Ц.Ганзориг: "Галын шугам"-д ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг түрээслэх хэлбэрээр орон сууцжуулна

2020 оны 05 сарын 20

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр өглөө 08:00 цагт хуралдаж, 20 гаруй асуудлыг хэлэлцэх юм. Хуралдаанаас гарсан онцлох шийдвэрийн талаар Засгийн газрын ХМХХ-ийн дарга Ц.Ганзориг мэдээлэл хүргэлээ. 

Засгийн газрын ХМХХ-ийн дарга Ц.Ганзориг "Онцлох мэдээллийг хүргэе. Төрийн үйлчилгээний болон Төрийн тусгай албан хаагчдын түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцанд хамруулах тогтоолын төслийг Засгийн газар баталлаа.

Өөрөөр хэлбэл, галын шугаман дээр буюу цар тахлын үед өндөр ачаалалтай ажиллаж байгаа эмч, сувилагч, цагдаа, мэргэжлийн хяналтын ерөнхий газар, хил, гааль гээд орон сууцны шаардлагатай эрсдэлтэй нөхцөлд өндөр ачаалалтайгаар ажиллаж байгаа төрийн үйлчилгээний болон тусгай алба хаагчдаа орон сууцанд хамруулах юм. Эхний ээлжинд түрээслэх хэлбэрээр түрээслэж байгаад дараа нь өөрийн орон сууц болгож өмчлөх хэлбэрээр уг хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

Эхний ээлжинд 1300-1500 өрхийг орон сууцанд оруулах боломжтой гэж тооцоолж байна. Зах зээл дээр бэлэн байгаа ашиглалтанд орсон орон сууцнаас орлогод нийцсэн хэлбэрээр нээлттэй сонгон шалгаруулалтаар төрийн болон төрийн тусгай албан хаагчид хамрагдах бүрэн боломжтой.

Өнөөдрийн байдлаар НОСК-аас түрээсийн орон сууцны хөтөлбөрийн хүрээнд 3000 гаруй айл өрхийг орон сууцтай болгосон" гэлээ. 

Мөн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар, цар тахалтай тэмцэж байгаа нөхцөл байдал, арга хэмжээний хэрэгжилтийн асуудлаар хэлэлцжээ. Энэ асуудлаарх УОК-ын өргөтгөсөн хуралдаан даваа гарагийн 11 цагт товлосон бөгөөд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцохоор болсон байна.

Тус хуралдаанаар цар тахлын үед Монгол Улсын нийгэм, эдийн засгийг дэмжих, иргэдийн ажлын байр, орлого, эрүүл мэндийн хамгаалах чиглэлээр өнгөрсөн хугацаанд гаргасан шийдвэр, үүрэг даалгаврын хэрэгжилтийг дүгнэх аж. 

 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.