Офицер, ахлагч нарын ёс суртахуун, сэтгэл зүйн бэлтгэлийг ШАЛГАНА


Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг төрлийн цэргийн командлал, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын захирагч нартай цахим уулзалт хийжээ. Энэ үеэр  Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын захирагч нарт бие бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэх чадвар, харилцаа, хандлага, цэргийн алба, сахилга хариуцлага, ёс зүйн хүрээнд дагнан ярилцаж, тодорхой хугацаатай үүрэг даалгавруудыг өгсөн байна.

Хошууч генерал Д.Ганзориг  “Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойгоо бид цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан олон бүтээлч ажил өрнүүлж, Зэвсэгт хүчнийхээ түүхэн гавьяа, дайчин замналын талаар олон нийтэд алдаршуулах чиглэлээр тодорхой ажлуудыг явуулсан. Харамсалтай нь, 100 жилийнхээ дараагаар Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр ирсэн идэр сайхан байлдагчийг бид зүй бусаар алдлаа. Ийм асуудал яагаад гарах болов. Яагаад гэхээр Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын захирагч нар алба хаагчидтайгаа тулж ажиллахгүй байгаагийн жишээ. Ялангуяа, хугацаат цэргийн алба хаагчидтай ажилладаг салаа, салбарын захирагч нартайгаа ярилцахгүй, сургахгүй, хөгжүүлэхгүй байна гэж харагдаж байна. Байнгын бүрэлдэхүүнтэй анги ч гэсэн ялгаагүй. Хоёрдугаарт,  бүхэн хэвшмэл болсон сургалтын тогтолцоондоо өөрчлөлт оруул. Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, төрлийн цэргийн командлалуудаас цэргийн алба, сахилга хариуцлага, хөдөлмөрийн аюулгүй байдал, ёс зүйн чиглэлээр хангалттай дүрэм, журам, заавар, үүрэг даалгаврыг өгч ирсэн ч энэ нь нэгтгэл, анги дээрээ очоод хадгалагдах бичиг баримт болж байгааг сүүлийн гарсан асуудлаас харж болохоор байна. Саяхан Зэвсэгт хүчний бүх алба хаагчдаасаа социологийн судалгаа авлаа. Судалгааны дүнг харахад ярилцмаар олон асуудал хөндөгдсөн байна. Өнөө маргаашгүй төрлийн цэргийн командлал, нэгтгэл, ангиуд руу судалгааны дүнг явуулна. Батлан хамгаалахын сайдын тушаалын дагуу цэргийн алба хаагчдаас энэ сарын 20-ны өдрөөс эхлэн түвшин тогтоох шалгалт явуулна. Шалгалтаар офицер, ахлагчийн мэдлэг, мэргэжлийн ур чадвар, ёс суртахуун, сэтгэл зүйн бэлтгэл, ажил үүргийн гүйцэтгэлт олон талыг багтааж авна. Хэрэв нэгдсэн дүнгээрээ тааруу дүн авбал тухайн ангийн бэлэн байдал, үүрэг гүйцэтгэл, цэргийн алба, сахилга хариуцлага сул байна гэсэн үг. Мэдээж хариуцлага ч давхар яригдана” гэдгийг онцоллоо.

Удахгүй Улаанбаатар цэргийн хүрээний ангиудад Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалахын бодлогын зөвлөх Л.Болдоор ахлуулсан Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хилийн цэргийн ерөнхий газар, Дотоодын цэргийн штаб, Хүний эрхийн үндэсний комиссын төлөөллийг оролцуулсан Ажлын хэсэг ажиллах юм байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна