Б.Янжмаа: БНСУ-д шөнийн клубээс үүдэлтэй халдварын тохиолдол 197 болсон

2020 оны 05 сарын 21

Дэлхийн улс орнууд дахь коронавируст халдварын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлж байна.

Энэ талаар ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа "Дэлхийн хэмжээнд батлагдсан халдварын тоогоор АНУ, ОХУ, Бразил улсууд тэргүүлсэн хэвээр байна. ДЭМБ-аас өчигдөр хийсэн ээлжит хэвлэлийн хурлын үеэр сүүлийн 24 цагт 106,000 гаруй хүн шинээр халдвар авсныг зарлаж, энэ нь халдвар анх гарснаас хойших хамгийн өндөр үзүүлэлт болохыг мэдээлсэн. Дээрх халдварын гуравны хоёр нь АНУ, ОХУ, Бразил, БНЭУ-д бүртгэгдсэн байна. Тэгвэл ОХУ-д 8,764 шинэ халдвар бүртгэгдсэн ОХУ-д нийт халдварын тоо 308,705-д хүрсэн байна. Тус улсад тавдугаар сарын 2-ны өдрөөс хойш шинэ халдварын тохиолдол тасралтгүй өсөж, хоногт дунджаар 10,000 гаруй шинэ халдвар бүртгэгдэж байсан бол энэ долоо хоногоос халдварын тоо тогтворжиж байгааг мэдээлжээ.

Харин сүүлийн үед БНСУ-д халдварын шинэ тохиолдол өдөр тутам 30-аас дээш бүртгэгдэж байгаа. Тус улсад сүүлийн 24 цагийн хугацаанд 12 шинэ тохиолдол, нэг нас баралт бүртгэгдсэн. Шинэ тохиолдлын 10 нь дотоодын халдвар байгаа бол хоёр нь гадаадаас зөөвөрлөгдсөн байна. 

Шөнийн клубээс үүдэлтэй халдварын тохиолдол 197 болсон бол "Самсунг медикал" эмнэлгийн дөрвөн сувилагч хаанаас халдвар авсныг хараахан тогтоож чадаагүй байгаа юм. Түүнчлэн коронавирусийн халдвартай хүмүүсийн ойрын хавьтал болсон 1,200 гаруй хүнийг шинжилгээнд хамруулах ажил зохион байгуулж байгаа.

Мөн БНХАУ-д Лхагва гарагийн байдлаар хоёр шинэ тохиолдол бүртгэгдсэний нэг нь дотоодын, нөгөө нь гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол бүртгэгдсэн" гэсэн мэдээллийг өглөө.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.