Замын-Үүд боомтоор нэвтрэх хөдөлгөөн нэмэгдэж байна


Монгол Улсад ковид 19 халдварын тархалт нэмэгдсэнтэй холбогдуулан Замын-Үүд автозамын боомтоос Эрээн рүү  нэвтрэх тээврийн хэрэгслийн нэг талын хөдөлгөөнийг 2021 оны гуравдугаар сарын 23-ны өдрөөс түр хугацаагаар зогсоогоод байсан билээ.

Хятадын тал гаалийн хяналтын бүсэд ажиллаж байгаа ажилтнуудаа вакцинжуулах, боомтын ариутгал халдваргүйжүүлэлтийн систем, хяналтыг сайжруулах зэрэг арга хэмжээ авч, хоёр талын хооронд цар тахлын тархалт, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар мэдээлэл солилцох сувгийг нээснээр дөрөвдүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн өдөрт 20 автомашин, мөн сарын 10-ны өдрөөс 50 автомашин, 15-ны өдрөөс 100 автомашиныг нэвтрүүлэх байдлаар тоог нэмэгдүүлэн ажиллаж байна.

Дээрх хугацаанд Монгол Улс руу нэвтрэх тээврийн хэрэгслийн хөдөлгөөн тасралтгүй явагдаж байсан. Одоо Эрээн боомтоос Монгол Улс руу чиглэсэн урсгал чөлөөтэй болж, Монгол Улсаас орж ирсэн тээврийн хэрэгсэлд аль болох түргэн хугацаанд ачилт хийж иргэд, аж ахуйн нэгжийн ачааг шуурхай тээвэрлэж эхэлснээр хэсэг хугацаанд нэмэгдээд байсан тээвэрлэлтийн үнэ ч буурах хандлага ажиглагдаж байна.

Цаашид халдвар хамгааллын дэглэмийг хоёр талдаа чанд сахиж, халдваргүйжүүлэх ажлын далайцыг  нэмэгдүүлэх замаар Замын-Үүд-Эрээн хооронд зорчих тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлж, цар тахлын үед экспорт, импортыг хэвийн явуулахад БНХАУ-д суугаа ДТГ-ууд болон орон нутгийн зүгээс анхааран Хятадын талтай яриа хэлэлцээ хийж, хамтран ажиллаж байна.

Өнгөрсөн онд Эрээн-Замын-Үүд боомтын нийт бараа эргэлт 19 сая тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 3,5 хувийн өсөлттэй гарсан байна. БНХАУ-ын ӨМӨЗО-ны 18 боомтоос цар тахлын үед зөвхөн Эрээний боомтын бараа эргэлт өссөн үзүүлэлттэй гарчээ. 2021 оны эхний улирлын байдлаар Эрээн-Замын-Үүд боомтын нийт бараа эргэлт өмнөх оны мөн үетэй харьцуулахад хоёр хувийн өсөлттэй гарсан нь цар тахлын үед хоёр талын холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүн болж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна