Ухань хотод зэрлэг амьтны мах хүнсэндээ хэрэглэхийг хоригложээ

2020 оны 05 сарын 22

БНХАУ-ын Ухань хотын эрх баригчид зэрлэг амьтдын махыг хүнсэнд хэрэглэх, агнах, хууль бусаар тэжээх, худалдахыг хориглолоо гэж тус хотын захиргааны мэдэгдэлд дурджээ. Энэхүү хоригт улсын тусгай хамгаалалттай төрөл зүйлийн жагсаалтад багтсан, эдийн засгийн болон шинжлэх ухааны ач холбогдолтой амьтдыг оруулаад хуурай газрын бүх амьтан хамаарах аж. Мөн хүний тэжээсэн зэрлэг амьтдад ч хамаатай гэнэ.

Харин шинжлэх ухааны судалгаа явуулах, популяцыг зохицуулах, гоц халдварт өвчний эх үүсвэрийг судлах, хянах ажлын хүрээнд тусгай зөвшөөрлийн дагуу агнахыг зөвшөөрнө. Хэрэв ховор төрөл зүйлийг хамгаалах зорилгоор зэрлэг амьтдыг тэжээж үржүүлэх шаардлагатай болбол эрх бүхий байгууллагаас зохих зөвшөөрөл авах ёстой байна. Тэгвэл тус хотын эрх баригчид өмнө нь олгосон бүх зөвшөөрлийг нэн даруй цуцалж, хүчингүй болгоно гэж мэдэгдэлд тэмдэглэжээ. Уханийн эрх баригчдын хориг таван жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд лхагва гаргаас хүчин төгөлдөр болсон байна.

Өнөөдрийн байдлаар тус улсад шинээр дөрвөн тохиолдол илэрч, нийт батлагдсан тохиолдлын тоо 82971 болсон байна. Уг халдварт өвчний улмаас 4634 хүн нас барсан бол 78,255 өвчтөн бүрэн эдгэрч, гэртээ харьжээ.

Эх сурвалж: Xinhua

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.