Б.Янжмаа: Испани, Итали, Франц улсуудад нас баралт өдрөөс өдөрт буурч байна

2020 оны 05 сарын 22

Дэлхийн улс орнууд дахь коронавируст халдварын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлж байна.

ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа "Дэлхийн хэмжээнд халдвар хамгийн өндөр бүртгэгдсэн улс орнуудад АНУ, ОХУ, Бразил, Их Британи, Итали, Испани, Франц, Герман, Турк, Украйн улсууд багтаж байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд АНУ-д шинээр 22000 тохиолдол илэрч, 1400 орчим нас баралт нэмж бүртгэгдсэн бол ОХУ-д 8800 гаруй шинэ тохиолдол илэрч, нийт батлагдсан тохиолдлын тоо 317 544 болтлоо өссөн байна. 

Бразил улсад 18500 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, 108 нас баралт бүртгэгдсэн бол тус улсад нийт 310 гаруй иргэн халдвар авсан байна. 

Европ тивд халдвар тархалт хамгийн өндөр байсан Испани, Итали, Франц улсуудад нас баралт өдрөөс өдөрт буурч байгаа юм. Өчигдөр Франц улсад нас баралт 83, Испанид 48, Италд 156 тус тус бүртгэгдсэн байна. Түүнчлэн Франц улсад эрчимт эмчилгээнд 1745 хүн байна гэж мэдээлсэн. Харин Итали улсад шинээр бүртгэгдэж байгаа халдварын тохиолдол дунджаар 600 гаруй байгаа бол одоогийн байдлаар 60 мянга гаруй хүн коронавирусийн идэвхтэй халдвартай байна гэж тус улсын Иргэнийг хамгаалах газраас мэдэгдсэн. Номхон далайн баруун бүс Япон улсад өчигдрийн байдлаар Осака, Киота, Хоёга мужуудад онц байдлыг цуцалсан байна. Дээрх мужуудад 100 мянган хүн амд ногдох шинэ коронавиурсийн халдварын тохиолдол 0.5-аас бага болж буурсан бөгөөд мөн тэдгээр бүс нутгуудад нэн шаардлагатай эмнэлгийн хэрэгслийн хангамж, нөөцийг бүрдүүлж чадсан гэж үзсэн учраас онц байдлаа цуцалсан. Токио болон түүний зэргэлдээ бүс нутаг, Канагавад дээрх үзүүлэлтүүд хараахан хангагдаагүй байгаа тул зэргэлдээх таван мужид онц байдлыг хэвээр үлдээсэн байна" гэв.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.