraa buruu harj unshdim uu ene hun zoriud sanaataigaar tuuh guivuuldag bh hudal material burduulj tetgever togtoolgoson ih hudalch deerees .........

2020 оны 05 сарын 26
70.93.178.224
bi engiin negen

bi tuuh medehgui ch oros zuvlult uls bidebd yaj handaj yuu hiij ugch bsnig gerchleh ter ued anidarsan nastan bn ene baabar gegch nuhur udaa daraa tuuhiig guivuulasan zuil bichij bh yum jinhene gujaa yum bishuu oros bidnii tusgaar togtnolig delhii dahind zuvshuuruuleh gej yamar huch charmailt gargasnig yaj ingej uguisgej chadaj bna amerikiin huch nuluuguur hyatad zuvshuursun ch geh shig ene hun er ni eruul yum uu anerik chin erdenet shig uildver, hot bguulj uguv uu soyol bolovsrol eruuliig hamgaalah uildverjiltend oros yaj tuslaj bsnig yaj bidniig orchin ueiin uls gurnuudtei mur zeregtssen oro

2020 оны 05 сарын 11
202.70.34.70
иргэн

Нээг их зовлонсоод байх ч юм байхгүй дээ, чам шиг нь оюутолгой шигээс хулгай шааачихаа больчихвол л болчих юм байгаан, уул нь

2020 оны 05 сарын 11
202.131.245.154
Гэрэл

Түүх руу их нулимах юм даа. Хятадын талыг баримтлагч хүний их үзэн ядалт гэвэл үнэнд илүү ойртох байх түүнээс түүхийх ингэж хэт гуйвуулж болохгүй. ямар ч гэсэн НҮБ-ын гишүүн тусгаар тогтносон Монгол улс их хөгжил дэвшлийнхээ зам дээр явж байна.Чам шиг юмнууд хичнээн ч хорсоод одоо ямарч нэмэргүй .Зогсоож чадахгүй .

2020 оны 05 сарын 11
202.179.26.167
зочин

Баабар гуай өнгөрсөн түүхийг сөхөж өөрт ашигтайгаар тайлбарлахын, түүх бол түүх, хэн ч юу ч яриад түүхээр үлдэнэ. Та зүгээр далд санаагаа мөнгө өгч угждаг эзнийхээ санаархлаар ирээдүй хойч үеийг мин хордуулах хэрэггүй. Тухайн үеийн удирдагчидийг шүүх эрх чамд байхгүй, санаа гэж бүр илжиг шиг л байхын.

2020 оны 05 сарын 11
202.126.89.41
1111

хойд солонгос хилээрээ хятадтай. монгол хилээрээ оростой илүү их хамааралтай. бас хамгаалж чадна гэдгээ 1939 онд харуулчихсан юм ийм үед гаргалгааг чам шиг уйлагнасан хулчгар өссөн бацаан шиг амьтан гаргадагүй байсан нь монголчуудын зол.

2020 оны 05 сарын 11
66.181.161.111
Зочин

Одоо бүр зөнөг залгаж дээ. Элдэв юм санаанаасаа зохиож бурхаа больж үз.Тэтгэврээ аваад амар жимэр мод тариад суух нь хойд насанд чинь хэрэгтэй.Хүн амьтны доог болж дууслаа.Өвгөн Баабар гуай.

2020 оны 05 сарын 11
202.126.89.41
1111

оюу толгой ч ялгаагүй одоогийн байдлаар өрөнд оруулж байна. эрдэнэт үйлдвэр дагасан хот болсон. оюу толгой хэдэн kемп буюу түр барилгатай. эрдэнэтийг уурхайг муу ч сайн ч бүртгэлтэй ухдаг бас ч гэж гаргасан юм дээрээ ядаж илүү дутаагаа мэддэг байсан. оюу толгойг яаж ухаж юу авч байгааг та бид мэдэхгүй ийм л байна бүү бур.

2020 оны 05 сарын 11
202.126.89.41
1111

чи наад улиг болсон юмаа хэдэн жил хэдэн янзаар бичдэгийм дээ баабараа. эхэндээ бас ч гэж сонирхолтой санагддаг байлаа. бас итгэдэг байлаа. бид улам дордох байдалд хүрээд байна. гэвч санаа зоволтгүй ээ. яг хэрэгтэй үедээ яг хэрэгтэй аргыг олж чаддаг ухаан, эр зоригтой хөвгүүдээрээ хэзээ ч дутаж байгаагүй юм энэ хөх монгол. жийргэвч гэх шиг. энэ ертөнцийн юм бүхэн утга учиртай хэлхээ холбоотой хэм хэмжээ хэв хэлбэр хил хязгаартай . чи багадаа дутуу гуцуу байхын зовлонг их үзсэн тэгээд дандаа улиглаж чамлаж өссөн байхаа.\n