“Алтай констракшн”-ны Х.Бат-Эрдэнийг Интерполын цэнхэр буланд эрэн сурвалжилж  байна

2020 оны 05 сарын 19

Хөгжлийн банкнаас шаардлага хангахгүй үзүүлэлттэй аж ахуйн нэгждээ зээл авчихаад төлөлгүй хил давж зугтсан “Алтай констракшн” компанийн захирал Хадбаасангийн Бат-Эрдэнийг олохын тулд хууль сахиулагчид Интерполд ханджээ. Түүний хамаарал бүхий хүмүүсийн үүсгэн байгуулсан“Монгол драй милк” компани Монголыг хуурай сүүгээр бүрэн хангаж, гадаадын улсуудад бүтээгдэхүүнээ худалдана хэмээн төсөл бичиж, Хөгжлийн банкнаас 15 сая ам.доллар буюу 47 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг.

Тус компанийн дийлэнх хувийг “Алтай констракшн” ХХК-ийн ерөнхий захирал, Монгол Улсын манлай уяач Х.Бат-Эрдэнэ эзэмшдэг юм. Гэхдээ дээрх банкнаас зээл авахдаа төрсөн ах Х.Батбаасангийн нэр дээр уг компанийн хувьцааг бүгдийг нь шилжүүлсэн. Улмаар Э.Эрдэнэбилэг гэх залуугийн нэр дээр дахин бүх хувьцааг нь шилжүүлэн өгсөн нь тодорхой болсон юм. Тийм атлаа Хөгжлийн банкинд барьцаалсан хөрөнгө нь бүгд “Алтай констракшн” болон тэдний хамаарал бүхий аж ахуйн нэгжийнх байдаг. Гэвч Хөгжлийн банкинд барьцаалсан Х.Бат-Эрдэнийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө нь 47 тэрбум төгрөгийнхөө 10 хувьд ч хүрэхгүй үнийн дүнтэй аж.

Тиймээс “Монгол драй милк” компанийн удирдлагад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Уг хэргийг шийдвэрлэхийн тулд “Алтай констракшн” ХХК-ийн ерөнхий захирал Х.Бат-Эрдэнээс зайлшгүй тайлбар, мэдүүлэг авах ёстой болсон учраас Интерполд хандсан юм байна. Интерпол цахим хуудасныхаа цэнхэр буланд түүний талаарх мэдээллийг оруулсан бөгөөд хаана байгаа нь тодорхойгүй хүнийг олохын тулд уг хэсэгт багтаадаг гэнэ. Зарим хүний дунд Х.Бат-Эрдэнэ, Т.Бадамжунай нар нэг арал дээр амьдарч буй гэсэн ам дамжсан яриа бий. “Алтай констракшн” компанийн захирал Х.Бат-Эрдэнэ зугтсанаас болж мөрдөн шалгах ажиллагаа удааширч, банкны хүү алданги өсөх, барьцаанд буй эд хөрөнгө үнэгүйдэх зэргээр төрд асар их хохирол учрах магадлалтай байгаа аж. 

 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.